Нэг литр шатахуун Венесуэлд 32, Норвегид 3600 төгрөгийн үнэтэй

“Bloomberg”-ийнхэн нэгэн сонирхолтой судалгааг хийж, үр дүнг нь танилцуулжээ. Тэд дэлхийн улс орнуудад бензин хэр үнэтэй байгаа, сүүлийн гурван сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгааг судалсны дээр хамгийн үнэтэй, бас хямд бензинтэй орнуудыг тодруулсан байна.

Үр дүнд Венесуэл улсад бензин хамгийн хямд, Норвегид хамгийн үнэтэй байна гэж үзсэн байна. Хэрэв та Chevrolet Suburban машинтай гэж бодвол 150 литрийн багтаамжтай банкийг нь дүүргэхэд Венесуэлд бол 5000 төгрөгтэй байхад л хангалттай бол Норвегид дор хаяж 530 мянган төгрөгтэй байх хэрэгтэй болох нь.

Үүнээс гадна бензиний үнээсээ үл хамааран ард иргэдэд нь очих дарамт харилцан адилгүй байгааг судалгаа харуулжээ. Энэ нь мэдээж тухайн улс хөгжил, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, орлоготой холбоотой.

Жишээ нь, норвегиуд л гэхэд хамгийн үнэтэй бензин худалдаж авдаг ч тэр дарамт болдоггүй байхад хамгийн хямдхан шатахуунтай ордуудын нэг болох Пакистаны иргэдэд энэ үнэ нь хүнд дарамт болдог байна. Үнийн өөрчлөлтийн хувьд мөн л харилцан адилгүй. АНУ-д сүүлийн гурван сарын дотор шатахууны үнэ эрс унасан байхад Бразилид хамгийн их өсчээ.

Хамгийн үнэтэй шатахуунтай орнууд

Норвеги

Нэг литр бензин(өндөр чанарын):10.12 ам.доллар буюу 3646.9 төгрөг
Үнийн өөрчлөлт:4.4 хувиар өссөн

Норвеги нь ихээхэн хэмжээний газрын тос үйлдвэрлэдэг хэрнээ шатахууны үнэ асар өндөр байдаг цорын ганц улс юм байна. Норвегийн эрчим хүчний салбарын ажилтнууд тэтгэврийн асуудлаар ажил хаясны улмаас үйлдвэрлэл 15 хувиар буурсан нь үнийг дахин нэмэх шалтгаан болсон байна. Норвегиудын хувьд амьдралын төвшин дээгүүр, их өндөртэй учир шатахууны үнэ дарамт болдоггүй. Нэг талаар шатахууны борлуулалтаас олсон орлогоо улс нь иргэддээ дээд боловсролыг үнэгүй олгож, дэд бүтцээ сайжруулахад зарцуулдаг учир цааргалдаггүй байна. Норвегиудын өдөр тутмын орлого дунджаар 272 ам.доллар. Түүний ердөө 3.7 хувийг шатахуунд зарцуулдаг аж.

Турк

Нэг литр бензин(өндөр чанарын):9.41 ам.доллар буюу 3391 төгрөг
Үнийн өөрчлөлт: мэдэгдээгүй

Турк бол зүүн Европын хамгийн том эдийн засагтай, эдийн засаг нь хурдтай өсч буй орон. Гэвч хүн амын олонхи нь орлогынхоо 32 хувийг өндөр үнэтэй шатахуунд зарцуулдаг байна. Норвегиудтай харьцуулахад өдөрт ердөө 30 ам.долларын орлоготой туркуудын хувьд шатахууны үнэ маш хүнд дарамт болдог аж.

Израиль

Нэг литр бензин(өндөр чанарын):9.28 ам.доллар буюу 3344 төгрөг
Үнийн өөрчлөлт: өнгөрсөн зургадугаар сард 2.9 хувиар буурчээ

Израиль улс Ойрхи Дорнодын газрын тос олборлогчдоор хүрээлүүлсэн ч өөрсдөө тун бага олборлолт хийдэг байна. Шатахууны үнийг Засгийн газар барьдаг бөгөөд үнийнх тал хувийг нь татварын зардал эзэлдэг аж. Израилийн иргэдийн өдөр тутмын орлого 87 ам.доллар бөгөөд шатахуунд 11 хувийг нь зарцуулдаг байна. Ард иргэдэд очих дарамт нэмэгдэж байгаа учир Засгийн газраас үнийг бууруулах бодлого барьж байгаа аж.

Хонконг

Нэг литр бензин(өндөр чанарын):8.61 ам.доллар буюу 3102.7 төгрөг
Үнийн өөрчлөлт: 3.1 хувиар буурчээ

Хятадын нэг хэсэг боловч Хонконг нь өөрийн гэсэн Үндсэн хууль, улс төрийн бүтэцтэй, шатахууны ялгаатай үнэтэй бөгөөд хятадуудаас 76 хувиар их мөнгийг шатахуунд зарцуулдаг ч тэднээс бага дарамттай байдаг байна.  Хонконгуудын өдөр тутмын дундаж орлого нь 99 ам.доллар байдаг бол үүнийхээ 8.7 хувийг шатахуунд зарцуулдаг байна.

Нидерланд

Нэг литр бензин(өндөр чанарын):8.26 ам.доллар буюу 2976.6 төгрөг
Үнийн өөрчлөлт: 12 хувиар буурчээ

Нидерланд буюу Голланд бол нэг хүнд ногдох унадаг дугуйнхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг улс юм. Тиймдээ галт тэрэгний зогсоол, музей үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад зориулалтын зогсоолууд дээр унадаг дугуйнууд ёстой л башгирч байдаг. Тиймдээ дугуйны тусгай зам, хонгил, бүр тусгай гэрлэн дохиотой. Голландуудын өдөр тутмын орлого дунджаар 131 ам.доллар. Үүнээс шатахуунд 6.3 хувийг нь зарцуулдаг учир өндөр үнэтэй шатахуунаас дарамт мэдэрдэггүй байна.

Хамгийн хямд шатахуунтай орнууд

Венесуэл

Нэг литр бензин(өндөр чанарын):0.09 ам.доллар буюу 32.43 төгрөг
Үнийн өөрчлөлт: өөрчлөгдөөгүй

Шатахууны диваажин гэвэл Венесуэлийг л хэлэх байх. Учир нь тус улсад нэг галлон бензин ердөө 0.09 ам.доллар буюу литр нь ердөө 32.43 төгрөг. Манайхаар бол нэг ширхэг бохьны үнэ гэсэн үг. Энэ нь мэдээж Венесуэл улс газрын тосны нөөц, олборлолтоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдэгтэй холбоотой юм. Хэдийгээр венесуэлүүдийн өдөр тутмын дундаж орлого харьцангуй бага 30 ам.доллар боловч шатахуунд хамгийн бага зардал гаргадаг буюу орлогынхоо ердөө 0.3 хувийг зарцуулдаг байна.

Саудын Араб

Нэг литр бензин(өндөр чанарын):0.61 ам.доллар буюу 219.8 төгрөг
Үнийн өөрчлөлт: өөрчлөгдөөгүй

Дэлхийн газрын тосны нөөцийн тавны нэгийг эзэмшдэг гэдэг утгаараа Саудын Арабд шатахуун маш хямд байдаг. Гэсэн хэдий ч тус улс дотоод дахь шатахууны хэрэглээгээ бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг илүү их ашиглахыг зорих болсон бөгөөд энэ цаагуураа эрчим хүчний эх үүсвэрээр цангаж байгаа орнуудад газрын тос, байгалийн хийгээ өндөр үнээр борлуулахыг илүүд үзэж байгаатай холбоотой гэнэ. Тус улсын хүн амын өдөр тутмын дундаж орлого 62 ам.доллар бөгөөд орлогынхоо 1.0 хувийг шатахуунд зарцуулдаг байна.

Кувэйт

Нэг литр бензин(өндөр чанарын):0.89 ам.доллар буюу 320.7 төгрөг
Үнийн өөрчлөлт: 1.1 хувиар өсчээ

Кувэйтийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг тал хувийг, экспорт болон Засгийн газрын орлогын 95 хувийг газрын тос бүрдүүлдэг. Гэхдээ тус улс эдийн засгаа олон төрөл, салбараар хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2010 онд л гэхэд ийм төлөвлөгөөнд 130 тэрбум ам.долларыг зарцуулахаар төсөвлөжээ. Газрын тосны орон гэдэг утгаараа тус улсад шатахууны үнэ маш хямд байдаг бөгөөд өдөр тутамдаа дунджаар 146 ам.долларын орлоготой кувэйтүүд үүнийхээ нэг хүрэхгүй хувийг шатахуунд зарцуулдаг байна.

Египет

Нэг литр бензин(өндөр чанарын):1.73 ам.доллар буюу 623 төгрөг
Үнийн өөрчлөлт: өөрчлөгдөөгүй

Египетүүдийн өдөр тутмын дундаж орлого 8.52 ам.доллар байдаг бол орлогынхоо 20 хувийг шатахуунд зарцуулдаг байна. Энэ нь хэдийгээр хямд шатахуунтай ч бага орлоготой тэдэнд нэлээд дарамт болдог гэсэн үг юм.

Арабын Нэгдсэн Эмират улс

Нэг литр бензин(өндөр чанарын):1.89 ам.доллар буюу 681 төгрөг
Үнийн өөрчлөлт: өөрчлөгдөөгүй

1960-аад онд газар тосны орд нээснээсээ хойш Арабын Нэгдсэн Эмират улс ядуу буурай нүүдэлчин орноос орчин баян орон болтлоо хөгжиж хөлжсөн билээ. Дэлхийн найм дахь томоохон газрын тос үйлдвэрлэгч гэдэг утгаараа шатахууны үнэ хямд байдаг аж. Ард иргэдийнх нь өдөр тутмын дундаж орлого 191 ам.доллар байдаг бол шатахуунд нэг хүрэхгүй хувийг нь л зарцуулдаг байна.

Б.Тамир


URL:

Сэтгэгдэл бичих