Н.Энхбаярын нэгтгэсэн МХЕГ-ыг Н.Алтанхуяг 10 жилийнх нь ойг хийлгүүлээд тараах гэж байна

Н.Алтанхуягийн зурсан зургаар Засгийн газрын бүтэцэд олон өөрчлөлт орж байгаа. Өмнө нь Засгийн газрын тохируулагч 12, хэрэгжүүлэгч 31 нийт 43 агентлагтай байсан бол энэ удаа тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17 нийт 28 агентлагтай байхаар тогтож байна.  Өөрөөр хэлбэл 15 агентлагийг татан буулгаж, харин нэг агентлагийг шинээр нэмэхээр болсон.

Агентлаг нь үгүй болж буй төрийн албан хаагчид ч одоо хаана, ямар албан тушаалд очих бол гэсэн түгшүүртэй халаа, сэлгээг хүлээж сууна. Удахгүй өмнөх Засгийн газрын цэгцэлсэн  олон ч ажил, албыг “а”-гаас нь эхлэх хэрэг гарч байгаа юм. Тухайлбал 10 жил үйл ажиллагаагаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэсэн нэр доор явуулсан байгууллагыг тун удахгүй татан буулгах гэж байна. Ихэнхидээ хүнд суртал, авлигал, мөнгө цаастай нэр нь  холбогдож байдаг энэ газрыг үгүй хийх нь зөв гэсэн шийдвэрийг ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргажээ.

Уг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг хамгийн анх МАХН-ын дарга Н.Энхбаяр ерөнхий сайд байхдаа 2002 онд байгуулж байсан юм. Түүнээс өмнө яамд бүр салбар хариуцсан хяналтын мэргэжилтнүүдтэй байв. Харин Н.Энхбаяр үүнийг нэгтгэж, цэгцлэх ёстой гэж үзэн энэ агентлагийг байгуулснаар 10 жил болжээ. Тун удахгүй ирэх есдүгээр сард ойн баяр нь болох юм. Харин шинэ ерөнхий сайд Н.Алтанхуяг Н.Энхбаярын байгуулсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүнд сурталтай, авлигалд өртсөн балагтай газар хэмээн буулгах нь зүйтэй гэсэн юм. Буулгах буулгахдаа ёсыг бодож энэ байгууллагын 10 жилийн ойг ёс төртэйгээр хийгээд ажилчдыг нь яамд руу тараахаар зэхэж байгаа аж.

Н.Алтанхуяг анх ерөнхий сайдын албыг авахдаа “Авлигалтай тэмцэнэ, авлигал авсан хүнийг хоймортоо байтугай, хатавчиндаа суулгахгүй” хэмээж байсан. Үүнийг зарим хүн “Н.Энхбаярыг ониллоо” гэж тайлбарлаж байлаа. Тэгвэл Н.Алтанхуяг ерөний сайдын ажлын жагсаалтынхаа нэн тэргүүнд авлигал, хүнд сурталд ороогдсон гэдэг Н.Энхбаярын байгуулсан энэ агентлагийг үгүй хийх нь зүйтэй гэж ханцуй шамлан орлоо.

Гэхдээ зөвхөн авлигал, хүнд сурталтай гэсэн шалтгаанаар Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаж, яамдад нь хариуцуулж байгаа гэдэг тайлбар учир дутагдалтай юм. Учир нь яам бүр өөрсдийн салбарын тендерийг хариуцдаг байсан бол энэ жилээс Худалдан авах ажиллагааны газар болгон нэгтгэхээр болсон. Тендер гэдэг бол мөн л авлигалчдын гар хамгийн ойрхон байдаг, хамгийн цуглах дуртай газар нь. Ийм байхад тендерийн газрыг байгуулж байгаа хэрнээ Мэргэжлийн хяналтын газрыг задалж байгаа нь бас л бүрхэг юм. Адилхан айлын хүүхдүүдийг алаг үзлээ гэдэг шиг авлигын цонхоор ижил харагддаг хоёр газрын нэгийг байгуулж, нөгөөг нь татан буулгаж байгаа нь бас л сонирхолтой.
Т.Гэрэл

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60231


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих