Цагаан хэрмийн цаадах хар хайрцаг

Их Цагаан хэрмийн цаана буюу манай урд хөршийн улстөрд тун удахгүй нэгэн том өөрчлөлт гарахад хоёр сар хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдээд байгаа юм. Энэ намрын сүүлчээр буюу ирэх арваннэгдүгээр сард хятадууд шинэ удирдагч Ши Зиньпинийг “залуур” дээрээ зогсоох бөгөөд өрнөдиййн боловсрол эзэмшсэн тэрээр уламжлал,шинэчлэл хоёрыг хэрхэн хослуулах нь анхаарал татсан хэвээр байгаа билээ.

Хэдийгээр Хятадын удирдлагын бодлого, тогтсон хэв шинж орвонгоороо өөрчлөгдөх нь магадлал багатай ч тун саяхан АНУ-д айлчлах үеэрээ нэлээд өвөрмөцөөр өөрийгөө харуулсан Ши Зиньпинь ялангуяа гадаад бодлогодоо зарим нэг өөрчлөлт хийж болох юм гэсэн таамаглал байгаа гэнэ. Хятадын гадаад бодлогод шинэчлэл зайлшгүй хийгдэх шалтгаан бий гэж олон улсын тоймчид бичих болсон байна. Учир нь сүүлийн үед Хятад улс гадаад харилцааны чиглэлдээ базаахгүй нөхцөл байдалд орсон талаар тэд шүүмжилж байгаа аж.

Дэлхийн эдийн засагт оруулж байгаа хувь хэмжээ нь улам бүр ихсэх болсон Хятадын гадаад бодлогын таагүй байдал эргээд олон улс, орны худалдааны эргэлтийг зогсоож ч болох эрсдэлтэй тул Бээжингийн гадаад бодлогын хямралд ийнхүү санаа тавих нь бас ч аргагүй юм. Зарим мэдээллээр бол 2016 онд Хятад улсын дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ нь АНУ-ынхаас давж гарна гэсэн тооцоо байгаа аж. АНУ-ын дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ нь 1980 онд 25 хувь, харин Хятадынх 2.2 хувь л байсан гэдэгтэй харьцуулах юм бол дээрхи таамаглал нь Дундад улсыг ямар хүчтэй үсрэлт хийснийг харуулж байгаа хэрэг юм.

Гэвч эдийн засгийн энэ үсрэнгүй амжилт цаашид оршин тогтнох эсэх нь хүссэн ч, эс хүссэн ч гадаад улстөрийн бодлогоос шууд хамааралтай болж байгаа юм. Тэгвэл гадаад бодлогын амжилт эдийн засгийнхаас нь дутуугүй амин чухал болчихоод байгаа энэ цаг үед хятадууд харин энэ чиглэлдээ барьц алдаж байгаа тухай мэдээлэл гарсаар байв.

Харин гадаад бодлогын нэр хүндээрээ АНУ хүчтэй хэвээрээ байгаа бөгөөд нэгэн үе Хятадын эдийн засаг хүчтэй үсрэлт хийж байх үеэр байр сууриа алдах вий гэх болгоомжлол тэдэнд төрж байсан гэдэг. Гэтэл дорны хүчтэй өрсөлдөгч нь ээлж дараалсан алдаа гаргаж байгааг хараад хэсэг хугацаанд амсхийх бололтой. Харин энэ зуур хятадууд ар араасаа цуварсан “дипломат” алдаануудыг гаргасаар байгаа гэнэ.

Ихэвчлэн хөрш орнуудтайгаа харилцах тал дээр хэд хэдэн сөргөлдөөн үүсгээд байгаагийн нэг гол цэг нь Япон-Хятадын харилцаа болж байна. Хоёр жилийн өмнө буюу 2010 оны есдүгээр сард Хятадын нэг жижиг усан онгоц Японы талд саатуулж, ахмад болон далайчдыг нь хорив. Гэвч эдийн засгийн хөгжлөөрөө улам бүр хүч түрж байгаа Хятад гүрэн япончуудыг шахсаар байгаад өөрсдийн хил зөрчигчдийг суллаж чадсан. Энэ ялалтдаа хэт эрэмшсэн Хятадын талаас ийм явдал болсонд япончуудыг  уучлалт гуйхыг шаардсан нь арай л хэтэрсэн явдал болсон гэж шинжээчид үздэг аж. Энэ алдаанаас нь болж Япон улс Хятадад өөрийн дипломат төлөөллийг байлгах эсэхээ эргэн харахад хүрсэн бөгөөд хоёр орны хооронд эхний “саарал муур” гүйв.

Энэ явдлаас хойш нэг их удаагүй байтал Солонгосын хойг дээр буудалцаан болж, Хойд Солонгосын талаас галласан их бууны суманд өртөж Өмнөд Солонгосын дөрвөн иргэн амиа алдсан хэрэг гарч дэлхий нийтийг түгшээв. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байсан ч Хятад улс л ямар нэг мэдэгдэл хийж байр сууриа илэрхийлэлгүй таг дуугүй өнгөрсөн байдаг. Өмнөд Солонгосын зүгээс Хятадын энэ байдалд хариуг нь тэр дор нь барьжээ. 2010 оны арваннэгдүгээр сард Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, өөрийн нутагтаа шоронд хоригдож буй Лю Сяобо Нобелийн шагнал хүртэж шагналаа авах ёслолын ажиллагаа болох үеэр нь БНСУ албан төлөөлөгчөө илгээсэн байна.

Мэдээж энэ үйлдэл Ля Сяобог барьж хорьсон Хятадын эрх баригчдад огтхон ч таалагдсангүй. Саяхан Хятадад хийсэн Хойд Солонгосын дээд төвшний айлчлалын дараагаар магадгүй БНСУ-ын төлөөлөлөгчдийг хүлээж авах байх гэсэн таамаг гарч байгаа ч хараахан батлагдаагүй байгаа. Уг нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлж ирсэн “зургаан талт” хэлэлцээний гол оролцогчдын нэг нь болдгийн хувьд Хятад улс хоёр Солонгосын аль алинтай нь сайн харилцаатай байх нь бүс нутгийн хувьд ч амин чухал ач холбогдолтой байх учиртай.

Гэвч Хятадын гадаад харилцаанд элдэв саад бэрхшээл улам л олширсоор байх болж. Мөн л Хятадын нэг томоохон хөрш болох Энэтхэг улс хоёр орны хоорондхи харилцааныхаа тухайд итгэлцлийн төвшин нь доошилсон гэх мэдээлэл гарсан байна. Учир нь албан ажлаар Хятадыг зорьсон Энэтхэгийн өндөр албан тушаалтнуудад Хятадын талаас ямар ч үндэслэлгүйгээр виз олгохоос татгалзсан явдал гарснаас үүдэж хоёр орны хооронд таагүй байдал үүсчээ. Энэ явдлын дараа Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао Энэтхэгийн ерөнхий сайдтай уулзах үеэрээ үүссэн асуудлыг намжааж чадсан гэж байгаа ч Энэтхэгийн зүгээс хятадуудад итгэх итгэл алдарсан гэж шинжээчид дүгнэдэг аж.

Гэтэл Энэтхэг бол БРИКС хэмээх Хятад, Орос, Энэтхэг, Бразиль болон ӨАБНУ-ыг нэгтгэсэн хөгжиж буй орнуудын эдийн засгийн томоохон нэгдлийн чухал нэг гишүүн болдгийн хувьд Хятадын чухал түнш нь байх учиртай улс юм. Тэгээд ч Энэтхэг цэрэг армийн хувьд Хятадтай хөрш орнуудын дотор хүчирхэгт багтах гүрэн улс болж байгаа тул хятадууд дипломат харилцаан дахь энэ сүүдрийг арилгахыг хичээх нь лавтай.

Гэхдээ энэ мэт дээр дурдсан гадаад харилцааны олон алдаануудын “хар мөрүүдийг” мөн л Ши Зиньпинээр арилгуулахаар хойшлуулаад байгаа бололтой. Нэгэнт хийсэн алдаагаа эргэж баллах нь одоогийн Хятадын удирдлагад нэг талаас илүү зардал гаргахаас өөр дорвитой үр дүн авчрахгүй гэж үзэж байгаа ч биз, бас бардам ихэрхүү зан нь нөлөөлж болох ч тал бий. Нөгөө талаар Ши Зиньпинь шинэ хүн гэдэг утгаараа дээрхи гадаад харилцаан дахь хүйтрэлийг засаад явах нь илүү үр дүн өгөх хэд хэдэн шалтгаан бий гэж олон улсын шинжээчид харж байдаг аж. Юуны өмнө түүнийг шинэ хүн гэдэг утгаар нь хүлээж авах гадаад улс орнууд өмнөх хуудсыг сөхөхөөсөө илүү шинэ боломжуудыг хүсэх нь чухал гэж үзэх биз.

Нөгөө талаар Ши Зиньпинийн өрнөдийн боловсрол олон зүйл дээр өөрчлөлт хийж магадгүй гэсэн хүлээлт ч бас байгаа нь Хятадын гадаад харилцааны шинэ хуудсыг эргүүлэх боломжийг нэмж байгаа юм. Хятад зэрэг дорны орнуудад тэр бүр огцом эргэлт хийх нь  өнөө цагт ховор болж байгаа ч ямар нэг зүйл өөрчлөгдөх байх гэсэн итгэл мэдрэгдээд байгаа талаар олон улсын шинжээчид дурдсаар байгаа ажээ.

Гэхдээ Хятадын удирдлагуудын арваннэгдүгээр сарын өөрчлөлт ч нэмэр болж чадахааргүй байж мэдэх нэг асуудал байгаа нь Өмнөд Хятадын тэнгисийн орчим дахь газар нутгийн маргаан юм. Ялангуяа Япон Хятадын хооронд байгалийн баялгийн үлэмжхэн нөөцтэй Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад эзэмшлээ тогтоохын төлөө маш хурц “далд дайн” болсоор байгаа билээ. Хамгийн эмгэнэлтэй нь энэ асуудал зөвхөн дээрхи хоёр Азийн гүрнүүдийг төдийгүй бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг ч сэвтүүлж эхэлсэн нь дэлхий нийтэд болгоомжлол төрүүлээд байгаа билээ. Сарын өмнө болсон АСЕАН-ын буюу Зүүн Өмнөд Азийн орнуудын ассиоциацийн ээлжит хуралдааны дараа нэр хүндтэй энэ байгууллагын гишүүн орнуудаас анх удаагаа хамтарсан мэдэгдэл гаргаж чадсангүй.

Энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойшхи 45 жилийн хугацаанд анх удаагаа ийм хямралд хүрснийг зарим ажиглагч нар Хятадын зүгээс дээрхи Өмнөд Хятадын тэнгис орчмын газар нутгийн маргаантай холбоотой байр сууриа илэрхийлснээс болсон гэж дүгнэж байгаа юм. Үнэхээр ч тэгж хардах учиг бий. Учир нь одоогоор АСЕАН-ийн байгууллагыг тэргүүлэгч Камбож улс тус байгууллагын хуралдаанаас гаргах хамтарсан мэдэгдэлд дээр өгүүлж буй газар нутгийн маргааны асуудлаар байр суурь илэрхийлэхгүй гэж шийдсэнээс болж хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүй билээ.

Ийм байдалд хүрсэн нь Хятадын зүгээс АСЕАН-ийн байгууллагыг тэргүүлж байгаа Камбож улсыг шахаж, дээрхи шийдвэрийг гаргуулснаас болсон гэж ажиглагчид үзэж байгаа ажээ. Энэ нь өрнөдийн болон АНУ-ын гадаад бодлогын нөлөөнөөс ямар нэг хэмжээгээр Азийг халхалж байдаг “гал хамгаалагч” болох АСЕАН –ийн байгууллагын цаашдын ирээдүйд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Үнэндээ бол Азийн орнууд үүнийг огт хүсэхгүй нь лав. Тэд Ирак, Афганистаны болон Арабын орнуудын эмгэнэлт түүхийг өөр дээрэ амсахыг ч хүсэхгүй байгаа. Гэвч Хятад шиг том гүрний хувьд газар нутгийн асуудал олон улсын байдлаас ч илүүтэйгээр үзэгдэх цаг үе ирсэн бололтой. Үүнийг арван Ши Зиньпинь гарч ирсэн ч өөрчлөхгүй байж магад. Яагаад гэвэл язгуур эрх ашиг гэх нэг том тодорхойлолт цаана нь байгаа учраас…

  М.НАСТ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих