Тавьтаргүй парламентч
Өнгөрөгч баасан гарагт хуралдсан УИХ-ын анхдугаар чуулганы үеэр АН-ын сайд нарыг Засгийн газрын гишүүнээр томилох төслийг хэлэлцэхийн өмнө тэрбээр Н.Батцэрэг гишүүний картыг суга татан авч гарах замдаа Г.Уянга гишүүний картыг ч сугалж авахыг завджээ. Харин цаадах нь З.Баянсэлэнгийг бодвол нас залуу, овсгоо самбаатай, бас ч гэж буурь суурьтай юм гэсэндээ хурдан хөдөлж картаа гараараа дараад авч үлдэж харагдана лээ. Хэрэв энэ үед “Шударга ёс” эвсэл түүний хэлснээр завсарлага авсан бол сайд нарыг хугацаанд нь багтааж томилж чадаагүй УИХ тарж, бүр дахин сонгууль явуулах ноцтой байдал үүсэх байсан. Гишүүн болохоосоо өмнө прокурорт гар хүрч, шүүх хурал нь ялих шалихгүй шалтгаанаар хойшлоод байгаа З.Баянсэлэнгэ хатагтай хэзээ буурь сууж, парламентын гишүүний зангарагтай болох юм бол. Өөрийгөө хэн болох, яах гэж хаана сууж байгаагаа мэддэггүй иймэрхүү гишүүд чуулганы танхимд ганцаар л тогтоосой гэж залбирахаас. Сонгогчдын саналаар бус намын листээр чуулганы танхимд орж ирсэн энэ мэт “балархай эгшиг”-үүдийнхээ “хандыг хага дарах” хэрэгтэй бус уу, Тусгай хяналтын дэд хорооныхоон.
Б.Оюунгэрэл
URL: