Цаасан дээр мөртэй V цахилгаан станц

Монголд анх 1922 онд Ильичийн гэрэл асав. Ингэж хөдсөн дээлтэй монголчууд өөхөн дэнгээс өндөр хүчдэлд шилжих эхлэл тавигдсан юм. Ленин багш “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм” болно гэсэн нь зарим талаар хоосон мөрөөдөл биш байжээ. Социализмын үед манай улсад найман дулааны цахилгаан станц баригдан ашиглалтад орж, Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур гал алдахааргүй болсон. 1989 онд эрчим хүчний хэрэглээ улсын хэмжээнд дээд цэгтээ хүрэв. Харин зах зээлийн нийгэмд хөл тавьсан эхний үед эрчим хүчний хэрэглээ харьцангуй буурчээ. Үйлдвэр завод хувьчлагдаж, түүхий эдийн хомсдолд орсон томоохон аж ахуйн газрууд хаалгаа барив. Гэсэн ч хүн амын 40,6 хувь нь  нийслэлд төвлөрч, сүүлийн үел их хот ачааллаа дийлэхгүйд хүрэв. Улаанбаатарын гэр хороололд 184 мянган өрхийн 800 мянга шахам хүн амьдарч байна. Тэдгээрийг инженерийн шугам сүлжээнд холбож, орон сууцжуулах зорилт тулгамдсан асуудал болов. Дөрвөн уулын дунд тавьсан барилга байшингуудын шав  замбараагаа алдаж, газар хотойх шахаж байна. Тоо томшгүй барилга байгууламжийн судсаар дамжих цахилгаан, дулааны нөөц ахадсан ачааллаа дийлэхгүй нь.

Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. 2007 онд Монголын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг шинэчлэн баталснаар төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг болсон юм. Энэ хөтөлбөрт 2005-2015, 2020, 2040 он хүртэл гурван үе шаттай хөгжүүлэхээр тусгажээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний суурилсан хүчин чадал 800 мВт, хэрэглээ 700 мВт юм байна. Өнгөцхөн харахад 100 мВт-ын хүчин чадалтай юм шиг санагдаж болно. Гэхдээ манай эрчим хүчний салбар өөрийгөө тохируулах чадваргүй. Өөрөөр хэлбэл өглөө, оройны өндөр ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 100 мВт-ын зөрүүг хааж чаддагүй. Үүнийг ОХУ-аас импортлох замаар тохируулж байна. Иймээс цаашид 200 мВт-аас доошгүй хүчин чадалтай усан цахилгаан станц баривал зохимжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Усан цахилгаан станц нь богино хугацаанд ачаалал авч чаддаг, мөн богино хугацаанд ачааллаа бууруулж чаддаг онцлогтой. Энэ бол уул уурхай олигтой хөгжөөгүй ус голууд саваа халгин цалгиж байсан цагийн мөрөөдөл байж.

Харин Улаанбаатарын V цахилгаан станцыг хурдан барьж ашиглалтад оруулахгүй бол 2014 он гэхэд нийслэлийн эрчим хүч, дулааны нөөц шавхагдана гэсэн тооцоо аль эрт гарсан. Уг станцыг их хотын салхины дээд талд барихгүй, Шар хад орчимд барина гэсэн явган яриа хэдэн жил хэсүүчилсэн ч эцэстээ Азийн хөгжлийн банкны судалгаагаар дэд бүтэц нь бэлэн байгаа III цахилгаан станцыг өргөтгөн, дунд даралтын хэсгийг шинэчлэх замаар тэргүүний дэвшилтэт техник технологи ашиглан, байгаль орчинд ээлтэй ДЦС барих нь зөв гэсэн шийдэлд хүрсэн байна. Ийнхүү “Улаанбаатар ДЦС-5” төслийн ажил эхэлж, 2012-2020 онд хэрэгжүүлж дуусгахаар товложээ. Ингэснээр нийслэлийн дулаан хангамжийг сайжруулж, ТБЭХС-ийн цахилгаан эрчим хүчний ачааллын тодорхой хэсгийг хаах төдийгүй хотын дулаан хэрэглэгчдийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, Улаанбаатар болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан хангамжийг дээшлүүлэх байлаа. Гэвч одоогийн байдлаар цаасан дээрхээс хэтэрсэнгүй.

Техникийн судалгааг АХБ-ны буцалтгүй тусламжаар АНУ-ын “H&J” компани, БНХАУ-ын “North East Electric Power Design Institute” болон Монголын “Мон-Энержи” компани хамтран гүйцэтгэжээ. 2011 онд ЭБЭХЯ, ТӨХ болон АХБ-ны хамтарсан санамж бичигт гарын үсэг зурав. Дараа нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэх Сингапурын “PwC”, техникийн үйлчилгээ үзүүлэх Шведийн  “COWI” компани газар дээр нь үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Өнгөрсөн оны тавдугаар сард төñëèéí техникийн судалгааны эцсийн тайлангийн танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, цаашдын хэрэгжилтийг дэмжих шийдвэр гаргасны дагуу Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг БОАЖЯ-ны ерөнхий шинжээч гүйцэтгэж, нарийвчилсан үнэлгээгээр хийх ажлын эзлэхүүнийг тодорхойлжээ.

Эрчим хүчний газрын төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих олон улсын тендерийн бичиг баримт бэлтгэх, зарлах, үнэлэх, дүгнэх, шалгарсан компанитай эрчим хүч худалдан авах болон бусад шаардлагатай гэрээ хэлцэл байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт дурдсанаар төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан “Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохирсон байна. Урьдчилсан шатны тендерийн  бичиг баримт худалдан авсан гадаад, дотоодын 24 êîìïàíèéí 81 òºëººëºã÷ийг III цахилгаан станцын дэргэд барихаар төлөвлөж буй газрын байдалтай танилцуулсан. “Улаанбаатар ДЦС-5” төслийн Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Монголын “Санни Трэйд” компани бэлтгэж ирүүлээд байна гэж  хэлэхээс хэтэрсэнгүй.

2011 оны сүүлчээр болсон “Улаанбаатар ДЦС-5” тºñëèéí урьдчилсан шатны тендерийн нээлтэд  36 аж ахуйн нэгж оролцох сонирхлоо илэрхийлж, тендерийн бичиг баримтаа худалдан авсны дараа “KOWEPO Consortium”, “Mitsui Co. Ltd”, зэрэг 11 компани саналаа ирүүлсэн байна. ТӨХ-ны дэргэдэх ажлын хэсэг тэдгээр компаниас “Mitsui Co. Ltd”, “Samsung-KOSPO”, “International Power PLC/Sojits Corporation/Newcom LLC”, “Daelim- Lanco” гэсэн дөрвөн консорциумыг хоёрдугаар шатанд шалгаруулав. Одоогийн байдлаар төслийн тендерийн дараагийн шатны бичиг баримтад шаардлагатай Засгийн газрын Концессын гэрээ, цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүч худалдан авах гэрээ, нүүрс хангамж, ус ашиглалт, газар ашиглалтын гэрээний төслүүдийг холбогдох байгууллага, газруудаар хянуулж байгаа гэсээр С.Батболдын Засгийн газар шилээ харуулав.

Ийнхүү V цахилгаан станцын хувь заяа өмнөх засгийн өнгөнд цаасан дээр мөртэй өнгөрлөө. Харин нийслэлийн хувь заяаг нэгэн цаг атгаж байсан их хотын экс мэр Ц.Батбаяр эрхэм гишүүн байхдаа III цахилгаан станцын нүүрс буулгах талбайг ашиглаад нэг муу амбаар хажуу бөөрөнд нь нийлүүлж бариад л өргөтгөх гэж байгаа юм хэмээн хөндий хүйтнээр өгүүлсэн нь дулаан, цахилгаан нийлүүлэх ажил санасныг бодвол холоо хэвтэнэ гэж хэлсэнтэй агаар нэг сонсогдож байсан юм. Тэр үнэнийг өгүүлжээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд багтсан Улаанбаатар хотод V цахилгаан станцын 450 МВт-ын хүчин чадалтай нэгдүгээр ээлжийг хэзээ ашиглалтад оруулах бол.

Х.Ариунбаатар

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих