“Монголын алтны уурхай яг шорон шиг” гэв
Өчигдөр Британийн BBC телевизийн хоёрдугаар сувгаар ийм нэртэй нэвтрүүлэг цацагдав. Энэ нь дэлхийн хамгийн хүнд, бэрх орчинд ажилладаг хүмүүсийн талаар өгүүлдэг “Хамгийн хэцүү нөхцөлд ажилладаг … ” цуврал нэвтрүүлгийн ээлжит дугаар байлаа. Манайхаас бэлтгэсэн дугаараа “Хамгийн хэцүү нөхцөлд ажилладаг уурхайчид” хэмээн нэрлэжээ. Британийн алтны “Стаффордшир” уурхайд 15 жил ажилласан, уурхайчин Крейг Нотман нэвтрүүлгийн зочноор оролцсон байна. Жирийн нэг уурхайчин тэрбээр Монголын мэргэжил нэгт нөхдөөсөө “туршлага судлахаар” Өвөрхангай аймгийн Уянга сумын гар аргаар алт олборлогчдын (нинжа) ажилладаг “уурхайд” очжээ. ВВС нэвтрүүлгийнхээ агуулгыг сийрүүлэн сайт дээрээ тавьсныг орчуулан хүргэе.
***
Сүхбаатар бол уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байсан малчин хүн. “Адуу, малтай байх үедээ хүн шиг амьдарч байлаа” хэмээн санаашрангуй өгүүлэх тэрбээр уурхайчин болоод удаагүй байгаа юм. Хоёр жилийн өмнөх зуднаар адуу, үхэр, ямаа нийлсэн 300 гаруй толгой малаа бүгдийг нь алджээ. Зуд гэх энэхүү байгалийн гамшигт үзэгдэл зөвхөн эднийхийг нэрвээгүй бөгөөд Монгол даяар нийт найман сая мал хорогдож, олон малчин өрх амьжиргаанаасаа салсан байна. “Мал сүргээс минь нэг ч үлдээгүй учир бид энд ирж ажиллах болсон” гэж Сүхбаатар тайлбарлав. Түүний зорьсон газар бол алтны уурхайн төв Уянга сум.
Сүүлийн жилүүдэд нутгийнх нь өмнөд бүс, Хятадын хил орчимд нүүрс, зэс, алтны асар их нөөцтэй ордууд илэрсэн билээ. Уул уурхайн энэхүү эрчтэй хөгжил нь Монголыг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай улс болгоод байна. Харин энэ хугацаанд нийгэмд нь хүчтэй ялгарал явагдаж хэт баячуудын шинэ давхарга үүссэн бол нөгөө талд нь ядуурал газар авсаар байна. Өнөөдөр хүн амынх нь 40 орчим хувь буюу сая гаруй хүн өдрийн хэдхэн паундын (Британийн мөнгөн тэмдэгт) төлөө амь насаараа дэнчин тавьсан эрсдэлтэй ажил (гар аргаар алт олборлох гэх мэт) хийж амьжиргаагаа залгуулахаас өөр аргагүй байдалд оржээ.
Монгол уур амьсгалын хувьд хамгийн хүнд нөхцөлтэй орон бөгөөд нэг өдрийн дотор бороо, цас орон, нар гарч жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох нь ч бий. Сүхбаатар, түүний гэргий Гансувд хоёр цаг агаар ямар байхыг үл тоон өдөр болгон ажилдаа явдаг байна. Тарчигдуу өвстэй намхан гүвээг эс тооцвол нүдэнд торох мод, бут сөөг ч байхгүй уудам талын дунд уурхай орших аж. Хүмүүс саран дээр харагддаг шиг жижиг нүхнүүд үрүү орж алт олборлох бөгөөд нүх болгон өөрийн эзэнтэй гэнэ. Доошлох тусам мөнх цэвдэгт ойртдог тул газар хатуу, хүйтэн болдог байна. Тиймээс нүхэнд гал түлж гэсгээдэг бөгөөд зарим нэгнээс нь утаа баагих нь ер бусын содон харагдах аж.
Нүхэнд нэг л хүн багтах бөгөөд уурхайчид олсоор дамжин доош бууж, ухсан шороогоо мөн л олсоор дээш гаргадаг байна. Тэд нүхнийхээ хананд ямар нэгэн бэхэлгээ хийдэггүй учир нуралт үүсч золгүй байдлаар амь үрэгдэх тохиолдол цөөн биш гэдгийг Сүхбаатар нуусангүй. Ийм байдлаар нас барагсдын тоо тодорхой байдаггүй аж. Ийнхүү амь насаараа дэнчин тавин зүтгэх тэдний өдрийн орлого хамгийн ихдээ таван паунд байдаг байна. Монголд өнөөдөр ийм аргаар амьжиргаагаа залгуулдаг 100 мянга гаруй хүн байдаг гэнэ.
Монголын уурхайчдын амьдралыг хараад нүдэндээ ч итгээгүй Крейг “Ийм уурхай байдаг гэж миний санаанд ч орж байсангүй. Энэ нүхнүүд яг булшны нүх шиг харагдаж байна. Тийшээ ороход өөрийгөө оршуулж байгаа мэт сэтгэгдэл төрсөн” гэв. Британид эрүүл ахуй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нөхцөлд зориулалтын машин, тоног төхөөрөмж дээр ажилладаг түүний хувьд Сүхбаатарын гэр бүлийнхэн жоотуу, хүрз зэрэг “эртний” багжаар ийм хүнд хөдөлмөрийн ард гарч буй нь үнэхээр гайхшруулж байв.
Монголын Засгийн газар байгаль орчинд халтай гэх үндэслэлээр гар аргаар алт олборлогчдод зөвшөөрөл олгохоос татгалздаг. Харин үйлдвэрлэл явуулна, нөгөө талаар нөхөн сэргээлт хийнэ гэсэн амлалт өгдөг тул томоохон компаниудад лиценз олгодог аж. Гэвч ихэнхдээ хоосон амлалт болон замхардаг тул тэдний аль аль нь байгаль, экологид асар их хохирол учруулж байгаа гэж Сүхбаатар үзэж байна. Энэ нь түүний сэтгэлийг ихээр шаналгах болсон тул тэрбээр энэ ажлаа орхихыг хүсэх болжээ. Удахгүй болино гэдэгтээ ч итгэлтэй байна. “Ингэж аж төрж байгаадаа сэтгэл эмзэглэж явдаг. Өмнө нь энэ хөндийг даган Онги нэртэй том гол урсч олон мянган мал, малчдыг ундаалдаг байлаа. 20 орчим жилийн алт олборлолтын үр дүнд бүрэн ширгэж, алга болсон” гэв.
Монголчууд газар дэлхийтэйгээ хүйн холбоотой учир, алт олборлохын тулд ийнхүү сэндийчэж ухасны хариу муугаар ирнэ гэдэгт тэр итгэдэг байна. Тиймээс Гансувд үе үе бага хүүгээ дагуулан Буддын сүмд очиж газар дэлхийгээсээ өршөөл эрэн ном уншуулж, залбирал үйлддэг байна.
Нэг өглөө тэднийг ирэхээс өмнө өөр хүмүүс нүхийг нь эзэмшиж алт олсон байхыг үзээд Англи эр биеэ барьж дийлэлгүй тэдэнтэй гар зөрүүлж найзыгаа, түүний “бяцхан уурхай”-г хамгаалжээ. Өвөө, аав хоёроо залгамжилсан гурав дахь үеийн уурхайчин тэрбээр ийнхүү Монголын тал нутгаас эр хүн эр хүндээ “хайртай” байхын ухаарлыг олсон байна. Крейг нутагтаа ирснийхээ дараа Монгол найздаа мал худалдаж авч өгөхөөр Британийн уурхайчдын дунд хандивын аян өрнүүлээд байгаа юм. Тэрбээр “Уурхайчин хүнд ямар нэг асуудал тулгарсан бол бусад нь заавал туслах ёстой. Энэ бол ах дүүгийн ёс. Миний найз сайхан сэтгэлтэй, шударга, бас арслантай зүйрлэж болохуйц зүрх зоригтой хүн. Би түүнд ачааны машины тэвш дүүрэн мал худалдан авч өгөөд, дурлан тэмүүлдэг хөдөө нутагт нь нүүлгэж аваачихыг хүсч байна” гэв. Өнөөдөр тэр зорилгоо биелэх тэр сайхан өдрийг тэсэн ядан хүлээж сууна.
Орчуулсан Ж.Баярмаа
МОНЦАМЭ
URL: