Зэвт сумны анхдугаар тэмцээн эхэллээ

Сурын төв талбайд Монголын уламжлалт сурын холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн явагдаж байна.

Анхны улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. Монголын сур харваа 2000 гаруй жилийн түүхтэй. Харин Монголын уламжлалт сурын холбоо 2009 онд байгуулагдаж монголчуудын уламжлалт зэвт харвааг системтэй хөгжүүлэх сурталчлан таниулах талаар ажиллаж байна.

Тус холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний уламжлалт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээнүүдэд оролцож өөрсдийн зэвт сумны харвааг сурталчилж олон улсын тэмцээний нэгэн хэсэг болгож хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулжээ. Тус холбооны зүгээс энэ жил анхны улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байгаа юм.

Зэвт сумны хувьд залуучууд тэр бүр харваад байдаггүй туршлагатай харваачид л сум тавьдаг юм байна. 20,30,40,50,60,75,90 метрийн зайнд харвах бөгөөд нэг байндаа таван сум тавьж 15 оноо авах боломжтой юм. Нийт 35 сум тавьж хэдэн оноо авснаар байр эзлүүлнэ. Олон улсын тэмцээнд 20 метрт Америк харваа, 30 метрт Турк харваа, 40 метрт Унгарын үндэсний харваа болох хөдөлгөөнт байны харваа, 50 метрт Хятадын түнх харваа 60 метрт Японы бамбай харваа, 75 метрт Монголын зэвт сумны харваа, 90 метрт солонгос харваа явагддаг байна.

Монголын тамирчид энэ жил Солонгос улсад болох олон улсын уламжлалт харваа, Бразилд болох уламжлалт сур харвааны дэлхийн аваргын тэмцээнд оролцоно. Энэ удаагийн улсын аваргын тэмцээн дээрх тэмцээнийг зорих тамирчдад томоохон сорилго боллоо.

Д.Мөнхлэ

”Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих