Баяжих хүсэл- бодит боломж
Хүн болгон их мөнгөтэй болохыг хүсэцгээдэг. Зарим нь өөрийн хэрэгцээгээ хангах, нөгөө хэсэг нь их мөнгөтэй болж хүссэн бүхнээ худалдан авах хүсэлтэй. Ажаад байхад, энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүн учиргүй баян болж чаддаггүй, тийм боломж ч үгүй аж. Гэвч дийлэнх нь их мөнгөтэй баян болохыг хүсч, үүнийхээ төлөө сайн муу олон үйлийг үйлдэнэ.
Ардчилал ялснаас хойш, гадаадад зочих боломжоо ашиглан, олон олон монголчууд гадаадын олон оронд зорин очиж байгаа. Цөөн хэсэг нь эрдэм сурч өөрийгөө хөгжүүлэх гэж, дийлэнх хэсэг нь их мөнгө олж амьдралаа дээшлүүлэх хүслээр ийн зорих аж. Гадаадад л гарвал, монголд байгаагаасаа их мөнгө олж “баяжин”, амар хялбараар амьдарч болох мэтээр хүмүүс төсөөлдөг.
Цаг хугацааны урсгал дунд, гадаадад ажиллаж амьдрач байгаа монголчуудын эл хандлага аажим аажмаар өөрчлөгдөж байна. Тэд өдгөө, мөрөөдлөөс илүүтэй бодит боломжийг ойлгож эхэлж байна.
Гадаадад гарсан монголчууд “баяждаг” уу?
…АНУ-д бага бус хугацаагаар ажиллаж амьдарч байгаа миний танил ийн ярьсан юм.
-Монголчууд гадаадад ирээд эхний нэг жилд хэл сурч, ажилдаа дадлагажих, амьдрах ахуй, орчиндоо дасах гээд их л завгүй зүтгэнэ. Дараа жилээсээ их л эрчимтэй ажиллаж, мөнгө цуглуулж эхэлнэ. Алжааж ядрахыг үл хайхран, цаг хугацааг үл анзааран, заримдаа 2 ажил ч зэрэг хийж, боломжийн мөнгө цуглуулдаг. Ийм маягаар 3-4 жил хөдөлмөрлөж, цуглуулсан мөнгөөрөө монголдоо байр худалдан авч, аав ээж, ах дүү, гэр бүлдээ ч багагүй нэмэр тус болно. Энэ үедээ урамшиж, өөртөө итгэж, боломжоо ч мэдэрдэг.
Магадгүй 5 дахь жилээсээ, энэ цаг наргүй, эцэс төгсгөлгүй хөдөлмөртөө алжааж, үе үехэн ” би ер нь юуны төлөө ийн мал мэт зүтгэнэ вэ?” гэж эргэцүүлнэ. Алжаалыг умартаж, цаг хугацааг огоорон зүтгэх зүтгэлийнх нь үр шим өөрт нь хэрхэн “наалдаж” байна вэ? гэх бодол, би цаашид ийм байдлаар хэр их хугацааг өнгөрүүлж чадах вэ? гэсэн эргэлзээ олон зүйлийг харьцуулан бодоход хүргэдэг. Эцэстээ харь газрын хатуу хүнд хөдөлмөрт ийн зүтгээд, “их мөнгө цуглуулж, баяжиж чадахгүй юм байна” гэдэг бодолтойгоо эвлэрэхэд хүрнэ.
Хатуу чанд хууль дүрэм, татвар даатгалын шударга тогтолцоо бүхий энэ орнууд, хүмүүст хөдөлмөрийн хөлс нэрээр олгож буй мөнгөө буцааж авч чаддаг төдийгүй, түүнийгээ үр ашигтай зарцуулж чаддагт л хөгжлийн нууц нь байдаг. Хөдөлмөрлөөд олж буй мөнгөний хэмжээндээ зарцуулалт нь даган өсч байдаг нь хүний амьдралын хэмнэл. Энэ бүхний эцэст, тэд боломжоороо ажиллаж, олсон мөнгөө амьдралдаа хүргэж, сэтгэлийн дарамт айдасгүй тайван амьдрахыг илүүд үзэж сонгодог.
Их мөнгө олж баяжих бус, өөрийн боломжоороо тайван амьдрах амьдрал тэдэнд илүү таалагддаг болно. Энэ бол сайн жишээ.
…Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын олонхи нь шинэ амьдрал, шинэ боломжийн төлөө зүтгэдэг. Олон хүн сайнтай муутай. Ажил сураагүй залхуу, бэрхшээл давж чаддагүй хулчгар, амар хялбар амьдралыг хүсэгч арчаагүй зарим нь, биеэ үнэлж, сэтгэлээ худалдаж, хулгай хийж, хуурч мэхэлж, архи ууж элдэв мууг үйлдэж яваа нь нууц биш. Мөнгийг амьдралын утга учир, “шүтээн” болгосон тэд, өөрийн хөдөлмөрөөр олж чадахгүй мөнгөө, бусдын халааснаас олохын тулд юу эсийг үйлдэх. Арга залиар нэгэн удаа олж болох мөнгөнд “амташсан” тэд, мөнгөний боол болж, үнэ цэнэтэй бүхнээ худалдан арилжиж буйгаа анзаарч мэдэрдэггүй.
Тэдэнд баяжиж өөдлөх хүслээс , өнөөдрийн олж болох мөнгө л чухал байдаг. Энэ бол муу жишээ.
…Өндөр хөгжилтэй гадаадын олон оронд Монгол залуус суралцаж, дэлхийн хөгжлийн хандлагатай эн зэрэгцэхийг хүсч буй. Аль нэгэн эрх мэдэлтний мөнгөөр бус, арга заль, луйвраар л олддог “төрийн сангийн зээл”-ээр бус, өөрийн хүсэл эрмэлзлэл, авьяас чадвар, хүч чадлаараа төлбөрөө төлөн суралцаж буй тэд, мөнгөний үнэ цэнийг дэндүү сайн мэднэ.
Өдөр шөнө, ээлж чөлөөгүй ажиллаж бус, цаг зав бүхнээ ашиглан хичээж, суралцаж байгаа тэд, маргааш өөрийн эрдэм ухаан, авьяас чадвараараа их мөнгө олж, сайхан амьдарна гэдэгтээ итгэлтэй байдаг. Тиймдээ ч тэд хичээнгүйлэн сайн суралцдаг.
Өдгөө ийм л замаар сургуулиа төгсөж, өндөр боловсрол, чадварынхаа хүчээр тухайн орондоо мэргэжлээрээ ажиллаж, амжилт гаргаж буй олон олон монгол залуус байгаа. Тэд алжааж ядартлаа хүнд ажил хийгээд, бусдын олж мөнгөнөөс ч их мөнгийг, өөрийн дуртай хүссэн ажлаа хийгээд, олж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Тэд мөнгө бус, эрдэм мэдлэг, оюун ухаан л их баялгийг бүтээдэг гэдгийг амьдралаараа нотолцгоож байна. Тэд өөртөө төдийгүй, өөрийн хийж бүтээж байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдгаараа л бусдаас баян байдаг аж. Энэ бол гайхамшигт жишээ.
Олон олон хүмүүс шударгаар хөдөлмөрлөж, авьяас чадвар, эрдэм мэдлэг, ур ухаанаараа их мөнгө олж, сайхан амьдарцгааж байгаа. Хүн өөрөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж, энэ хэрээрээ олж буй мөнгөө өөртөө зарцуулж байхдаа баяртай байдаг. Ийм мөнгөнөөс уг хүний урсгасан хөлс, шаналсан сэтгэл, алжаал ядрал, баяр баясгалан мэдрэгдэж байдаг болохоор илүү үнэтэй. Энэ мөнгөөр худалдаж авсан бүхэн амттай, гоё сайхан, бас хайрлан хямгадмаар…
Харин өөрийгөө зовоохгүйгээр, хөлс хүчээ урсгахгүйгээр, сэтгэлээ зориулж шаналахгүйгээр олсон мөнгийг үргүй зарцуулахдаа хүмүүс ер харамсдаггүй. Хууль бусаар, амар аргаар олсон мөнгө үнэ цэнэгүй байдаг аж.
Монголд хууль бусаар баяжигсад
…Миний нэгэн танил өдгөө монголын улстөрд нөлөөлж буй намд элсэн, ихэд хичээнгүйлэн зүтгэсэн. Намын удирдлагуудад сайн “үйлчилж”, тэдэнд чин үнэнчээ “илэрхийлж”, сонгуулийн ажилд “морь нохой” мэт зүтгэсэний хүчинд, сонгуулийн дараа боломжийн албан тушаалд очлоо. Уг албан тушаал, эрх мэдлийн нөлөөгөөр хүмүүст “хүндлэгдэж”, “нөлөөлж” амьдрал ахуй нь ч боломжийн дээшилж, бага ч үгүй баяжсан даа.
Өөрөө тэгтлээ хөдөлмөрлөхгүй ч бусдын “хэрэгцээ”, “хүсэлт” ийг эрх мэдлээ ашиглан биелүүлж, үүнийхээ төлөө авсан, тодорхой хэмжээний авилгал нь амьдралынх нь эх үүсвэр болдог нь ердөө ч нууц биш. Төрийн албаны ийм сүлжээ, эрх мэдэлтнүүдийн харилцан ашигтай байх боломжийг бүрдүүлж, тэднийг “баяжуулж” байдгаараа хууль бус үйлдэл болон хувирна. Энэ бол муу жишээ.
…Өдгөө монголд хамгийн ашигтай бизнес нь “газрын наймаа”. Уул уурхай, кадастрын албанд эсвэл дүүргүүдийн газрын албанд танил талтай бол, аль нэгэн сонгож олсон газрынхаа зөвшөөрлийг, ихээхэн хэмжээний хахууль өгөөд л авч орхино. Харин уг газраа ашиглах бус, сонирхсон хэн нэгэн хятад болон солонгос нөхөрт өндөр үнээр худалдаж орхиход л тансаг хаус, үнэтэй машинтай болж чадна.
Үүнчлэн банкнаас зээл авах, банкны зээлийг чөлөөлөх, тендер болон ямар нэгэн зөвшөөрөлд зуучлаад л 10% авдаг бичигдээгүй хууль бий. Бусдын өмнө тулгарч буй элдэв асуудлуудыг хууль журам зөрчин байж, “зуучлал”-аар дамжуулан шийдэж 10%-ийг нь авилгалд авдаг энэ сүлжээт тогтолцоо, монголд хууль бус аргаар баяжих боломжийг олгодог. Энэ бол муухай жишээ.
…Хөлс хүчээ гарган хөдөлмөрлөж, сэтгэл зүрхээ зориулан бүтээж, авьяас билгээ дайчлан суралцахгүйгээр, хууль бус үйлдэл, амар хялбар аргаар баяжих боломж олгож байгаа нь, өдгөө монголчуудын сэтгэлгээ болон шударга хөдөлмөрөөрөө баяжиж, аятай сайнаар амьдрах хүсэлд саад тотгор болж буй.
“За даа, шударга царайлаад хол явахгүй дээ”, “адилхан л идэж завшиж, боломжийг өөртөө ашиглах хэрэгтэй”, “эцсийн эцэст эрээ цээрээгээ алдсан зальтай, ичгүүр сонжуургүй луйварчин л баяжиж байна шүү дээ” гэх хэлцүүд, монголчуудын өөртөө итгэх итгэл, маргаашийн сайханд тэмүүлэх тэмүүллийг унтрааж байна. Энэ бол бүр ч гамшиг.
Гэхдээ би тэдэнд атаархдаггүй. Хууль бус үйлдэл, заль луйвар, ичгүүргүй мунхаг байдал хэзээ нэгэн цагт цээрлэл хүлээдэг жамтай. Ингэж баяжсанаас өнөөдөр өөрийн боломжиндоо сэтгэл хангалуун, өөдрөг сэтгэлтэй явах нь дээр.
Төгсгөл
Мөнгөтэй, баян байх сайхан. “Иргэн баян бол улс баян” гэж үздэгийнхээ төлөө, тэртээ нэгэн цагт зарим ухаантнууд цээрлэл хүлээж байсан. Хувийн өмчгүй, тэгшитгэсэн нийгмийн тогтолцооноос салсан монголчууд, өөр өөрсдийн хүслээ даган, сайхан амьдрах боломжийн төлөө, хаа сайгүй бэдэрч байна.
Эхэндээ бүгдээрээ л Билл Геитс шиг баян болохыг хүсэцгээх авч, эцэстээ бүгдээрээ л бодит байдлыг мэдэрч, боломжоороо тайван амьдрахыг илүүд үзэх болжээ.
Их мөнгө бус эрдэм ухаан илүү их баялгийг бүтээдэг гэдгийг ч ухаарч байна. Үр хүүхэддээ их хөрөнгө бус, эрдэм мэдлэг өвлүүлэхийг хичээн зүтгэдэг эцэг эхчүүд олширч байна.
Арга залиар бус, шударга хөдөлмөрөөр их мөнгө олж баяжих нь, айх ичих зүйлгүй, бусдын нүдийг эгц харж, бардам амьдрахын үндэс. Харьд хүнд ажил хийж, олсон мөнгөөрөө амьдралаа авч яваа, монголдоо луйвар хийж, хууль бус аргаар баяжиж байгаа хүмүүсийн гол ялгаа нь энэ.
“Зүтгэл баялгаас илүү, үнэнч сэтгэл мөнгөнөөс илүү ” хэмээн нэгэн цагт бидний бахархал болсон аугаа их хаан айлдсан юм. Эрдэм ухаан, шударга хөдөлмөр, айх ичих зүйлгүй тайван амьдрал таныг бусдаас “баян ” харагдуулдаг төдийгүй мэдрүүлдэг аж.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
URL: