Х.Тэмүжин “7-р сарын 01″-ний хэргийн эздийг илрүүлэхээр шийджээ

Удтал хүлээсэн шинэ Засгийн газрын гишүүд томилогдож эхэллээ. Харьцангуй чадвартай хүмүүсийг АН-ынхан сайдаар томиллоо. Харин тэдний хамтрагчид аль хэр хол явж чадах ханилгаатай хүмүүс болох нь өнөөдрөөс харагдана.
Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүдээс онцгой залуу хүн ховор. Хамгийн залуу нь гэгдэх Х.Тэмүүжин л гэхэд 40 насны босгыг давж гарсан. Түүнийг Хууль зүйн сайд болоход олон хүн баярлаж бас олон хүн гунигтай байна. Ингэх нь учиртай гэнэ. Учир нь тэрээр сүүлийн хоёр жил 7 сарын нэгний буруутныг олж тогтоохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа.

7 сарын нэгэнд юу болсон тухай цагдаагийн тэмдэглэл гаргаж ирэн олон хүнд сюрприз барьсан. Бас энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг, хэвлэлийн хурал хийсэн гээд дурдаад байвал бараг 7 сарын 1-ний судлаач шахуу болсон нэгэн. Тиймээс хүмүүс Х.Тэмүүжинг 7 сарын 1-нээр онцгойлон санадаг болсон.
Тэрээр бас 7 сарын 1-нээр цоллуулах дуртай гэхээсээ илүү энэ асуудлын учгийг олох гэж хичээдэг.

Тиймээс энэ зорилгодоо хүрэхийн тулд Хууль зүйн сайд боллоо гэж эх сурвалж манайд мэдээллээ. Учир нь тэрээр намынхаа удирдлагын хүрээнд 7 сарын 1-ний буруутанг олж яллах болно гэсэн ам тангараг өргөсөн сурагтай. Гол нь намынх нь нөхөд 7 сарын 1-ний буруутанг заавал олох нь улс төрийн том ач холбогдолтой. 2016 оны сонгуульд ч АН-д хэрэгтэй гэж ярилцсан сураг байна. Энэхүү мэдээлэл үнэн худал хоёрын аль нь болохыг ирэх өдрүүдийн үйл явц нотлох учраас урьдчилан дүгнэлт хийх нь илүү хэрэг юм.

Юутай ч гэсэн энэ залууд намынх нь нөхөд сайдын суудалтай хамт том улс төр хийх хатуухан даалгавар,  “галтай бэлэг” давхар атгуулсан байж болох юм.
Хэрэв 7 сарын 1-ний асуудлыг сөхвөл С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёр гол буруутан болох магадлалтай. Хамгийн гол нь 7 сарын 1-ний хүн буудсан асуудлаар цагдаагийн эрх мэдэлтнүүдийг “аав”-ынд илгээсэн. Тэдний ард дээрх улс төрчдийг байгаа гэж олон хүн харддаг. Харин цагдаагийн эрх мэдэлтнүүд хэн ч байхгүй гэж хэлээд хоригдож байгаа.

Ямартай ч гэсэн 7 сарын 1-ний учгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин лавхан гэгч атгах бололтой. Тэгээд ч түүнийг сайдаар томилогдоход олон гишүүн 7 сарын 1-ний гол буруутанг олохыг захиж бас шордсон. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Х.Тэмүүжин буу шагайсан хүнийг олж чадахгүй бол муу дүн авна. Сайн сайд болж чадахгүй. Чи энэ асуудлыг ярьж байсан. Ярьж байсан зүйлээ хэрэгжүүлэх боломжийг олголоо. Чадахгүй бол огцрох хэрэгтэй” хэмээн хатуухан утгатай сануулга өгсөн.
Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “Х.Тэмүүжин гарсан юм чинь 7 сарын 1 шийдэгдэнэ. Хэрэг хийсэн хүнийг олох ёстой. Үүнийг олон аав, ээжүүд харж байгаа” гэсэн юм.

Мөн Ж.Батзандан гишүүн “7 сарын 1 шийдэгдэх ёстой. Энэ бол сонгуулийг луйвардсанаас үүдсэн хэрэг. Иргэн рүүгээ буу шагайсан хүнийг олох ёстой” гэх мэт сануулгуудыг өгсөн. Бас интернэтээр олон хүмүүс энэ хэргийн учрыг тайлах, хууль зүйн салбарыг шинэчлэх залуу томилогдлоо гэсэн санал сэтгэгдлүүдийг их бичсэн. Харин үүний хариуд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Баяр хүргэж буй үг бүрийн ард нэхэх хариуцлага байгаа гэдгийг маш сайн ойлгож байгаа. Дахин дахин баярлалаа. Дахин дахин үүрэг, хариуцлагаа мэдэрлээ. Бодсон, санасан шинэтгэлээ зоригтой хийгээд үзнээ” хэмээн твиттертээ бичиж үлдээсэн юм.

Эрхэм сайдын бичсэнээс үзвэл өөрийн сайдын албан тушаалаа хариуцлага хэмээн ойлгож санасан бүхнээ хэрэгжүүлэхийн төлөө зоригтой зүтгэх бололтой.
Мөн Х.Тэмүүжин сайд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, хууль зүйн салбарыг бүхэлд нь шинэчлэх зорилт тавихаа илэрхийлсэн. Ялангуяа иргэд, улс эх оронд том хохирол учруулдаг далд гэмт хэргүүдтэй хатуу тэмцэх бодолтой байгаа гэсэн. Энэ зорилгоор Мөрдөх албыг шинээр байгуулж, бэхжүүлэхэд нь ихээхэн анхаарах бололтой.

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн үед хүнд рецедив гэмт хэрэгтнүүд нам дарагдсан. Бизнес эрхлэгчдийг дарамталж татвар, хураамж, хандив нэхдэг архаг атманууд цөөрсөн гэгддэг. Харин эдгээр архагууд Х.Тэмүүжин сайдын үед улам цэгцэрч, байх ёстой газраа очих болов уу? эсвэл улам гаарах болов уу? гэдгийг ч ирэх жилүүдэд харах болно.

Хамгийн гол нь их хааны багын нэрээр дуудагдах эрхэм сайд 7 сарын 1-ний буруутанг олж тогтоож чадахгүй бол цаашдынхаа карерийг богиносгож болох юм. Чадвал мэдээж ихээхэн дуулиан дэгдээнэ. Эсвэл энэ хэрэг улс төрийн зорилго, агуулгагүй болохыг олон түмэнд мэдээлж, улс төржүүлэх шаардлагагүйг учирлаж эцэслэн хааж мэдэх юм. Ийнхүү 7 сарын 1-ний асуудлыг онцлон ярьдаг эрхэм хүссэн салбартаа сайд боллоо. Намын нөхөд нь ч, олон нийт ч их итгэл хүлээлгэлээ. Түүний онцлон улс төр хийх сэдэв нь 7 сарын 1 боллоо.

эх сурвалж: 24цаг.мн

URL:

Сэтгэгдэл бичих