Ж.Батзандан яагаад ганцаардав
Хүсч байсан УИХ-ын гишүүнийхээ суудалд очсон Ж.Батзандан ганцаардсан сураг гараад явчихлаа. “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй…” гэж үглэдэг болоод явчихлаа. Өөрийнх нь эрх ашигтай хамаатахгүй л бол Ж.Батзандан тэгж Ерөнхийлөгчийн үгийг тоть шиг давтаж гүйхгүй л дээ. Түүний эрх ашиг Ардчилсан намд, Засгийн газар байгуулагдах явцад огт хамаатаагүй болохоор аргаа барахдаа тийн эрх чөлөөний тухай чалчсан хэрэг. Бүр төрийн ордныг түмний ордон болгоно хэмээн хэн нэгнийг айлгаад байгаа ч юм шиг сүрдүүлээд ч байгаа мэт эсвэл бүр шүүмжлээд байгаа ч юм шиг. Угтаа Ж.Батзанданд шүүмжлэх эрх байхгүй. Яаж ч ядарсан ядаж нэг жилдээ Ардчилсан намын аяг, зүсийг дагаж гэлдрэх хувь тавилан л түүнд бий. Уул уурхайн компаниудад төлбөртэйгөөр жагсаал, цуглаан зохион байгуулж өгдөг гудамжны залууд тойрог өгөн сонгуульд нэр дэвшүүлж хүний дүртэй, улстөрчийн мөртэй болгосон Ардчилсан нам засаг барьж байхад Ж.Батзандан хэнийг шүүмжлэх ёстой гэж. Асуудал нь, Ж.Батзанданд биш харин түүний ганцаардал Ардчилсан намын ажиллаж, амьдарч байгаа өнгө төрхийг илчилж буйд л байгаа юм. Үндэсний хөгжил дэвшлийн эрх ашиг биш өөр хоорондоо албан тушаалын наймаа өрнүүлэх Ардчилсан намд Ж.Батзандан жижигдэж байна. Жижигхэн хүнийг ганцаардуулдаг юм байна. Сонгогчийн тодорхой хэсгийн саналыг аваад орж ирсэн 76-гийн нэгийг үл тоон найрлаж байгаа ардчиллынханд ард түмэн үнэтэй гэж үү.
Ард түмэн үнэгүйг л Ж.Батзандан “Би ганцаардлаа…” хэмээн зарласан нь чухал байна. Ер нь Ардчилсан Засгийн газар бол том компанийн төлөөлөл боллоо. Нүүрэн дээрээ ардчиллынхан нэртэй анархистууд яаж ч дөвчигнөсөн нидэр дээрээ энэ нам дахь хамгийг мөнгөөр шийддэг хүчирхэг бүлэглэлийн үгнээс хаашаа ч гарахгүй. Тэр Лу.Болд, “женко” Х.Баттулга, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нар өөрсдийн, бүлэглэлийнхээ бизнесийн эрх ашгийг улс орон, намаасаа илүү дээгүүр тавина. Ингээд л тэдний таалалд нийцэхийн төлөө Монголын төр ажиллаж, тийм хүлээх юмгүй засаглалд найдсан ард түмэн ёстой л бухын “юмыг” харсан үнэг турж үхэхийн үлгэр болно. Тухайлбал, “Женко”-гийн гүйцэтгэгчээр, аялдан дагагчаар Засгийн газарт орж буй Ц.Оюунгэрэл, дэд хорооны ч дарга болж буй Б.Бурмаа нар “Өөрсдийнхөө баталсан хуульд бүдэрч байгаа биз дээ. Хуулиа унш…” ч гэх шиг сөрөг хүчин рүүгээ агсран дайрч эмэгтэй хүнд баймгүй онгироо сагсуугаа хэвлэлээр гайхуулах болов. “Засаглалын бүх тогтолцоо сул, муу талтай ч одоогоор бид ардчиллаас илүү сайныг нь олоогүй байна…” хэмээн өнөөх ардчиллынхаа алтан гадас болгож Ц.Элбэгдоржийг амаа олохгүй магтаж байсан Ц.Оюунгэрэл ардчиллын хамгийн чухал үнэлэмж парламент дахь цөөнхөө сонсох учиртай зарчмыг сөрж яриад, солир хараад яваа нь хачин. Толгойлсон яам нь Соёл, спорт, аялал жуулчлалынх ч гэх шиг. Ард нь суугаа эзэн Х.Баттулга нь бөх болохоор спортын асуудлыг тасдаж аваад байгаа юм уу, хаашаа ч юм бэ. Нэртэйгээр нь бөхчүүдийг соёлжуулж, зугаацуулах Х.Баттулгын хүслийг гүйцээх яам гэхгүй.
Цагтаа Ц.Элбэгдоржийн “яндан цагаан” явсан Ц.Оюунгэрэл улайм цайм энэ Ерөнхийлөгчийнхөө эсрэг “УИХ-ын гишүүнээр Засгийн газрын гишүүн хийлгэхгүй яах гээд байгаа юм бэ…” хэмээн нүүр, нүдгүй шилбүүрдэж сайд болов шүү. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам дахь мөнгөтэй бүлэглэлүүд Ц.Оюунгэрэлээр хүртэл Ц.Элбэгдоржийг халтартуулж чадаж байхад Ж.Батзанданг хэн тоов гэж. Ц.Элбэгдоржийг ч элэглэж байгаа эрх ашгийн дайнтай Ардчилсан намд Ж.Батзандангийн толгой цухуйхгүй. Үнэхээр Ж.Батзандан ганцаардаж байгаа шиг том бүлэглэлүүдийн эрх ашигт хамаатахгүй хүн Ардчилсан намд хэн ч биш. Намынх нь квотоор УИХ-д ороод ирсэн гишүүн ийм байхад энгийн ардыг энэ нам хэрхэн үзэх нь тодорхой. Ийн Засгийн газар нь өрхөө бүрэн татаагүй байхад Ж.Батзандан тэргүүтэй загас, жараахай ганцаардаж, хатаж гундаад эхэлнэ гэдэг удахгүй өвөр түрий рүүгээ өш хонзонгоор цохилцохын цондон.
Тийм ард түмнийг хохироож л таарах үл бүтэх бүрэлдэхүүнтэй, тогтворгүй засаглалд хамтарсан эвслийн гал тогоонд бүр ч элэгтэй юм болж байна. “Н.Энхбаяр тэргүүтэй Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар бол Монгол Ардын Намд хөөгдөхөөс аргагүй хог шаарууд байжээ …” гэж хэлсэн Дашзэвэгийг “Даргын бие сайжиртал хэд хоног дуугүй байгаад өгөөч ээ…” хэмээн утасдаж, амыг нь барьжээ. Дашзэвэг ч дуугардаг болсон нь, Н.Энхбаярын бие ч муудаад байгаа нь “Шударга ёс” эвслийн урагшгүй хэдийн Засгийн газарт хамтрах идэш, хоолоо хэрхэн булаалдсан увайгүйтэлтэй холбоотой шүү дээ. Үүнийг эсэргүүцээд МАХН энэ амралтын өдрүүдэд Бага чуулганаа хийх гэж байна. Улайдаггүй М.Улаан тэргүүтэй Д.Тэрбишдагватан нарын Монгол Ардын Намаас хөөгдсөн мөн чанарыг хөөн хэлэлцэж, шударгын дүр эсгэж МАХН-д ирэнгүүтээ хийсэн хэрэг, байгуулсан гавьяандаа хэтэрхий томдсон бялуу хүртсэнийг шүүнэ. Чухамдаа зовж, зүдэрч явж өнөөдөрт хүрсэн МАХН-ын улстөрийн тэмцлийн үр дүнгийн өрөм зөөхийг хэзээ хойно гаднаас орж ирсэн “баагийнууд” зооглоод, одоо шиншлэх түлэнхий хусам ч байхгүй боллоо хэмээн сэлэм эргүүлсэн хурал болох хэрэг. Дотроо ингэж л хагарч бутарч, гомдож өширхсөн МАХН-тай хамтарчихаад байгаа шуудайд хийсэн үхрийн эврүүд болох Ардчилсан нам Ардчилсан-Коммунист засгийн газар байгууллаа. Яг л Ардчилсан намын олонх болсон жилүүдийн түүх давтагдахын эхлэл.
Энэ Ардчилсан-Коммунист засгийн газарт өдгөө Ардчилсан намын 31, “Шударга ёс” эвслийн 11 хүн бий. Нийт 42 хүний 41 нь сайд, Байнгын хорооны дарга гээд ямар нэгэн алба гуншинтай. Ёстой л зуун ямаанд 60 ухнын үлгэр. Хэт шунагсдын цуглуулга болсон Ардчилсан-Коммунист Засгийн газрынхан ямар ч тооцоогүйгээр “Би энийг, бас тэрийг ч авна…” хэмээн айлын хүүхдүүд тоглоомоо булаацалддагтай яасан ч ижилхэн харагдах юм бэ. Арай том биетэй нь тоглоомуудын сайныг шилж, гар далайн авдаг шиг л үргэлжилж байна.
Харамсалтай нь, уйдахаараа бас тэр тоглоомоо яг байгаа газарт нь хаяад явдаг даа. Ийм л юм болж байхад эрхэм Ж.Батзандан ганцаардалгүй яахав. Ямартай ч тэрбээр, нэн түрүүнд Ардчилсан нам доторх бизнесийн бүлэглэлүүдийн боссууд шиг мөнгөтэй болох хэрэгтэй юм байна. Ардчилсан нам бол “Чиний төлсөн мөнгө сул гишүүн байхад хангалттай…” гэж хэлээд хаяж байна. Мөнгийг ингэж л үнэлдэг нам Ардчилсан-Коммунист засаг төрүүлэхгүй бол хэний нам тийм Засгийн газар байгуулна гэж.
Б.Эсэн
unen.mn
URL: