Аавтайгаа ахин нэг бүжиглэх сэн…

Хит дууг хэлээрээ дуулъя.

Амин хайртай миний аав

Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан… (Аавын тухай монгол дуунаас)

 

Лүтэр Вандросс гэж сайхан дуучин байлаа. Грэммийн шагналыг наймантаа хүртэж, 25 сая гаруй альбом зарсан амжилтаараа Америкийн домогт дуучдын эгнээнд багтана. Вандроссын аавыгаа дурсан санаж, элэг нь эмтрэн бичсэн нэгэн гэгэлгэн дууг уншигч танаа орчуулан хүргэхээр шийдлээ. Вандросс энэхүү дуугаа монголчуудын Right Here Waiting дуугаар нь сайн мэддэг Ричард Маркстай хамт зохиожээ.

2004 онд Вандросс, Маркс нар чухам энэ дуугаараа Грэммийн хамгийн гол шагнал буюу “Оны шилдэг дуу” хэмээх өргөмжлөлийг хүртсэн юм. Бүхий л агуу, алдартай дуу өвөрмөц сонин түүхтэй байдагчлан тус дууны төрсөн түүх ч бас сонин.

Лүтэр хүү 7 настай байхдаа аавыгаа аюулт өвчинд алджээ. Ижийтэй нь, бас өөртэй нь дандаа л бүжиглэх дуртай байсан хайрт аавыгаа санан энэхүү дуугаа бичихдээ Лүтэр Вандросс өөрөө бас хүнд өвчтэй, явцгүй болчихсон байсан гэдэг. Эцгийнхээ насанд хүрээд ирэхэд эргээд бүхий л дуртгал сэргэн амилдаг аж. Мари Айда хатагтай (ээж нь) хүүгийхээ дууг сонсчихоод “Дөнгөж долоо хагастай байсан хүү минь элэг бүтэн амьдралаа, тэр дээр өнгөрсөн бүхнийг ямар тод санадаг юм бэ” хэмээн гайхан дуу алдсан байдаг.

 

2003 оны 4 сард анх цацагдсанаасаа хойш “Аавтайгаа ахин нэг бүжиглэх сэн” дуу, ФМ радионууд уйлсан хайлсан, аавыгаа санасан олон мянган хүний хүсэлтээр булагдсан хэмээн МТВ Ньюс сэтгүүлд дурджээ. Ингээд 2004 онд Грэммийн шилдэг дууны шагналыг хүртэхэд хүнд өвчтэй Вандросс дуугаа дуулах нь битгий хэл шагналаа хүлээн авч ч чадсангүй, видео дүрсээр л талархлын үгээ дамжуулсан байна. Дууг нь харин Грэммийн тайзнаа Ричард Марксын төгөдөр хуурын аянд Селин Дион дуулсан юм. Селин Дион бас л хайрт эцгийгээ хэвтэрт байхад дуулж таарсан тул үнэхээр сэтгэлээсээ, бас л хүчтэй, мэдрэмжтэй дуулсан билээ. Хожим эцгийгээ, бас Лүтэр Вандроссыг өнгөрсөн хойно Селин Дион дурсгал болгон бас нэгэнтээ дуулсан юм билээ.

Летэр Вандросс аавтайгаа ахин нэг бүжиглэх сэн хэмээн сүүлчийн удаа мөрөөдөн дуулаад, 2005 оны 7 сарын нэгэнд аавтайгаа уулзахаар өөрөө бурхны оронд одсон билээ.

 

Дууны үг

Одоо ингээд уламжлал ёсоор дууныхаа үгийг үгчлэн нэг, утгачлан нэг орчуулъя. Дууны нэрийг хоёр янзаар орчуулж болмоор. Dance with my Father Again гэх нь Вандросс нэг талаас ээжийгээ аавтайгаа ахин нэг бүжээч хэмээн хэлж байгаа учраас “Аавтай минь ахин нэг бүжиглээч” хэмээн хоёрдугаар бие дээр орчуулж болмоор, нөгөө талаас бас өөрийг нь аав нь өндөөр өргөөд бүжиглэдэг байсныг дурсахын тул “Аавтайгаа ахин нэг бүжиглэх сэн” хэмээн нэгдүгээр бие дээр орчуулж болох.

 

Back when I was a child,

Before life removed all the innocence

 

Амьдрал гэмгүй бүхнийг салгахаас өмнө

Хүүхэд байхад минь

 

My father would lift me high and

Dance with my mother and me and then

 

Миний аав намайг өндөр өргөөд

Ээжтэй, бас надтай бүжиглэдэг байсан, тэгээд

 

Spin me around till I fell asleep

Then up the stairs he would carry me

 

Намайг унттал эргүүлээд

Дээшээ шатаар тэврэн явдаг

 

And I knew for sure I was loved

 

Би хайрлуулж байгаагаа яг мэддэг байсан.

 

Дахилт

 

If I could get

Another chance, another walk, another dance with him

 

Хэрвээ би түүнтэй байх

Ахин нэг боломж, ахин нэг алхам, ахин нэг бүжиг олж чадвал

 

I’d play a song that would never, ever end

 

Хэзээ ч дуусахгүй дуу тоглоно.

 

How I’d love, love, love

To dance with my father again

 

Аавтайгаа ахин нэг бүжиглэхийг

Хэчнээн их хүсэн хүсэн хүснэ вэ, би.

 

2-р бадаг

 

When I and my mother would disagree

To get my way, I would run from her to him

 

Би ээжтэйгээ муудалцахаараа

Ээжээсээ зугтан түүн рүү гүйдэг байсан.

 

He’d make me laugh just to comfort me

Then finally make me do just what my mama said

 

Аав намайг намайг тайвшруулж, инээлгээд

Эцэст нь яг ээжийн хэлснээр хийлгэдэг.

 

Later that night when I was asleep

He left a dollar under my sheet

 

Дараа нь тэр шөнөө намайг унтаж байхад

Орны даавуун доор минь нэг доллар хийчихнэ.

 

Never dreamed that he would be gone from me

 

Надаас холдон явна гэж зүүдэлж ч байсангүй.

 

Дахилт

 

If I could steal

One final glance, one final step, one final dance with him

 

Хэрвээ би аавтайгаа байх

Сүүлчийн ганц мөч, сүүлчийн ганц алхаа, сүүлчийн ганц бүжгийг хулгайлж чадвал

 

I’d play a song that would never, ever end

 

Хэзээ ч дуусахгүй дуу тоглох сон.

 

Cause I’d love, love, love

To dance with my father again

 

Учир нь би аавтайгаа ахиад бүжиглэхийг

Хүсэн хүсэн хүснэм.

 

 

Sometimes I’d listen outside her door

And I’d hear how my mother cried for him

 

Заримдаа би ээжийнхээ хаалганы гаднаас

Аавын төлөө хэрхэн уйлж байхыг сонсдог

 

I pray for her even more than me

I pray for her even more than me

 

Өөрөөсөө илүү ээжийнхээ төлөө би залбирна.

 

I know I’m praying for much too much

But could you send back the only man she loved

 

Би хэтэрхий их юм гуйж байгаагаа мэдэж байна

Гэвч та ээжийн ганц хайртай хүнийг буцаан илгээгээч

 

I know you don’t do it usually

But dear Lord she’s dying

To dance with my father again

 

Би таныг ер нь тийм юм хийдэггүйг мэднэ

Гэвч Бурхан минь, ээж

Аавтай ахин нэг бүжиглэхийг үхтлээ хүсэж байна.

 

Every night I fall asleep and this is all I ever dream

 

Шөнө бүр унтахдаа би зөвхөн ингэж л зүүдэлдэг.

 

Уран сайхны орчуулга

 

Энэ дууг утгыг нь яг бариад, бас монголоор дуулж болохоор, дээр нь шүлгийн маягаар орчуулахад нэлээд хүнд юм.

 

Аавтайгаа ахин нэг бүжиглэх сэн…

 

Гэрэлтэй бүхэн цагийн шуурганд үйчхээгүй

Гэнэн бага насанд минь

Эцэг минь намайг өндөөр өргөөд

Ижий бид хоёртой бүждэг байлаа.

 

Тэгээд намайг унттал бүүвэйлж

Тэврээд өрөөнд минь оруулна

Тэгэхэд л би хайрыг мэдэрдэг байсаан.

 

Дахилт

 

Аавтайгаа би

Ахиад ганцхан бүжих сэн бол доо

Дуусч үл барагдах дуу тоглоно доо

 

Аавтайгаа би

Ахиад ганцхан бүжихийг

Шимшрэн шимшрэн шимшрэн хүсэх юм.

 

Ээжтэй би муудалцахаараа

Аав руугаа зугтдаг байлаа

Инээлгэж намайг тайвшруулчихаад

Ээжийн үгэнд эвтэйхэн оруулчихна

 

Тэгээд тэр шөнөө унтсан хойно минь

Дэрэн доор мөнгө тавьчихна

Тэртээд одчих юм гэж зүүдэлсэн ч үгүй ээ.

 

Дахилт…

 

Ээжийн өрөөний гаднаас заримдаа

Эхэр татан таны төлөө уйлах сонстоно

Өөрөөсөө илүү би түүний төлөө залбирна

Өөрөөсөө ч илүү би ээжийнхээ төлөө залбирна

 

Энэрэлт Бурхан минь би дэндүү ихийг гуйж байгаа ч

Ээжийн минь ганц хайртай хүнийг

Эргээд нэг ирүүлээч дээ.

 

Аавтай ахин ганцхан бүжиглэхийг

Амин зүрхнээсээ ижий хүсдэг

Амтат зүүдэндээ би ч бас шөнө бүр хардаг аа.

 

 

М. Саруул-Эрдэнэ


@SaruulerdeneM

 

Албан ёсны видео

Сэлин Дионы дуулсан нь


URL:

Сэтгэгдэл бичих