Б.Мөнхболор, Д.Ургамалцэцэг, Б.Билэгт… гээд томилогадх нь дээ
Ардчиллаар хаяглагдсан нөхөд албан тушаалд очих гэж эүтгэж байна. Хэнд нь ч буруу байхгүй. Бүгдээрээ л ардчиллын үйл хэрэгт зүтгэсэн. Бүгдэд нь албан тушаалд очих боломж бий. Цаг хугацааны л асуудал. Цаад Н.Алтанхуягт чинь бодол бий. Нэг амьсгаагаар бүгдийг ажилтай болгох боломжгүйг бүгд ойлгож байгаа. Явцын дунд яван чангаруулах ухаанаа цаадхи чинь мэднэ. Нэг нэгнийгээ бачимдуулаад байх шаардлагагүй юм. Сонин хэвлэлээр дэд сайд, агентлаг, газрын дарга нарын нэр бичигдээд эхэлчихлээ. Үнэн бол үнэхээр сайн байна. Сонгууль бүрээр өрсөлдөж өвдөгөө шалблахын, өөрөө шатахын зовлонг үзэж яваа И.Нарантуяа, Ш.Батцэцэг Д.Ургамалцэцэг нарыг хэн улстөрч биш гэж хэлэх юм. Тэгж ярихын бол сая жагсаалтаар УИХ-д суусан хэдэн эмэгтэйн дэргэд тэд улс төрийн зуд турхан, зуншлага ногоог үзэж, ялагдахын гашуун зовлонг үзсэн хүмүүс. Энэ гурван эмэгтэйг эднээсээ илүү ихийг үзсэн амьтад гэж улс төрийн хүрээнийнхэн үзэж, хүндэлдэг юм билээ. Ерөөсөө цөхрөхгүй байгаа бүсгүйчүүд юм.
Залуус төрд гарах ёстой гэж ярьдаг болсон цаг. Ингэж ярьж байгаа цаг үед Дундговийн хүү Б.Мөнхболорыг хэн дэд сайд хийж чадахгүй гэж хэлэх юм. МАН-ын залуучууд болохоор нам доторх бүтэцдээ шүдлэн дарга хийж байгаад шууд сайд хийж болдог АН-ын залуу болохоор яамандаа хэдэн ч сайдын зөвлөхийг хийж үзсэн хэрнээ яамандаа дэд сайд хийж болохгүй гэж. Тийм болохоор Барилга хот байгуулалтын дэд сайдаар АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Мөнхболорыг тавихыг намынх нь томчууд хүлээн зөвшөөрч байгаа аж. Хэвлэлийн таамгаар биш, хэний ч нөлөөгүйгээр дэд сайдад очих ганц хүн бол АН-д энэ залуу л байгаа байх. За тэгээд түүний араас залуус “дэд”-ийн суудлаа хүлээгээд байж байна. Б.Баттүвшин, Б.Батбилэг гэсэн хоёр залуу байна. Тэд бол дэд сайд болохоор бэлтгэгдсэн боловсон хүчнүүд гэж намын удирдлагууд нь үздэг. Тийм ч болохоор намын жагсаалтад багтсан. Намын жагсаалтад багтаагүй ч намаас энэ хэрийн албан тушаал авах эрхтэй залуус бол сая Хэнтийн тойрогт үзэлцсэн М.Хүдэрбаатар, төрийн өмчит “Мон атом” компанийн дэд захирал Н.Тэгшбаяр нар гэж намын залуучууд нь ярьж байгаа юм. Энэ хоёр Эрчим хүчний яам, Уул уурхайн яамны дэд сайдуудаар очих төлөвтэй. Чингэлтэйн тойрогт МАН-ын маш баян залуутай үзэж тарж хоншоороороо таслуулсан Батын Батбаатарыг АН аль нэг газарт тавина гэж намынхан нь харж байна.
Түүн шиг улс төрийн туршлагатай, их улс төрд байж үзсэн залуусаа энэ нам ашиглахаар ярьж байгаа юм билээ. Чухам хаана ажил хариуцуулах бол.
Хэвлэлийн таамагууд дотор хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн хоёр ч кадрын нэр явж байна. Мэдээлэл шуудан, харилцаа холбоо технологийн газрын даргаар Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Аюушийн Мөнхбатаас өөр хэн ч очих билээ. Гэвч түүнийг Ч.Сайханбилэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаараа ажиллах санал тавиад байгаа бололтой. Аль нэг дээр нь сонголт хийх эрх түүнд үлдлээ. Чадалтай боловсон хүчнүүддээ АН энэ мэтээр өндөр албан тушаалыг хэд хэдээр нь санал болгож байгаа юм байна. Цагдаагийн ерөнхий газрын даргаар Б.Билэгтийг тавих бололтой. Тавьчихаасай гэж иргэд үнэхээр хүсч байна. Түүн шиг шулуун шударга, эргэж хургадаггүй, эр зоригтой хүн энэ төрд ховор. Д.Сандаг-Очир генерал бол энэхүү адармаатай байгууллагыг энэ цаг үед нь бужигнуулалгүй, гол нуруутай авч явсан хүн. Эрс зоримог шинэчлэл, энэ тэр гадны гар хөлийг тасдаж, хараат бус байгууллага болгох дээр генерал дутуу ажилласан байх. Ажиллах ч боломжгүй байсан биз. Д.Сандаг-Очирын дутууг Б.Билэгт нөхөж чадна. Үүгээрээ үнэ цэнэтэй юм, Б.Билэгт. Энэ мэтээр боломжийн хүмүүс боломжийн албан тушаал дээр очих нь. Ганцхан ажлын гүйцэтгэл тэдэнд 100 хувь байх ёстой. Ачаалал дааж сурах ёстой. Ажилдаа тургэн суралцах ёстой. Ийм байхад ирэх дөрвөн жилд их ажлын ард гарч чадсан байна. Ингэж чадах хумүүсээ эхнээс нь зоож эхэллээ гэж үзэж байна. Араас нь албан тушаалд очихууд нь ямар хүмүүс байх юм харж байя. Ер нь бол шинэчлэл, шинэчлэл… шинэчлэл л чухал шүү. Маш муухай бохирдсон, ужигарсан, дүлийрсэн, зусардсан төр засгийн бүтэц та бүхнийг угтаж байгааг хэлэх юун.
Б.НЯМАА
medee.mn
URL: