Улс төрд ”угсаа залгамжлах” залуу жононгууд дэд сайдаар яригдаж байна

Төсвийн эрх мэдэлтнүүд буюу сайдуудын томилгоо дуусч Алтанхуяг айдгүйгээ авдартаа хийгээд авлаа. Том байна гэдэг сайхан, томилох боломж нь үүгээр дуусч байгаа биш. Одоо дэд сайдуудын томилгоо хүлээж байна. Дэд байх нь алдаж болохгүй алтан боломж. Энэ цагийн жаягаар эдүгээ дэд сайдаар улс төр, албан тушаалд хөллөдөг болчихсон юм байна. Тэгэхээр тээр дээр байгаа гишгүүр гэж ойлгох хэрэгтэй болно. Ахиад нэг алхахад цаана нь тэнгэрийн хаяа цэлийж. Их Хурлын гишүүн, жинхэнэ сайдын суудал хажууханд мэт торолзож тодрон байх вий. Гэхдээ аз дайрахгүй, нам ивээхгүй бол энэ суудал холын хол. Тиймээс фракц, бүлэглэлүүдийн хооронд тохиролцоо толхилцоон, ар тал, амлалт гээд арга чарга бүгдийг л хийж байгаа бололтой юм. Дэд сайдуудын нэр ус түрүүчээсээ эхлээд тодорч байгаа сураг байна. АН-аас дэд сайдад дуулдаж байгаа хүмүүсийн нэр усаас харвал улс төрд “угсаа залгамжлах” залуу жононгууд гарч ирэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, АН-ын “Нэг ардчилал” фракцаас ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Батбилэг нарын нэр дуулдаж байна. Энэ хоёр залуугийн хувьд өнгөрсөн сонгуулиар намын жагсаалтад бичигдэж байсан. Тэдний хувьд аль аль нь улс төрийн туршлага хэр бол гэхээс боловсрол мэргэжлийн хувьд хаана ч хэнд ч гологдохооргүй залуус. АН-ынхны хувьд сонгуульд нэрсийн жагсаалтад ороод үлдсэн хүмүүстээ үүрэг хариуцлага үүрүүлэхийг илүүд үзүүлж байгаа бололтой.

Гадаад харилцааны дэд сайдад энэ намын хоёр ч хүний нэр түлхүү дуулдаж байна. Тэдний нэг нь Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг. Тэрбээр мөн л намын жагсаалтад орогсдын нэг. АЭХ-ны дэд тэргүүн Ш.Батцэцэг гэх эмэгтэй бас яригдаж байна. Орос, англи хэлний багш мэргэжилтэй эл бүсгүй төрж өссөн Төв аймагтаа хоёр ч удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан санагдана. Өрх тусгаарлаж байгаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад бас хоёр ч эмэгтэйн нэр хослон яригдаж байна. Тэд бол И.Нарантуяа, Ц.Үүрийнтуяа нар. Хэрэв эндүүрээгүй бол И.Нарантуяаг улс төрд хөтөлж ирсэн хүн нь Б.Дэлгэрмаа шиг санагдаж байна. Дундговийн уугуул эмэгтэй. И.Нарантуяагийн хувьд эдүгээ АЭХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, 2008,2012 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан. Түүнийг аливаад шаргуу, ажил хэрэгч гэсэн тодотгол байнга дагалддаг бөгөөд хот, хөдөөгийн амьдралын гүнд ажиллаж байсны хувьд энэ яамны дэдийн суудалд илүү тохирох хүн хэмээн тооцох боломжтой.

