Уул уурхайн сайд Д.Ганхуяг Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцрохоо мэдэгджээ
Н.Алтанхуягийн Засгийн газарт нүдээ олсон хэдэн томилгоо байна. Түүний нэг нь Д.Ганхуягийг Уул уурхайн сайдаар томилсон явдал юм. Учир нь тэрээр сүүлийн жилүүдэд уул уурхайн асуудлаар дагнан ажиллаж, газар шорооныхоо төлөө нилээд дуугардаг болсон. Ялангуяа Оюутолгойн гэрээ ард түмэнд ашиггүй, ард түмнийг хуурах зорилгоор хийсэн болохыг илчлэн шүүмжилсэн цөөхөн гишүүдийн нэг юм. Оюутолгойн гэрээг шүүмжилсэн гишүүд ганц нэгээрээ чимээгүй болоод үлддэг. Харин Д.Ганхуяг тэднээр амаа үдүүлээгүй ард түмний эрх ашгийн төлөө, Оюутолгойн гэрээг өөрчлөхийн төлөө тууштай зүтгэж ирсэн. Тиймээс Оюутолгойн гэрээг ашиггүй гэж үздэг ард түмэн Д.Ганхуяг гишүүнийг Уул уурхайн сайд болоход ихэд баярлажээ.
Тэгээд ч Д.Ганхуягийг Уул уурхайн сайд болоход цөөнгүй гишүүд Оюутолгойн гэрээг засах боломж олдож байгааг онцолсон. Өөрөө ч энэ гэрээг эргэж харахаа илэрхийлсэн. Харин сайдын суудлаа хүлээж аваад баяраа тэмдэглэхдээ Оюутолгойн гэрээг өөрчилж ард түмнийхээ өмнө ямар сайд болохоо харуулна гэж ам гарчээ. Тэгээд ч Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно гэж мэдэгдсэн байна. Үнэхээр энэ сайдыг санасан зорьсондоо хүрэхийг олон хүн дэмжинэ. Бас олон хүн эсэргүүцэн эрх ашгаа хамгаална.
Ямартаа ч гэсэн Оюутолгойн гэрээг шинэчлэх боломж нээгдлээ. Уг нь С.Баярын Засгийн газар хийсэн энэ гэрээнд С.Батболдын Засгийн газар бага зэрэг өөрчлөлт оруулсан. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар ихээхэн өөрчлөлт оруулахаар зүтгэх нь тодорхой боллоо. Ингэж чадахгүй бол салбарын сайд нь огцрохоо албан бусаар ч мэдэгдлээ. Ард түмэн ч тэднийг Оюутолгойн гэрээг үндэсний эрх ашигт нийцүүлэхийг шахаж шаардах болно.
Уул уурхайн шинэхэн сайд Оюутолгойн гэрээнд томоохон нэмэлт өөрчлөлт оруулахын тулд эхний ээлжинд уг гэрээ ашиггүй, ард түмний, улс эх орны эрх ашигт нийцээгүй болохыг батлах эрдэмтэд, хөндлөнгийн хүмүүсийн экспертийг гаргаж ажиллуулахаар намынхан болоод салбарынхантайгаа зөвлөлджээ.
Ийнхүү ашигтай, ашиггүй гэж маргалдаж, ард түмний тархийг угаах сэдэв болсон Оюутолгойн гэрээнд томоохон өөрчлөлт оруулах галт тэрэг өнөөдрөөс хөдөллөө. АН-ынхан ч энэ өөрчлөлтийг оруулах гэж хичээнэ. МАН-ынхан мэдээж эсэргүүцэхгүй. Уг гэрээг ашиггүй гэж мэдэгдэж жагссан олон хүн парламентад орж ирсэн. Энэ бүхэн Оюутолгойн гэрээг эргэж харах үндсэн нөхцөл тохироо болж мэднэ.
Манай 24tsag.mn ч гэсэн Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бодлогыг дэмжиж ажиллана. Бусад хэвлэлийн байгууллагуудыг ч уриална. Цаашид Оюутолгойн гэрээний тооцоолол, үндэслэл хэрхэн хийгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ.
Ийнхүү ард түмнийхээ эрх ашгийг эрхэмлэдэг, улсаа илүүд үздэг бүхэн Оюутолгойн гэрээг эргэж харах сайхан боломж нээгдлээ. Харин Д.Ганхуяг сайд хэлсэндээ хүрч гэрээг өөрчлөх асуудлыг шийдэж чадахгүй бол ард түмний шахалтаар огцрох биз. Уг нь тэрээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг Оюутолгойн ашиггүй гэрээг хийсэн гэж гурван удаа огцруулах бичиг өргөн барьж хэлэлцүүлсэн. Харин одоо бүх боломж нь нээгдсэн байхад Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол ухамсараараа огцрох ёстой. Мэдээж тийм ухамсаргүй бол ард түмэн өмнө хэлж ярьж байсныг нь сануулж байгаад огцруулна. Ийнхүү Д.Ганхуягийн хувь заяа Оюутолгойн гэрээн дээр дэнжигнэх өдрүүд эхэллээ.
С.Баатархүү. 24tsag.mn
URL: