Н.Алтанхуягийн амралт, чөлөөгүй ажиллана гэсэн нь амжиж бүгдийг хулгайлахын нэр үү

Одоогоос 16 жилийн өмнө 1996 онд Р.Гончигдорж “Засаг барьж байгаа дөрвөн жилд төрийн өмчийн ямар ч хамаагүй объектыг хэний ч хамаагүй мөнгөөр “Ардчилсан холбоо” эвсэл л авах ёстой…” гэж хэлсэн юм. Ерөөсөө л шууд утгаараа тэгж хэлсэн. Хэлсэн амандаа ч хүрсэн. Тэр хугацаанд л Монголын төрийн өмчийг сулруулах бодлого чинээндээ хүртэл хэрэгжиж, өдгөө сайдын суудалд заларсан олигархиудын хөрөнгөжих эх суурь бүрэлдсэн юм шүү дээ.

Түүх давтагдаж байна. Тэртээ 16 жилийн өмнө Р.Гончигдоржийн хэлснээс бараг ялгарахгүй, арай жаахан “баг­тай” буюу хуурмаг үзэл суртлаар өнгөлөн далдалсан үгийг Н.Алтанхуяг хэллээ. Түүний танхим өглөө үдэш, хагас бүтэн сайны амралтгүй ажиллах юм гэсэн. Яасан танил сонсогдож байна аа. Н.Алтанхуягийн “амин хайр” болсон С.Баярцогт нэгэнтээ “Улстөрчдийн үгийг эсрэгээр нь ойлгож бай…” гэж хэлсэнчлэн Н.Алтанхуягийн танхим амралтын өдрийн ч чөлөө завсаргүй идэж, ууж, хулгайлж, нуух ажил хийх юм байна. Гайхаад байх юмгүй. Ардчилсан намынхны цусанд байдаг уугуул чанарыг эргэн санасан ч идэж, ууж, ард түмний хөлс хүчээрээ босгосон бүхнийг хуу хамах аянаа өнгөрсөн амралтын өдрүүдэд яаруу сандруу эхлүүллээ.

“Эх орон-Ардчилал” эвслийн үед тэдний 40 гишүүнийг тангараг өргүүлэхээр анхдугаар чуулган зарлахад бас л С.Баярцогт “МАХН-ын 30 гаруй гишүүнийг байхгүйгээр анхдугаар чуулган хуралдуулах нь хууль бус…” хэмээн өнөөдөр шоронд суугаа Н.Энхбаярын захиалгаар хашгирч байсан юм. Тэгвэл одоогийн чуулган Монгол Ардын Намын гишүүдгүйгээр хуралдахад С.Баярцогт тэртээ 2004 онд Н.Энхбаярын улстөрийн захиалгаар хэлж байсан үгийнхээ эсрэг ам уралцан тайлбар хэлж зогссон билээ. Үнэхээр Монгол Ардын Намын төлөөлөлгүй хууль бус УИХ-аас батлагдсан хууль бус Засгийн газар танхимынхаа толгойлогчийн ташуур болгосон үзэл суртлын дагуу хулгайлж, луйвардах замдаа гарч байна.

Р.Гончигдоржийн алдарт үзэл суртлаа шууд утгаар нь хэлсэн тэр цаг хугацаанд Н.Алтанхуяг Үйлдвэр худалдааны сайд, сүүл рүүгээ Хүнс, хөдөө аж ахуйн сайдыг хавсран гүйцэтгэгч ч байсан. З.Энхболдтой нийлж лав л төрийн өмчит хувьцаат компани буюу алтны шороон орд луйвардсан. Дүүгээ “Автоимпекс-ийн захирлаар тавьж байгаад дампууруулан хөрөнгийг нь үнэгүйдүүлэн халаасалсан гээд З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байх үеэс л эхлэх Н.Алтанхуяг тэр хоёрын түрийвч нэг болсон түүхийг өгүүлбэл даанч арвин баримт гарна. Тиймдээ ч сая УИХ-ын хууль бус даргаар З.Энхболдыг тавихын төлөө Н.Алтанхуягийн үхэн хатан зүтгэхийг ард нийтээрээ харлаа. Үндсэн хуулийнхаа заалтаар үзсэн ч, аль дээр үед С.Баярцогтын “Хууль бус…” хэмээн хашгирч байснаар бодсон ч З.Энхболд бол яах аргагүй хууль бус спикер.

Үндсэн хуулийн заалтаа зөрчлөө хэмээсэн Монгол Ардын Намынхныг нүд үзүүрлэж, үл тоох тул С.Баярцогтын чуулганы танхимд өндөр дуугаар ярьж, хэлж байсныг “Ардчилсан намын улстөрч ч цагтаа УИХ-ын даргыг хэрхэн сонгох Үндсэн хуулийн заалтыг мэдэж л байсан. Хууль зөрчлөө хэмээн хашгирч л байсан… Одоо яагаад яг тэр хуулийн заалтыг урвуугаар нь уншиж ойлгоод, бүр өөрөө УИХ-ын дэд дарга болчихов оо?” хэмээн дахин дахин яншаад байгаа хэрэг. Телевизийн архив шүүсэн ч С.Баярцогтын нүүр тодоос тод гарна. Тийм л цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийг зөрчин байж УИХ-ын хууль бус дарга болсон З.Энхболд Ардчилсан намаасаа ч энэ том алба тушаалд өрсөлдөгчгүйгээр нэр дэвшсэн нь түрийвч нэгт, хөрөнгө мөнгөний эрх ашиг нэгт Н.Алтанхуягийнх нь алтан дэмжлэг байлаа.

Дараа нь харин хууль бус З.Энхболдоороо дэмжүүлсэн Н.Алтанхуяг засгийн эрхийг гартаа авангуутаа, амралтын өдөр ч хулгайчийн ажлаа хийх уриа, үзэл суртлаа зарлаж байна. Н.Алтанхуягийн луйварт суралцсан 1990-ээд оны үеийн өдрийн хэрэглээ нь сая төгрөг байсан бол одоо харин сая ам.доллар болоо биз. Идэж, уухаа 1996 оноос эхлүүлж гаршсан их гарын хулгайч Н.Алтанхуяг одоо амралт, чөлөөгүйгээр, гадагшаа ч айлчлах завгүйгээр хөрөнгө, мөнгө зувчуулахдаа туршлагагүйтэхийн зовлон даанч үгүй. Энэ засаглалынх нь үеийн хамгийн том хулгай Тавантолгой байх болов уу. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Ардын Намын Засгийн газарт байхдаа шүдэндээ зуун байж Тавантолгойг гацаасныхаа хэргийг одоо л гаргахаар шүлсээ залгилж суугаа. Зам мөр, үндэс суурь нь болох үзэл суртлаа ч эмээж, ичихийн нүүргүй зарлалаа.

Б.ЦЭНГЭЛ

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих