Монголын тамирчид 14 дүгээр байрт шалгарчээ

Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн өсвөр үеийн тэмцээн “Буянт-Ухаа”-ын спорт цогцолборын “А” зааланд явагдаж байна. Энэ тэмцээнд Ази тивийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа юм. Түүнчлэн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт энэ ням гарагт өндөрлөх аж.

Харин “С” хэсэгт өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтондоо Индонезийг 73:67-гоор буулган авсан ч хоёрдугаар шатанд шалгарч чадсангүй. Учир нь манай шигшээ баг өрсөлдөгчөө дор хаяж 30-аас дээш бөмбөгний зөрүүтэй хожиж байж дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй байв. Түүнчлэн Индонезийн шигшээ баг өнгөрсөн бямба гарагт Бахрейнийг хожоод байсан юм. Харин манай сагсчдаас Л.Мөнхсайхан Индонезийн эсрэг 33 оноо авч чадсан.

Монголын тамирчид 14 дүгээр байрт шалгарсан байна. Харин энэ хэсгийг тэргүүлэх нь нэгэнт тодорхой болсон Тайванийн шигшээ баг сүүлийн тулаанд Бахрейнийг 94:61-ээр сөхрүүлжээ. Түүнчлэн “D” хэсгийг тэргүүлэхийн төлөө Азийн шилдэг баг Иран, Филиппиний шигшээ багууд хоорондоо хүч үзлээ.

Тус дуэльд Иран хүчтэй өрсөлдөгчөө харуулж 93:72-оор буулган авснаар хэсгээ тэргүүлэв. Харин хоёрдугаар шатанд өрсөлдөх сүүлийн эрхийг Саудын Арабын сагсчид халаасаллаа. Тэд Казахстаныг 76:65-аар хожсон байна.

Түүнчлэн Монгол Улсын шигшээ баг Казахстаны шигшээ багийг 60:52-оор, Хонгконг Сингапурыг 74:64-өөр хожсон амжилт гаргасан байна. Харин хоёрдугаар шатны “Е” хэсэгт БНХАУ, БНСУ, Сири, Леван, Япон, Энэтхэг улсын тамирчид өрсөлдөж байгаа бол, “F” хэсэгт Тайвань, Иран, Филиппин, Индонези, Саудын Араб, Бахрейний шигшээ багууд өрсөлдөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих