Төрийн албан хаагчид айдастай байна

Н.АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БУРУУ БОДЛОГЫН ЭХНИЙ ЗОЛИОС НЬ 300 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛЛОО
Манайх шиг ардчилсан улсад төрийн апбан хаагчид бүү хэл жирийн иргэн ч өдөр хоногииг айдас хүйдэстэй өнгөрөөх ёсгүй сэн. Гэвч ардчиллаар овоглосон Ардчилсан нам парламентын сонгуульд хэдэн суудал илүү авч эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулснаас хойш хэн хүнгүй айдастай боллоо. 11 яамыг 16 болгож үржүүлсэн хэрнээ 43 агентлагийг 28 болгож цөөрүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн анхны шийдвэр 300 хүнийг гудамжинд гаргалаа. Зам тээврийн салбарыг хариуцаж эхэлмэгцээ Засгийн газрынхаа “мэргэн” бодлогыг амьдралд хэрэгжүүлэх эхлэлийг ийнхүү сайд А.Гансүх гардан тавилаа.

Сайдын энэхүү үйлдэл ердөө эхлэл бөгөөд цаашид ч хоморголон халах ажиллагаа эрчимтэй үргэлжилнэ гэнэ. Тус намын боловсруулсан шинэ бүтцээр бол 600 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэсэн эхний тов гараад байгаа. Гэтэл Авто замын газар, Авто тээврийн газар, Төмөр замын газар гэсэн гурван агентлагийг татан буулгаж, яаманд нэгтгэхэд л өдий тооны хүн ажилгүй болж байгаа юм чинь агентлаг татан буугдах тоолонд ажилгүйчүүдийн эгнээ тэлэх магадлал өндөр байна.

Зам тээврийн сайд А.Гансүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа эдгээр хүнийг цомхотголд оруулах нь тодорхой бөгөөд яам болон бусад газарт шингээх ямар ч боломжгүй гэсэн хариулт өгчээ. Иргэн бүрийг ажилтай, орлоготой болгоно гэсэн Ардчилсан намын амлалт ийнхүү амьдралд эсрэгээрээ хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, яаманд ажилладаг 1000 гаруй хүн, агентлагт ажилладаг 3600, нийт 4600 хүний хувь заяаны асуудал сөхөгдөж буй. Наанаа ийм тооны хүний асуудал яригдаж байгаа ч цаана нь тэдний ам бүлийн хэдэн мянган хүний амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Иргэн бүрийг ажилтай, орлоготой болгох сонгуулийн өмнөх сайхан амлалтаа Ардчилсан нам эрх мэдлийн шуурганд гээчихлээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ДАРХЛААГҮЙ БОЛОХ НЬ
Ер нь аль ч засгийн үед нүүр бардам, толгой гэдгэр зогсох эрхтэй хүмүүс бол төрийн албан хаагчид. Ялангуяа төрд тангараг өргөдөг утгаараа төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдын мэргэшсэн, тогтвортой байдалд аливаа улстөрийн нам халдах эрхгүй л дээ. Гэвч өнөөдөр байдал ямар байна? Захын яам, агентлаг уруу шагайгаад үзээрэй. Хэн гэдэг даамал хэзээ ирж тушаал унших вий гэж эмээсэн хүмүүс л байна. Хэвлэлд хандаж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхээсээ ч цэрвэж байгаа нь тэдний буруу биш шүү дээ. Цомхотгол тойрсон энэ асуудлаар таагүй үг унагавал хоолноосоо сална гэсэн айдас, хүлээлт төрийн албан хаагчдыг хэдийнэ нөмөрчихсөнийг манай сурвалжлах баг өчигдөр яам, агентлагуудаар орохдоо мэдэрсэн юм. Төрийн албан хаагчид хэн нэгэнд үг алдахаас ч болгоомжилж байна. Уг нь төрийн албан хаагчид улстөрийн намын харьяаллаас салаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа юмсан. Цаасан дээрх намын бүртгэл хэдийнэ устсан ч сонгуульд хэнийг дэмжиж, аль намын төлөө саналаа өгснөө ч дэргэдэх нөхрөөсөө нууцлах шаардлагатай болов. Шинэ сайд, даргад хэн нэг нь нүүр олох гэж матчих вий гэхээс үхтэлээ айцгааж байна. Улстөржилт гээч зүйл төрийн албыг ийм л байдлаар алгуур хүчгүйдүүлж, төрийн албан хаагчдын итгэл сэтгэлийг мохоож байна. Гэтэл аль ч төрийн үед хуулиар баталгаажуулсан дархлаатай гэгддэг төрийн албаныхан, ялангуяа нийслэлд төвхнөдөг яам, агентлагт ажиллагсдад шинэ Засгийн газрын шийдвэр хамгийн халтай туслаа.

Олон хүний сэтгэл рүү ус цацан байж төр засгийг төвхнүүлэх гэж байгаа нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газраа шинэчлэлийн хэмээн тодотгосонтой огтхон ч авцалдахгүй юм. Долоон хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Шинэ Засгийн газар гараад баахан хүн халж солилоо л гэдэг. Бид тийм бодлого барихгүй. Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд өнөөдөр яамдын ажилчдын тоо 1017, агентлагуудынх 3600 орчим байдаг. Энэ хоёрын нийлбэрээс нэг ч хүн дутаахгүй” гэж амлажээ. Ингэж уран гоё донгодсон үгээ долоохон хоног ч барилгүй 300 гаруй хүнийг гудманд лааз өшиглө гээд гаргасны учир нь өнөөх л улстөр гэнэ. Улстөржилт, эрх мэдэлтнүүдийн хоорондох тохироо хууль тогтоомжоос ч илүү хүчтэйг өнгөрөгч өдрүүдэд болсон үйл явдлууд гэрчилж байна.

ТАТАН БУУГДАЖ БАЙГАА АГЕНТЛАГУУД /одоо ажиллаж буй албан хаагчдын тоо/
• Эрчим хүчний газар /93/
• Ойн газар /24/
• Усны газар /34/
• Соёл урлагийн хороо /17/
• Биеийн тамир, спортын газар /77/
• Төмөр замын газар /57/
• Авто замын газар /47/
• Авто тээврийн газар /50/
• Эрүүл мэндийн газар /119/
• Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар
• Гадаадын хөрөнгө оруулалтын газар
• Жижиг, дунд үйлдвэрийн газар
• Төр засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар /6/
• Мэргэжлийн боловсрол, сургалтын газар /20/
• Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар /62/

ЗУРГААН САРЫН ТЭТГЭМЖЭЭР AM ХААХ ГЭНЭ
Төрийн албаны хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлбэл ажлаас халах үндэслэл болдог. Мөн тухайн албан хаагч өөрөө хүсэлт гаргаагүй бол, тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй бол албаа амар тайван гүйцэтгэх үүрэгтэй, эрхтэй. Гэсэн хэдий ч эрх барьж буй нам нь албан хаагчдаа үзэл суртлаар дарамталдаг, ажлын байраар нь барьцаалдаг бохир жишиг бий боллоо. Тус намын цомхотгол нэрийн дор явуулж буй хоморголон халах ажиллагаа зургаан сарын тэтгэмж хэмээх “урамшуулал”-тай гэнэ. Сайд А.Гансүх Хөдөлмөрийн хуулийн эл заалтыг баримтлан халаа сэлгээнд өртөгсдийг “тайтгаруулах” боломжтой гэдгээ ч нуусангүй. Хуулиар хамгаалагдсан ажлын байрыг нь хэдхэн сарын тэтгэмжээр солих гээд шуурхайлаад байгаа нь Ардчилсан намын “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэж уриалсантай нийцэхгүй байна.

Сонгуулийн үеэр хэлсэн ярьсныхаа эсрэг хөдөлж буй ийнхүү бүдүүн засаг ажилтай, орлоготой монгол хүний төлөө бус ажилгүй, орлогогүй монгол хүний төлөө аян өрнүүлж ажлаа эхэллээ. Бодлого боловсруулагч яамдын тоог цөөлж хэрэгжүүлэгч агентлагуудыг түлхүү ажиллуулах төрийн бодлого ч ажилгүйчүүдтэй хамт алга болж байна. Төрийн алба улстөрийн далбаанд ийнхүү хүчин мөхөсдөж, төрд бэлтгэгдсэн боловсон хүчин хэдэн мянгаараа ажилгүй болох нь. Хувийн бизнесгүй, уул уурхайн лицензгүй энэ хүмүүсийн амьдрал, хувь заяаг ганцхан бурханд даатгах л үлдэж байх шиг байна. Төрийн алба тойрсон болгоомжлол, айдас энэ засгийн үед үргэлжилсээр л байх нь.

Н.Хажидсүрэн

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих