С.Батболдын Засгийн газарт УИХ-ын гишүүдийг ороход шударга бус гэчихээд Н.Алтанхуягийн засагт 17 гишүүн багтахад Ц.Элбэгдорж нэг ч үг дуугарсангүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил УИХ-ын гишүүн хүн сайд байж болохгүй тухай хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслөөр бол Засгийн газрын гишүүдийн ихэнхийг УИХ-ын гаднаас томилохоор тусгасан юм.
Харин энэхүү хуулийн төсөл нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч, АН-ыг ч гэсэн эвгүй байдалд оруулаад байна. Учир нь МАН-ынхан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг баталъя, Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хүрч ардын хүүхдүүдийг алаг үзэхгүй гэх мэтээр аль алинд нь үг хаяж, сануулга өгөх болсон. Ц.Элбэгдорж ийм хуулийн төсөл өргөн барихдаа АН-ыг олонх болоод Засгийн газраа байгуулчихна гэж бодоогүй, зөвхөн МАН-д зориулан ийм хуулийн төсөл өргөн барьсан гэдэг нь цаг хугацааны аясаар харагдаж байна.
Тэгээд ч Ц.Элбэгдорж сайд нарыг томилох асуудалд ихээхэн ялгавартай хандав. Учир нь өнгөрсөн жил АН-ынхан Засгийн газраас гарсны дараа МАН дангаараа Засгаа байгуулах гэхэд ихээхэн асуудал үүсгэсэн. Тухайн үед Ерөнхий сайд С.Батболдыг алдарт аргаараа телевизийнхэний дурангийн өмнө дуудаж суулгаж байгаад л “Та сайдуудаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх гэж байна. УИХ-ын гишүүн хүн хоёр ажил хийх нь зохимжгүй. Гаднаас сайдаа тавь. Тэргүүн шадар сайдыг хас, дэд сайдын орон тоог цөөл” гэх мэт заавар зөвлөгөө өгч байсан санагдана. Ерөнхийлөгийн хоригийн дагуу тухайн үед тэргүүн шадар сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг буцааж байсан даа. Энэ үйл явдлыг олон түмэн эргэн санаж байгаа байх. Ингээд л У.Хүрэлсүх тэргүүн шадар сайд болно гэсэн дэврүүн мөрөөдөл нь бүтэхгүй болсон юм.
Харин одоо АН-ынхан Засгийн газрынхаа 19 гишүүний 17-г нь УИХ-ын гишүүнээр бүрдүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч маань таг чиг. Юу ч болоогүй юм шиг л байна. Жилийн өмнө юу ярьж, ямар байр суурьтай байснаа, ямар хуулийн төсөл өргөн барьж байснаа мартсан юм шиг л асуудалд хандаж байна гэж олон нийт шүүмжилж эхэллээ. Тэгээд ч сөрөг хүчин нь энэ асуудлыг эргэн сэргээгээд ч үр дүнд хүрсэнгүй.
Тиймээс цаашид Монголын улс төрд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг элдэвийн яриаг гаргах хэрэггүй болов. Өөр нам ялаад Засгийн газраа байгуулахаар ийм асуудал ярьдаг, өөрийнх нь нам ялаад гишүүдээс бүрдсэн Засаг байгуулахад чимээгүй суудаг Ерөнхийлөгчийг шударга гэх үү гэсэн яриа газар авч байна.
Юутай ч гэсэн шударга имиж бүрдүүлж “шударга байцгаая л даа” гэдэг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Н.Алтанхуягийн Засгийн газрыг УИХ-ын гишүүд эзэгнээд чимээгүй байгаа нь шударга явдал уу? гэж асуухад хүргэлээ.
Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Батболдын засгийн газарт УИХ-ын гишүүдийг орох гэхэд шударга бус явдал гэж баахан загнасан мөртлөө Н.Алтанхуягийн Засгийн газар бараг дангаараа гишүүдээс бүрдэхэд бэлэн цэцэн, уран гоё шүүмжлэлийн үгнээсээ ганцыг ч гэсэн унагасангүй.
URL: