“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ “Чингис” зочид буудлыг 60 сая доллараар худалдан авчээ
Өмнөговь аймгийн “Таван толгой транс” ХК-ийн дийлэнх хувийг эзэмшигч “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн хувьд энэ жил ёстой л нэг од, хийморь нь гийсэн жил болж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тэрбээр тус аймагт нэр дэвшин хамгийн өндөр санал авч, эрхэм гишүүний суудалд дахин заларсан бол түүний нэр дээр уралддаг ажнай хурдан хүлэг нь энэ жилийн Улсын баяр наадмаар мөн л түрүүлж, хэр шандастай хүлэг болохоо харуулж наадамчин олныг баярлуулсан билээ. Д.Бат-Эрдэнэ гишүүн болохоосоо өмнө Хятад руу нүүрс гаргах бизнесээ амжилттай хийж, Нүхт цогцолборыг долоон сая ам.доллар, Дүнжингарав худалдааны төвийг мөн л Дундговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон “Мон Уран”-ы Б.Наранхүүгээс 30 сая ам.доллараар худалдаж авсан талаарх мэдээлэл хэвлэлээр гарч байв.
Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор багтах болсон Д.Бат-Эрдэнэ гишүүн аяллын зориулалт бүхий Мерседес Бенз загварын машиныг тусгайлан захиалж хийлгэж байсан бол хувьдаа нисдэг тэрэгтэй цөөхөн баячуудын нэгээр ч мөн тодорсон удаатай. Чингээд зогсолгүй тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулалт хийж, Кёкүшюзан Д.Батбаяраас “Эх орон” телевизийг нь “Мон Уран”-ы Б.Наранхүүгийн хамт худалдан авч өдөр тутмын сонинд ч мөн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Сүүлийн үед тэрбээр аялал жуулчлалын бизнесээ өргөжүүлэхийг зорьж, Ерөнхий сайд С.Батболдын хуруу хумсаа хугалан байж босгосон “Чингис” зочид буудлыг саяхан 60 сая ам.доллараар үнэ цохин худалдаж авсан сурагтай. Ийнхүү Монголын толгой баячууд бизнесийн салбараа өөр хоорондоо наймаалцаж, шинэ салбарт хүчээ сорих болсон гэнэ шүү.
А.Дохио /www.wikimon.mn/
URL: