Эр хүн уучилж сурах хэрэгтэй

“Намайг уучлаарай”: энэ хоёрхон үгийг хэлэхэд нэг талаараа хамгийн амархан, нөгөө талаараа хамгийн хэцүү үгнүүд. Яг үнэндээ бид нар эдгээр үгсийг өдөр тутмын амьдралдаа маш олон удаа  юм шиг хэрнээ жижиг зүйлс дээр л хэлдэг. Жишээ нь гудамжинд хүн санаандгүй мөргөчхөөд бид бүгдээрээ л төвөггүйхэн “Уучлаарай” гэж хэлдэг. Харин хайртай хүмүүсдээ, дотнын найзууддаа чухал үед энэ үгийг хэлэхээс “харамладаг”. Яг үнэндээ уучлал гуйж чадахгүй байх нь гэрт ч тэр, ажил дээр ч тэр бидний бүх харилцааг улам л дордуулна. Тиймээс уучлал гуйж сурах нь чамайг өсвөр насны хөвгүүнээс альфа эр  хүн болоход чинь тусална.

Бидний уучлал гуйхыг хүсдэггүй шалтгаан

Нэр хүнд: Уучлал гуйх алдаа хийснээ хүлээн зөвшөөрч байна гэсэн утгатай учраас эрчүүдийн хувьд хэцүү байдаг. Ингэснээрээ бидний нэр хүнд унана гэж буруугаар ойлгодог.

Ичих: Буруу зүйл хийж тухайн хүнийг гомдоосон ч уучлал гуйх нь ичгэвэртэй явдал гэж үздэг. Үүний оронд мэдээгүй, болоогүй юм шиг царайлах нь дээр гэж бодон бас л уучлал гуйхаас татгалздаг.

Уурлах: Бид магадгүй буруу юм хийсэн байх, гэхдээ нөгөө хүн маань бас л буруу юм хийсэн байвал… Уучлал гуйя гэсэн ч дотроо бухимдаж, би яагаад уучлал гуйх ёстой гэж боддог.

Тэгвэл ямар үед уучлал гуйх хэрэгтэй вэ?

Чиний буруу 100% биш байсан ч: 100% өөрийнх нь буруу биш л бол амнаасаа үг унагадаггүй залуучууд байдаг. Ганц хэлдэг үг нь “Энэ зөвхөн миний буруу биш”. Бодит байдал дээр аль нэг тал нь 100% буруутай байх тохиолдол тун бага байдаг.

Ер нь тэгээд чиний алдаа 1%, нөгөө хүний алдаа чинь 99% байсан ч чи тэр 1% – ын алдаагаа засахын төлөө явах ёстой.

Бусад хүмүүс мэдээгүй байсан ч: Чи бага байхдаа айлын цонх хагалчхаад, зугтаад гүйж байсан уу? Хэрвээ хэн ч хараагүй бол намайг буруутай гэдгийг хэн ч мэдэхгүй гэж боддог байсан уу? Энэ бол балчир хүүхдүүдийн алдаагаа “зөвтгөдөг” арга нь. Харин “том болсон” эр хүн бусад хүмүүс мэдээгүй байсан ч буруугаа хүлээж бусад хүмүүсийг хохироохгүй байх нь зөв юм.

Ер нь тэгээд алдаа хийсэн даруйдаа уучлал гуйх нь  хамгийн зөв алхам юм. Хэдий удаан хүлээнэ, төдий чинээ уучлал гуйх улам хэцүү болдог.

Уучлал гуйх хэрэггүй шалтгаанууд

Өөрийн итгэл үнэмшлийнхээ төлөө зогссон үед: Хэрвээ чи өөрийн үзэл бодлоо хамгаалах үүднээс тухайн хүнтэй маргалдаж, эцэстээ хэрэлдэж, бие биенээ доромжилж салсан бол тэр хүнээс уучлал гуйх хэрэгтэй. Харин үзэл бодлоо хүндэтгэлтэйгээр, зөвөөр ойлгуулсан ч нөгөө хүн чинь дурамжхан байх юм  бол түүний төлөө уучлал гуйх хэрэггүй.

Бусад хүмүүсийн утгагүй хүсэлтийг хүлээж аваагүйнхээ төлөө: Найз охин нь түүнээс бүх хүслийг нь биелүүлэхийг шаарддаг нэг иймэрхүү залуус байдаг даа. Мань эр биелүүлж чадахгүй чадахгүй болохоороо шалдаа бууж, охиндоо долигонож эхэлнэ. Энэ бол мэдрэмжтэй залуугийн хийх зүйл биш, харин ч өөрийн үзэл бодол, байр суурьгүй жаал хүүгийн үйлдэл шүү.

Бүх зүйлд уучлал гуйх хэрэггүй: Ийм төрлийн хүмүүс үйлдэл болгоныхоо төлөө уучлал гуйдаг. Өөрийнх нь буруу биш байхад, хүмүүс түүнийг буруутгаагүй байхад, бусад хүмүүсийн мэдэхгүй өөрийнхөө дутагдлын өмнөөс уучлал гуйдаг. Байнга уучлал гуйх нь хүмүүсийг өөртөө татахаас илүү харин ч чамайг хүндлэх хүндлэл нь багасна гэсэн үг.

Ийм л байна. Чиний хувьд үнэхээр хэрэгтэй үед дотнын хүмүүсээсээ уучлал гуйж чаддаг эр хүн мөн үү? Эсвэл үйлдэл болгоныхоо төлөө уучлал гуйгаад яваад байдаг өөрийгөө үнэлдэггүй залуу юу?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих