“Хараа” архи ч, “Ерөөл” архи ч аль аль нь алсын хараа бишээ

“Алсын хараа” гэж нэг сайхан монгол хэллэг бий. Холын бодол, уужуу ухаан, тулга тойрсон өнөө маргаашийн зүйл биш алс хэт, хол ирээдүйн бодол ухаан,  аливаа юмыг том харах гэсэн утгаар хэрэглэгддэг энэ хэлц үг бол холын бодолтой байх гэдэг нүүдэлчний уламжлалт амьдралаас үүдэж тогтсон монгол газрын сайхан хэлц байгаа юм.

“Алсын хараатай амьдарцгаая” гэхээр бас сайхан сонсогдож байгаа биз? Юмны холыг харж, алс хэтээ зөв төлөвлөж, ирээдүйдээ итгэлтэй сайхан байя гэсэн монгол ухаанаар уриалаа юу даа гэж баярлалтай. Гэтэл үүнийг ашигласан нь хүний төлөө хүмүүнлигийн байгууллага биш архины үйлдвэр буюу монголын бараг нэг номерын архины компани. Хэрэг дээрээ алсын хараатай, холын бодолтой байхыг уриалаад байгаа юм шиг боловч ачир дээрээ ёстой “алсын хараа” нь ХАРАА архиа сайн авч  уугаарай гэсэн шиг уриалан дуудсан утгатай аж. Мэдээж энэ урианы цаана хүмүүнлигийн үйл ажиллагаа, тусламж дэмжлэг явж л байгаа байх л даа. Гэвч эцсийн бай нь ХАРАА архи авч уулгахад байгаа нь ойлгомжтой байна, бас  харамсалтай байна.

Сайн ажиглавал “Алсын Хараатай амьдарцгаая” гэдэг үгийнхээ Хараа хэмээх үгийг яг тэр Хараа архины тогтсон фонт үсгээр бичсэн байна. Нэг их ухаантай маркетинг мэддэг нөхөр үүнийг  бодож олжээ янз нь. Эндээс бас монгол хүний заль харагдаад байгаа юм. Ингэхээр энэ бол Монголчуудыг алсын бодолтой байхад уриалахаасаа өмнө цаанаа Хараа архийг аль болох их уулгах, аль болох их хордуулах зорилго тавьсан аюул гэлтэй.

Монголд өнөөдөр хамгийн сайн хөгжиж байгаа үйлдвэрлэл бол архи, согтууруулах ундаа. Хамгийн их орлоготой, хамгийн аюултай, хамгийн алсын хараагүй үйлдвэрлэл энэ болоод байна. Ийм “ашигтай” үйлдвэрлэлээс ашиг орлого хүртэж суудаг их хурлын гишүүд, төрийн томчууд, сайд дарга нар ч олон байгаа байх. Тэр архины сав баглаа боодол, шил шошго, бөглөө таглаа, үг хэллэгэн дээр ухаан гаргаж байгаа гэдэг чинь өнөө үед хаанахын хэнээс ч илүү гарна уу гэхээс дутах янз алга. Монголчууд энэ дээр үнэхээр нэг билэг оюунаа шавхаж байгаа харагдана.

Нэг хэсэг АПУ-гийн Ерөөл, Хараагийн Хараа хоёр би ч ерөөлтэй, чи ч хараалтай хэмээн тэмцэлдэж бөөн юм болов. Ерөөл гэдэг нэр үгийн үйл үг нь ерөөх бол, хараах гэдэг үгийн язгуур нь Хараа гэж маргалдав. Гэтэл нөгөө Хараа нь болохоор Сэлэнгэ аймгийн Ерөө, Хараа голын нэр байх. Хараа гэдэг голын оноосон нэрийг хараах гэдэг үйл үгийн язгуурт хүчээр тулгаж хараах, ерөөх болгож мэдэн андуурав. Андуурах юу байхав зориуд мэдэн будилж байгаа л даа. Ингээд Хараалтай явснаас Ерөөлтэй явсан нь дээр гэж бүр ардын уран зохиолчоор хэлүүлж баахан рекламдсан нь цаанаа “Хараа архи авснаас Ерөөл архи авсан нь дээр” гэсэн далд утгатай байв. Согтууруулах ундааны илэрхий сурталчилгааг хуулиар хориглодог болохоор архиа сурталчлах “мэргэн ухаан” олж байгаа нь энэ юм гэнэ.

Иймэрхүү маягаар манай “ухаантай” бизнесмэнүүд үйлдвэрлэсэн архиа рекламдах мэргэн арга олоод үүндээ үгийн сангийн салаа утга, хэлц утга ашиглаад  байгааг хэлний хүний хувьд дуугүй харж суухад зовлонтой юм. Хэл сэтгэхүй хоёр холбоотой, буруу сэтгэвэл буруу л ойлголт хүнд өгнө. Зориуд буруу сэтгэж бичиж ярих нь хүнийг, тэр байтугай нийгмийг ёстой нөгөө “системээр нь хорлох” аюултай. Системээр нь хорлож байгаа бас нэг аюул бол энэ архи согтууруулах ундаа юм аа.

2011 оны шинэ жилээр Монгол Улсын Ерөнхийлөгч архины оронд сүү дүүргэж, архитай биш сүү, цагаатайгаа ёслож байхыг уриалан үлгэрлэсэн нь сүүгээр биш архиар хундага тулгаад сурчихсан хүмүүст сонин харагдаж байсан ч ард түмнээ архинаас холдуулах гэсэн бас нэг арга буй за. Архины үйлдвэрлэлийг хориод, худалдааг нь цагаар шахаад нэмэргүй гагцхүү толгой руу нь тохируулж ууж, соёлтой хэрэглэх ухамсар бодлого тал талаас нь байнга хийх нь хамгийн зөв юм. Үүнд ч бас миний энэ яриад байгаа үгийн салаа утгыг архины рекламанд ашглахыг зогсоох тухай асуудал хамаарна. Ингэхээр архидан согтуурахын эсрэг бид бүгдээрээ нийлж байж зөв зохистой хэрэглэхээс архи, пиво үйлдвэрлэхийг хориглоод дийлэхээсээ нэгэнт өнгөрөх шиг боллоо.

Харин Ерөөл архины ард “Анд яваа нь ганзага дүүрэн болтугай, аянд яваа нь олз дүүрэн болтугай” хэмээх ерөөл билгийн үг хэрэглэсэн нь хөөрхөн болсон. Энэ бол ерөөлтэй дэмбэрэлтэй амьдардаг монгол хүнд зориулсан монгол архины нэг онцлог ч байж болох юм. Тухайн архин дээрээ таарч тохирсон хүний ой ухаанд бууж тогтохоор ардын сайхан үг хэллэг бичихэд болохгүй гэх газаргүй. Харин “Алсын Хараатай амьдарцгаая” гэж зурагтаар өдөр шөнөгүй ил цагаан  сурталдаад байх нь тусгүй байна. Алсын хараа гэдэг шиг үгийн утгыг архины сурталчилгаанд хэрэглэхгүй байхын тул яг арван нэгэн жилийн өмнө их хурлаар батлагдсан “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн дөрөвдүгээр бүлгийн “архидан согтуурахын эсрэг сурталчилгаа” хэмээх 9 дүгээр зүйлийн 2 дугаарт монгол үгийн салаа утга, хэлц үгийн утга, архины бөглөөний технологийн дэвшлийг согтууруулах ундааны сурталчилгаанд ашиглаж болохгүй гэдэг заалт тус тус яаралтай оруулж өгөх ёстой юм байна. Тэгэхээр бидэнд алсын хараа хэдий чухал ч “Хараа” архи ч, “Ерөөл” архи ч аль аль нь алсын хараа бишээ. Гол нь голоороо, архи нь архиараа, хэлц нь хэлцээрээ байсан нь дээр байна.

Ж.Ирээдүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих