Ардчилсан Засагт ажиллах 19 сайдын хэн нь хэн бэ

УИХ-ын анхдугаар чуулганы баасан гарагийн хуралдаанаар Ардчилсан засгийн газарт ажиллах сайдуудын нэрс тодорхой боллоо. Ардчилсан засагт ажиллах АН-ын 13 сайдын нэрс шөнө дүл болтол хуралдсан хуралдаанаас батлагдаж өнөөдөр тамга тэмдэгээ гардаж авсан бол МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл Удирдах зөвлөлөө хуралдуулж сайдын нэрсийг зарлахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Шударга ёс” эвсэл сайдын суудлаа 70:30 буюу  МАХН-аас 70, МҮАН-аас 30 байхаар хуваарилжээ.

Шинэ засгийн сайдуудын товч намтар

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг:
Чимэдийн Сайханбилэг нь 1969 оны хоёрдугаар сарын 17-нд төрсөн. Тэрээр 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль Түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр, англи, орос хэлтэй.  Ч.Сайханбилэг 1991 онд Монголын Залуучуудын Холбоонд ажилтан, 1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2008 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Тэрээр 2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл, 2006 онд Алтангадас одон, 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагджээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд:
Л.Болд 1979 онд Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургууль, 1981 онд ХБНГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн. Орос,  англи,  герман,  франц хэлтэй. Тэрээр 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч, 1984-1989 онд МYЭ-ийн төв зөвлөлд зааварлагч, 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн, 1993-1996 онд *Бодь интернэшил* группийн ерөнхийлөгч, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга, 1999-2000 онд ОУПХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, ОУПХ-ны Ази номхон далайн бүсийн дарга, 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч, 2000-2004 онд Голомт банкны ТУЗ-ын дарга, 2004-2008 онд АМХЭГ-ын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Л.Болд 2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон, 2005 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2011 онд Украйн Улсын Ярослав хааны 2-р зэргийн одон, 2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагджээ.

Хуулзүйн сайд Х.Тэмүүжин:
Х.Тэмүүжин нь 1979-1989 онд Төв аймгийн хоёрдугаар дунд сургууль, 1994-1998 онд Монгол Улсын Их сургууль, Хууль Зүйн Сургууль тус тус төгссөн.Тэрээр 1998 оноос МУИС-ХЗСургуульд багш, 2004-2008 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн, 2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан:
Цэвэлмаагийн Баярсайхан нь 1962 оны дөрөвдүгээр сарын 24-нд төрсөн. 1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр, 1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Орос, англи хэлтэй. Докторант зэрэгтэй. Тэрээр 1986-1989 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд мэргэжилтэн, 1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн, 1990 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд хэлтсийн дарга, 1990-1992 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд тэргүүн дэд дарга, 1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч, 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1996-1998 онд УИХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2011 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Ц.Баярсайхан 1993 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, 1997 онд Хүнс, ХАА-н тэргүүний ажилтан, 2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2003 онд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан, 2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан, 2006 онд Алтангадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр:
Л.Гантөмөр нь 1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн нэгдүгээр дүгээр дунд сургууль, 1996 онд Японы Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр, 1999 онд Японы Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. Япон, англи, орос хэлтэй. Тэрээр 2000-2004 онд *Сэтгэшгүй трейд* ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Л.Гантөмөр 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Алтангадас одонгоор тус тус шагнагдсан.

Зам тээврийн сайд А.Гансүх:
А.Гансүх 1966 онд төрсөн. Тэрээр 1984 онд Нийслэлийн арван жилийн 52-р дунд сургууль, 1986 онд МУИС-ийн орос хэлний бэлтгэл, 1997 онд МУИС-ийн хуульзүйн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хуульзүйн магистр, а
агли, Орос хэлтэй. А.Гансүх 1997-2000 онд ТӨХ-ны Хууль эрх зүйн албанд хуульч, Хамтарсан үйлдвэрийн газрын хуулийн мэргэжилтэн, 2000-2002 онд ХХБ-ны Тамгын газрын захирал, 2002-2004 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2004-2006 онд ТӨХ-ны хууль эрх зүйн газрын дарга, 2006-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, 2008-2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд, 2012 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байна. Тэрээр АН-ын ГЗ-ийн гишүүн, ҮЗХ-ны гишүүн сонгуульт ажилтай. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ:
Д.Бат-Эрдэнэ 1963 онд төрсөн. 1971-1981 онд Өмнөговь аймгийн нэгдүгээр 10 жилийн сургууль, 1986 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын их сургуулийг улс төр судлаач, философич мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх удирдлагын дээд курс, 1994 онд АНУ-ын Клорадогийн Боулдэрийн эдийн засгийн институтын Эдийн засаг, менежментийн курсыг тус тус төгссөн. Философийн ухааны доктор цолтой, Орос, англи хэлтэй. Тэрээр 1986-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн философийн багш, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 1990 оноос “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна. Д.Бат-Эрдэнэ АН-ын ҮЗХ-ны гишүүн, “Монгол 999” үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэгдлийн ТУЗ-ын даргын сонгуульт ажилтай. Тэрээр Алтангадас одон, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
Н.Батбаяр 1977 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль, 1983 онд Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургууль Эдийн засагч- статистикч мэргэжлээр, 1983 онд Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд сургууль тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны магистр, орос, англи хэлтэй. Тэрээр 1983-1992 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплекс импорт хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, орлогч дарга, 1992-1999 онд “Монгол түлхүүр” ХХКомпанийн захирал, “Фортуна” группийн ерөнхийлөгч, 1999-2000 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2000-2004 онд “Монгол түлхүүр” ХХКомпанийн захирал, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Н.Батбаяр 2004 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагджээ.

Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга:
Х.Баттулга нь 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр 1979-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, 1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач, 1990-2004 онд “Женко” ХХКомпаний Ерөнхий захирал, 1997-2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпаний гүйцэтгэх захирал, 1999-2004 онд “Мах Импекс” ХКомпаний гүйцэтгэх захирал, 2004-2008 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Х.Баттулга 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагджээ. Тэрээр орос,  англи хэлтэй.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
Д.Ганхуяг нь 1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль, 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет, 1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, 1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр, 1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн их сургуулийн Эдийн засаг менежментийн институт тус тус төгссөн. Орос, англи, япон хэлтэй. Тэрээр 1989-1991 онд “Говь” хувьцаат компанид технологич инженер, 1991-1993 онд “Бридж” ХХКомпанид дэд захирал, 1993-2004 онд “Бридж” группийн ерөнхийлөгч, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2007-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Д.Ганхуяг 2003 онд Алтангадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл:
Цэдэвдамбын Оюунгэрэл 1983 онд Хөвсгөл аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль, 1988 онд Свердловскийн УААДСургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Бизнесийн удирдлагаар магистр,  Олон улсын бодлого судлалаар магистр хамгаалсан. Англи, орос хэлтэй. Тэрээр 1988-1991 онд Хөвсгөл аймгийн МТХУГазар мэргэжилтэн, 1991-1992 онд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжын хэлтэст хэлтсийн дарга, 1993-1995 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар мэргэжилтэн, 1996-1997 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын дэд даргын туслах, 1997-1998 онд Өмч хувьчлал төсөлд оффис менежер, 1998 онд МУ-ын Ерөнхий сайдын шадар туслах, 1998-2000 онд УИХ дахь МҮАН-МСДН-ын бүлэг, бүлгийн ажлын албаны дарга, 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2000-2004 онд “Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004-2006 онд МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, 2007 оноос “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, 2008-2009 онд “Өү-Жи-И” компанийн захирал, 2009-2010 онд МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, 2010 оноос Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Ц.Оюунгэрэл 2009 онд Алтангадас одонгоор шагнагджээ.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:
Я.Санжмятав нь 1960 оны нэгдүгээр сарын 3-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Тэрээр 1981 онд Дархан хотын политехникум, 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль мал зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй. Я.Санжмямав 1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт ажилчин, бригадын дарга, 1989-1991 онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч, 1991-1993 онд МЗХ-ны Гүйцэтгэх хороонд нарийн бичгийн дарга, Интер-М нэгдлийн захирал, 1993-1997 онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Залуу удирдагч сангийн ерөнхийлөгч, 1997-1998 онд МУ-ын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 1998-1999 онд АН-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1999 оноос МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, салбар байгууллагуудыг удирдах хэлтсийн дарга, 1999-2000 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын дарга, 2000-2007 онд Завхан аймгийн ардчилсан намын дарга, 2003 оноос Алтан гадас ассоциацийн захирал, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2007-2008 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2008-2012 онд Завхан аймгийн засаг дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Тэрээр 1996 онд Алтангадас одон, 2000 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2007 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан, 2011 онд Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан, 2011 онд Статистикийн бүртгэлийн тэргүүний ажилтан, 2012 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтанаар тус тус шагнагджээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:
С.Эрдэнэ 1981 онд Улаанбаатар хотын 75-р сургууль, 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр,
1999 онд Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй. Хууль зүйн ухааны магистр. Тэрээр  1990 оноос Багануур районы анхны Ардчилсан намын хорооны дарга, 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд МХЗЭ-ийн хорооны дарга, 1990-1992 онд Нийслэлийн МоАН-ын зөвлөлд Улс төрийн ажилтан, 1992-1995 онд МҮАН-ын Хэрэг эрхлэх газарт ажилтан, 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн МҮАН-ын хорооны дарга, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, 2000 онд МоАН-ын дарга, 2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын дарга, 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга, 2005-2011 онд Нийслэлийн АН-ын дарга, 2009-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна. Тэрээр 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2004 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан, 2006 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Ардчилсан хувьсгал ялсаны 20 жилийн ойн медалиар тус тус шагнагджээ.

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Засгийн газарт ажиллах хүмүүсийн нэрсийг танилцуулбал
Шадар сайд Дэндэвийн Тэрбишдагва:

1955 онд Архангай аймагт төрсөн /57 настай/, 1982 онд Германы Гумболдтын Их Сургуулийг Хүнсний инженер технологич мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа 1982 онд Улаанбаатар мах консервын комбинатад цехийн мастераар эхэлж байсан тэрээр 2000 онд анх Н.Энхбаярын нөлөөгөөр улс төрд хөл тавьж төд удалгүй, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд болж байсан ажээ. 2004 оноос өдгөөг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. МАН-аас сонгуулийн өмнөхөн гарч МАХН-д элсэн орж, УИХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшин ялалт байгуулсан. Н.Энхбаярын “зовох цагт нь дэргэд нь байсан үнэнч андууд”-ын нэг. Хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэг, эрс шийдэмгий, олны итгэлийг хүлээсэн улс төрч

Сангийн сайд Мэндсайханы Энхсайхан /”Шударга ёс” эвсэл/
1955 онд Улаанбаатар хотод төрсөн /57 настай/, Нийслэлийн 1-р сургуулийг төгсөөд ЗХУ-ын /хуучнаар/ Киев хотын УИС-ийг Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр дүүргэсэн. Эдийн засаг мэргэжилтэй, эдийн засгийн Ph.D доктор, олон жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Монгол улсын Ерөнхий сайд, АН-ын даргын ажлыг хашиж байсан, “Эх орон – Ардчилал” эвслийн даргаар ажиллаж байсан.

Эрчим хүчний сайд Мишигийн Сономпил /“Шударга ёс” эвсэл/
1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Дархан хотын 1-р дунд сургууль, Цэргийн Нэгдсэн Дээд Сургууль төгссөн. Инженер мэргэжлээр тус тус төгссөн. “Залуу Монгол” корпорацийн Ерөнхийлөгч тэрээр өмнө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Энэ удаагийн сонгуулиар сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон тэрээр Эрчим хүчний сайд болохоор нэр дэвшигдэж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайд Нацагийн Удвал /“Шударга ёс” эвсэл/
1954 онд Архангай аймагт төрсөн. Эмч мэргэжилтэй. Нэг талаас харахад азгүй эмэгтэй, МАХН-ыг Н.Энхбаярын оролцоотойгоор үүсгэн байгуулагдах үеэс л улс төрийн үйл хэрэгт нь идэвхтэй оролцон, МАХН-ын ЕНБД-ын үүрэгт ажлыг хийж байгаа тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуулиар сонгуулийн тойрогт Архангай аймагт нэр дэвшсэн. Эрүүл мэндийн яамны дэд сайдаар ажиллаж байсан.
Иргэний зориг-ногоон намаас

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Самбуугийн Дэмбэрэл:

ИЗНН -аас УИХ-д хоёр суудал авсны нэг нь МҮХАҮТ-ын дарга гэдгээрээ олонд танигдсан энэ эрхмийн талаарх хувийн мэдээлэл интернэтэд хомс юм. Гэхдээ түүнийг Монголын сайн эдийн засагчдын нэг гэж үздэг хүмүүс олон бий. Ер нь бол ИЗНН-ыг АН болон МАН-ын талыг далдаас “дэмжигчид” бүрдүүлсэн гэж үзэх хүмүүс байдаг юм билээ. Энэ үзэл ёсоор бол С.Дэмбэрэл МАН-ын талыг баримтлагч гэнэ. Эдийн засгийн өргөн мэдлэгтэй түүнийг байгаль орчны сайд болгож байгаа нь харамсалтай боловч, энэ салбарт дорвитой өөрчлөлт хийнэ байх гэж итгэх хүмүүс олон байна.

Б.Тогтох

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60025


URL:

Сэтгэгдэл бичих