Ц.Үүрийнтуяагийн нэр өмнөх сонгуулийн дараагаас олонд дуулдаж эхэлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байсан гэж дуулддаг. 2008 оны сонгуулиар Баянгол дүүргийн сонгуулийн хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж, С.Эрдэнийг гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь тууштай дэмжиж, тэмцэж байсан хүний нэг. Аяганы хариу ирж, С.Эрдэнэ түүнийг дэд сайдаар эсвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллуулахад гайхах юмгүй. Туршлага хийгээд тууштай чанар лав дутахааргүй бүсгүй. АН-аас дэд сайдын суудалд очих магадлалтай хүмүүсийн нэг нь Н.Тэгшбаяр гэсэн нэр чих дэлсэж байна. Тэр “Нэг ардчилал” фракцад харъяалагддаг, одоо “Мон Атом” төрийн өмчит компанийн дэд захирлын албыг хашдаг юм байна. Н.Тэгшбаярын хувьд Түлш эрчим хүчний дэд сайдаар томилогдож магадгүй. Дундговийн гэсэн тодотголтой Б.Мөнхболор гэх залуугийн нэр Барилга, хот байгуулалтын дэдээр сураг гараад байгаа. Хэдийгээр олны танил биш ч тэрбээр энэ салбартаа бол хуучин хүний нэг гэнэ. Энэ яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан, ер нь бол залуухан улс төрч. Гэхдээ л зангарагтай нөхөр бололтой.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл таван дэд сайдын суудлаар хувь хүртэх тохиролцоотой байгаа. Эндээс гурав нь МАХН-д, үлдсэн хоёрыг нь МҮАН-аас дэвшүүлэх учиртай. Гэхдээ МАХН-ынхан тохиролцооноосоо буцаж, гар бариад бугуй барьж болзошгүй. Тэгвэл МҮАН дахиад нэг суудлаа алдана гэсэн үг. МАХН-ынхан даргынхаа хүүг дэд сайдад зүтгүүлж, ач санах төлөвлөгөөтэй байна. Экс Н.Энхбаярын Батшугар дэд сайдад нэр дэвших хүний жагсаалтыг өнгөлж байгаа гэнэ. Гадаадад сургууль төгссөн гэхээс өөр тодорхой мэдээлэл үгүй. Э.Батшугарын араас дэд сайдад удаалж байгаа хүн нь Б.Тулга гэх залуу байна. Тэрбээр мөн л экс Ерөнхийлөгчийн туслах байсан гэдгээр нь олон нийт мэдэх байх. Түүнчлэн хуульч Э.Эрдэнэжамъян, 2012 оны сонгуулиар Дорноговь-Говьсүмбэрийн тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон Ч.Чимэдсүрэн нарын нэр чих дэлсэж байна. Эдгээрээс гадна энэ намд тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүйгээр харж үзэх ёстой Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, гавьяат эмч Н.Жамбалжав нарын хүмүүс бий. Эдэн дээр эдийн засагч Н.Дашзэвэг ч нэмэгдэнэ. Өмнөх засгийн үед дэд сайдууд голчлон сайдынхаа сөрөг хүчнээс томилогдож байсан бол энэ удаа “Шударга ёс” эвслийн бүлгээс жинхэнэ хийгээд дэд сайдуудаа өөрийн намаас томилно гэсэн зарчим баримталж байгаа гэх мэдээлэл байна. Энэ нь хариуцлагыг дангаар үүрэх нэг арга гэнэ. Хэрэв тийм бол Н.Жамбалжав Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдох магадлал хамгийн өндөр байх нь. Мөн Сангийн яаманд Ч.Улааныг дагаж бас МАХН-ын нэр дэвшигч очиж магадгүй гэсэн үг.

Харин МҮАН-ын зүгээс Байгаль орчны дэд сайд асан Д.Дэлгэрцогт, намын дэд дарга Б.Цогтгэрэл нарыг дэд сайдад дэвшүүлэх бололтой. Д.Дэлгэрцогтын хувьд төрийн ажлын бэлээхэн туршлага, чадвартай, ОХУ болон Японд дээд сургууль төгссөн хүн. 2004 он хүртэл Засгийн газрын стратеги удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Төлөвшил, боловсрол, туршлага гээд түүний давуу тал олон, гагцхүү улс төрд “од” муутай гэлцэх юм билээ. Харин Б.Цогтгэрэл хувийн хэвшилд ихэвчлэн ажиллаж байсан, шаггүй бизнесмэн, намаа бэхжүүлэхийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж яваа нэгэн.

Эрх мэдлийн хаялга буюу дэд сайдуудын томилгооны талаар иймэрхүү сураг ажиг байна. Дэд сайдуудыг намаас нь нэр дэвшүүлж, Засгийн газрын хуралдаанаар батлах учиртай.

П.Булган

”Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих