Хятадад барьцаалагдсан иргэдийн нэг өөд болжээ
“Монгол туургатны бахархал дэлхийн академи” хэмээх аялал жуулчлалын компани Чингэлтэй дүүргийн 52 ахмадыг Бээжин хотоор долоо хоног аялуулах хөтөлбөртэйгөөр авч яваад Хятадын талын хамтрагч байгууллагдаа төлбөрөө төлөөгүй байснаас болж дээрхи иргэд Хятадад гацаанд орж, 60-аас дээш настай 30 ахмад нь өнгөрсөн бямба гаригт Монголдоо ирсэн гэсэн мэдээлэл гарсан.
Гэтэл барьцаанд үлдсэн иргэдийн нэг Ц.Алтанхуяг хэмээх Чингэлтэй дүүргийн XVI хорооны өндөр настан өөд болоод 20 хонож байгаа тухай талийгаачийн охин А.Туяа мэдэгджээ. Тэрээр тус аялалын хоёрдугаар ээлжээр урд хөршийг зорьсон байна. Ц.Алтанхуягийн нас барсан болохыг анх наймдугаар сарын дөрвөний өдөр “Монгол туургатны бахархал дэлхийн академи” компаний захирал н.Энхбаярын ээж н.Цэндпүрэв ар гэрийнхэнд нь ирж бие нь маш муу байгаа хэмээн мэдэгдэж гэрийнх нь гурван хүнийг авч явна гээд бичиг баримтыг нь авч явсан байна. Ингээд талийгаачийн ар гэрийнхэн хамт явсан хүмүүс рүү нь залгахад дөрвөний өдөр нас барсан гэдгийг хэлжээ. н.Цэндпүрэв ч мөн худал хэлсэн бөгөөд утсаа салган хэд хоног алга болсныг цагдаагийн газарт мэдэгдэж баривчлуулсан байна.
Талийгаач нь бие сайтай хүн байсан агаад түүнийг юуны улмаас болж нас барсан нь учир битүүлэг байгаа юм. Цогцос нь одоог хүртэл Хятадад байгаа гэнэ. Ц.Алтанхуягийн ар гэрийнхэн талийгаачийн цогцсыг авахаар Хятадын талын компанийн зохицуулагч Ван Сео гэгчтэй уулзахад “Энхбаяр бидэнд их хэмжээний мөнгөний өртэй. Бидэнд талийгаачийн цогцсыг Монгол руу авч явах талаар юу ч хэлээгүй” гэсэн хариулытыг хэлсэн бөгөөд аавынх нь цогцос чандарлах газрын хөлдөөгчинд байсан ажээ. Ингээд эх нутагтаа авчирч чадахгүй арга буюу эргэж ирсэн агаад талийгаачийн цогцсыг хил гаалиар нэвтрүүлж өгөх асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг “Гадаад харилцааны яам”-нд гаргасан ч одоог хүртэл ямар нэгэн хариулт өгөөгүй байна.
н.Энхбаяр гэгч нь “Монгол туургатны бахархал дэлхийн академи” ХХК-ын захирал юм байна. Тус компанийхан анх чингэлтэй дүүргийн хороод дээр “Эрээн, бээжин хотоор долоо хоногийн турш аялахад ердөө 360 мянган төгрөг. Үүнд өдрийн гурван хоол, байрны зардал гээд бүх зүйл багтсан байгаа. Хорооны ажилд идэвхитэй оролцдог, улсдаа хийж бүтээсэн зүйлтэй ахмадуудад ийнхүү хөнгөлөлттэй үнэ үзүүлж байна. Хэрвээ хорооны дарга нь таван хүн хамруулбал өөрийг нь үнэгүй авч явна гэжээ. Ингээд хороодын дарга нар үнэгүй явахын тулд өндөр настнууддаа ухуулга сурталчилгаа хийж цагаан сар болон ахмадын баяраар бэлэг өгнө, хороонд ирж байгаа бүх тусламжинд таныг хамруулах болно” гэж ухуулсан байна. Ингээд Чингэлтэй дүүргээс 2000 гаруй өндөр настнууд бүртгүүлж, мөнгөө төлсөн байна.
Мөн А.Туяатай холбогдсон барьцаанд байгаа иргэдийн хэлснээр “тэд өдрийн нэг хоол идэж, яг л шоронгийн хоригдол шиг байсан” гэнэ.
Өч төчнөөн гэм зэмгүй иргэд нь урд хөршид барьцаалагдчихаад эхнээсээ нас барж байхад төр засаг огтхон ч анхаарал хандуулахгүй, нүдэнд балай чихэн дүлий хандаж байгаа нь туулийн харамсалтай.
URL: