Албан тушаалаа ашиглахгүй ”азтай” сайд нар

Ардчилсан нам МАХН-МҮАН, ИЗНН-тай хамтран байгуулж буй Засгийн газрын гишүүдийг албан тушаалаа өөртөө урвуулан ашиглахгүй гэх ямар баталгаа байна вэ? Ийм асуулт тавих эрх хүн бүхэнд бий. Гэвч үүнд хариулахын өмнө яагаад ийм асуулт тавих болов гэдэгт хариулах учиртай.

Өнгөрсөн хугацаанд “сайд, дарга болсноор хувийн ажил төрөл нь цэцэглэдэг. Гэр бүл, танил талынх нь бизнест боломжууд шинээр гарч ирдэг” гэх бичигдээгүй хууль нэгэнт бий болсон. Энэ нь ч “наргианы наян хувь үнэн” гэдэг шиг зүйл.

Өнгөрсөн жилүүдэд Эрүүл мэндийн дэд сайд хүн хувийн эмнэлэгтэй, Барилга, хот байгуулалтын сайд зам, барилга, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай, Байгаль орчны  нөхөн сэргээлтийн асуудлыг ярихаар уул уурхайн компанид хувь эзэмшдэг, уул уурхайн компанитай гишүүд шийдвэр гаргадаг тухай шүүмж хэвлэлээс тасраагүй. Тодорхой жишээ татья гэвэл дэндүү олон.

Өнгөрөгч онд Засгийн газар ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд гаргах санаачилга гаргахад нэр заасан компаниуд дунд Ерөнхий сайдын “Алтай кашемир” компани багтсан байсан нь ил болж, сүүлдээ Ерөнхий сайд С.Батболд хэл амны бай болохоос айж “Алтай кашемир”-ийг өнөөх жагсаалтаас хасуулж байсан юм. Жагсаалтаас хасах эрх мэдэлтэй хүн нь жагсаалтад оруулсан нь тодорхой байсан талаар яригдаж байсан ч экс Ерөнхий сайд харин ч ичих булчирхай нь гайгүй сайн байсан болохоор нэрийг нь татуулсан. Өөрийнхөө компанид мөнгө хуваарилсан бусад тохиолдлуудад ямар ч хариуцлага ярих боломжгүй байлаа.

Харин энэ удаагийн Засгийн газрын гишүүдэд өмнө тогтоод байсан “хувийн бизнесийг цэцэглүүлэх боломж” хуулиар хаалттай болсон. Өөрөөр хэлбэл, барилгын компанитай хүн хэчнээн сайд байлаа ч гэсэн өөрийн компанидаа тендер авч өгч чадахгүй гэсэн үг. Тэр ч бүү хэл гэр бүл, хамаатан садныхаа компанид ашигтай шийдвэр гаргах ч боломжийг нь хуулиар хязгаарлаж орхисон. Дээр дурдсан хардалт нийгэмд бодитойгоор байсан тул Н.Алтанхуяг өөрийн багт ажиллахаар нэр нь дэвшсэн хүмүүсийг “ашиг сонирхлын мэдүүлгээ өг” хэмээн шавдуулсан гэх.

Нөгөө талаасаа өнөөдөр томилогдсон сайд нар нь ашиг сонирхлоо худлаа мэдүүлсэн, өөрийн сонирхлоор асуудалд хандвал албан тушаалаасаа зайлуулагдахаас эхлэн Эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл заалттай.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЙД ҮЙЛДВЭРТЭЙ БАЙЖ БОЛНО, ӨӨРИЙНХӨӨ ҮЙЛДВЭРТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ

Ашиг сонирхолгүй хүнийг албан тушаалд тавина гэх нэрээр өмч хөрөнгөтэй, эрхлэх бизнестэй хэн нэгэнд ажил хариуцуулахгүй байж болохгүй. Үүнийг ч хууль тогтоогчид ойлгож байсан тул Сонирхлын зөрчлийн хуулийг ч анх боловсруулахдаа хэт туйлшрахаас болгоомжилж тодорхой зохицуулалт хийжээ. Тодруулбал, хэдийгээр хувьдаа компанитай хэдий ч нэгэнт энэ салбараар мэргэшсэн, төрийн албаны шаардлага хангаж байгаа хүмүүс тухайн салбарыг эрхлэх төрийн захиргаа, улс төрийн албан тушаалыг эрхлэх боломжтой.  Харин яг өөрийн компанийнх нь эрх ашиг хөндөгдөх үед энэ тухайгаа эрх бүхий удирдлага, байгууллагад мэдэгдэх зохицуулалттай болсон.

Бүр тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг  “Мах экспорт”, “Чамон”, “Эмнэлгийн техник” гэх компаниуддаа улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийх хориотой. Эдийн засгийн хөгжлийн яамны Н.Батбаяр нь  “Монгол Түлхүүр” ХХК, “Лемур” ХХК, “Цэцэрлэг Ар” ББСБ, “Жаргалант сервис” ХХК-ууддаа тендер олж өгөхгүй байх, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нь “Мах импекс”, “Женко тур бюро”, “Талх чихэр” тэргүүтэй компанидаа үйлдвэржилтийн хөнгөлөлттэй зээл олгохгүй байх зэргээр ашиг сонирхлоо илэрхийлэхгүй байх үүргийг хуулийн дагуу хүлээсэн гэсэн үг.

Магадгүй өмнө нь сайд хүн компанидаа тус болдог байсан бол ирэх дөрвөн жилд сайд байсныхаа төлөөсөнд компанидаа “ус” болох тохиолдол ч гарч болох л юм.

АШИГ СОНИРХОЛ НЬ ЗӨВХӨН КОМПАНИЙН ЭРХ АШГААР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

“Ашиг сонирхол гэдэг нь зөвхөн орлого төдий зүйлээр тодорхойлогдохгүй” хэмээн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлаж байх үеийн чуулганы хэлэлцүүлэгт онцолж байсан юм. Засгийн газрын гишүүдийн томилгооны асуудлыг ярьж буй үед МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэнд сайдад хүн томилохдоо “өөр нэг ашиг сонирхлыг гаргах гээд байна уу” гэх хардлага байсан юм. Тэр нь тус эвслийнхэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялаас чөлөөлөхийн тулд Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яамыг авч хоёр сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн байдлаар нь ялаас чөлөөлөх оролдлого байсан гэнэ. Хэрэв үнэхээр ийм сонирхол байсан хийгээд энэ мэтээр нам бүлэглэлийн эрх ашгийн төлөө сайдын суудлыг ашиглах гэж оролдвол мөн л хууль үйлчлэх болно гэсэн үг.

Энэ мэтчилэнгээр ашиг сонирхол гэдэг нь зөвхөн орлогоор тодорхойлогдохгүй ба сонирхлын зөрчлийн хууль гэгч нь сайдад л хамааралтай гэсэн үг биш юм.

Шинэ Засгийн газрын  танхим бүрдсэн энэ өдрүүдэд энэ бүхнийг дахин онцлон сануулахын учир бол тэдний ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох, хариуцлага хүлээлгэх хуультай болсон. Өөрөөр хэлбэл, тэд магадгүй Монгол түүхэнд анх удаагаа ашиг сонирхлын зөрчлөө хуулиар хязгаарлуулах “эрхтэй” болсон “азтай” сайд нар. Тийм ч учраас өмнө нь хуулийн ямар нэгэн зохицуулалтгүйгээс сайд болбол хувийнх нь бизнес цэцэглэнэ гэсэн ойлголт үүгээр эцэс болоосой хэмээн найдаж байгаагаа шинэ Засгийн газар бүрдсэн баярт өдөр бас баяртайгаар дуулгасуу.

Б.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих