Монголын сагсчид Индонезийг хожлоо

Монголын сагсан бөмбөгийн холбоо нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг наймдугаар сарын 17-26-нд нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Азийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад 44 орны баг, тамирчид өрсөлдөн шилдэг 16 баг шалгарсан юм. Цар хүрээгээрээ ази тивдээ эхний гуравт багтдаг нэр хүнд бүхий том тэмцээнд Монгол, Саудын Араб, Сири, Бахрейн, Энэтхэг, Филиппин, Тайвань, БНХАУ, БНСУ, Япон, Казакстан, Иран, Ливан, Хонг-Конг, Сингапур, Индонези 16 улсын 300 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцож байгаа аж.

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний нээлтийн ёслол энэ сарын 17-нд “Blue Sky” цамхагт болсон юм. Уг ёслолыг нээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээж үг хэлсэн юм. Тэрээр Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй нь нэр төрийн гэдгийг онцлоод сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөр манай оронд хөл тавьсан бүх тамирчин, дасгалжуулагчдад спортын өндөр амжилт гаргахыг хүслээ.

Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн ийнхүү 18-нд эхэлж нийт 10 хоногийн турш Спортын төв ордон болон Яармаг дахь спорт цогцолборт зэрэг явагдах юм.

Энэ тэмцээний онцлог нь эхний гурван байрыг эзэлсэн баг ирэх жил болох сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах аж. Шар тивийн таван бүсээс шалгарсан 16 баг өрсөлдөх тус тэмцээнд Монголын баг зохион байгуулагч орны хувьд давуу эрхтэйгээр оролцох юм.

Ингээд тивийн аваргын төлөө өрсөлдөх багууд эхний шатанд дараах дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн оноолтыг танилцуулбал:

“А” группт: Хятад, Хонконг, Энэтхэг Ливан
“В” группт: БНСУ, Япон, Сингапур, Сири
“С” группт: Тайвань, Бахрейн, Индонези, Монгол
“D” группт: Иран, Казахстан, Филиппин, Саудын Араб гэсэн багууд багтжээ.

Хэсгийн шатанд багууд тойргийн системээр тоглож, хэсэг бүртээ эхний гурван байрт бичигдсэн, нийт 12 баг дараагийн шатанд дахин хоёр хэсэгт хуваагдан тоглоно.

Энэхүү тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ, Н.Ханбулаг, Ч.Энхтайван, Э.Энхтөгс, Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр нарын тоглогчид багтжээ. Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч н.Ганзоригийн удирдлага дор бэлтгэлээ базаасан гэнэ.

Тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа дахь спорт цогцолбор болон Спортын төв ордонд 10-20.00 цагийн хооронд болж байгаа юм. Эхний шатны тоглолтууд 19-нд өндөрлөсөн бол өнөөдөр  хоёрдугаар шат эхэлнэ. Ингээд 26-нд тэмцээний аваргууд тодрох юм. Монголын баг тамирчид эхний хоёр өдөр Бахрейн, Тайваны багуудтай тоглон хожигдол хүлээгээд байсан юм. Харин  Буянт-Ухаа цогцолборт өчигдөр орой Монголын баг эхний шатны сүүлийн тоглолт буюу гурав дахь тоглолтоо Индонезийн багтай хийн 67:73-аар анхын хожлоо авсан хэдий ч “С” хэсгээсээ гарч, дараагийн тойрогт тоглох эрхийг авч чадсангүй. Гэхдээ эхний хэсгээс хасагдаж буй Хонг-Конг, Сингапур, Казакстаны багуудын өмнө бичигдэхээр болсон юм.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багууд эхний шатанд хэрхэн өрсөлдсөнийг хүснэгтээр танилцуулбал:

“А” хэсэг      
Баг Хожсон хожигдсон оноо
БНХАУ 3 0 6
Ливан 2 1 5
Энэтхэг 1 2 4
Хонг-Конг 0 3 3
“В” хэсэг      
БНСУ 3 0 6
Сири 2 1 5
Япон 1 2 4
Сингапур 0 3 3
“С” хэсэг      
Тайвань 3 0 6
Бахрейн 1 2 4
Индонези 1 2 4
Монгол 1 2 4
“D” хэсэгт      
Иран 3 0 6
Филиппин 2 1 5
Саудын Араб 1 2 4
Казакстан 0 3 3

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

А.БАРСБОЛД

URL:

Сэтгэгдэл бичих