Ирэх сонгуульд ялагдахын цондон

2012 оны УИХ-ын сонгуульд олонхи болж Засгийн газраа байгуулах эрх авсан Ардчилсан нам эвслийн засгийн газар байгуулах ажилдаа ороод байна. Харамсалтай нь “мордохын хазгай” гэгчээр төрийн яамдыг салгаж олшруулбал ажил үүргийн хуваарь нь нарийсч ажил сайжирна хэмээн хүүхэд хуурах гэж байгаа юм шиг суртал ухуулга хүчтэй явуулах боллоо. Энэ бол улс төрийн нам хүчнийхний хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг хийж, бие биедээ тал зассан, гомдлыг нь тайлсан, хувааж идэж уух гэсэн явуургүй бодлогоо халхлах гэсэн хоосон үг юм.

Яам тамгын газрыг олшруулснаар ажил сайжирч байсан түүх Монголд байтугай энэ дэлхий дээр байхгүй. Үүнийг бид мэдсээр атал энэ буруу үйлдлийг нь дуугүй харсаар л сууна. Сонгуулийн үеэр Монголд багтаж шингэхгүй байсан олон улс төр судлаач, шинжээч, Их сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтэн мэргэд Ардчилсан намын энэ алдаатай төлөвлөгөөг шүүмжилсэн, сануулсан зөвлөмж, санал, мэдэгдэл яагаад гаргахгүй байгаа юм бол ?

Өнөөгийн дэлхий нийтийн чиг хандлага бол цаг ямагт төрийн яамдын тоог багасгах, төрийн захиргааны зардлыг бууруулахад чиглэсээр ирсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд дэлхийн чинээлэг баян хэсэгт ордог баруун Европын олонхи орнууд төрийн зардлаа хасаж бууруулсаар байна.

Сонгуульд ялж Их Британийн ерөнхий сайд болсон Ж.Камерун бүх сайд нарынхаа цалинг багасгаж ажлаа эхэлж байсан бол Монголын шинэ Засгийн газар эсрэгээрээ яамдынхаа тоог нэмж ажлаа эхлэх гэж байна. Харин ч Монголын шинэ Засгийн газар Н.Энхбаярын үеэс улс төрийн сонгуульд их хандив өгсөн хүмүүст шагнал маягаар бий болгосон яамны дэд сайд гэдэг албан тушаалыг байхгүй болгох ёстой. Тусдаа жолооч, нарийн бичгийн даргатай, энд тэндэхийн хурал зөвлөгөөн, хүлээн авалт, найр цэнгээн хэссэн, өөр гойд хийх ажилгүй энэ 3 хүний оронд 3 сайн мэргэжилтэнг яаманд авбал ажилд нь илүү нэмэр болно. Мөн тэргүүн шадар сайд, шадар сайд гэдэг сул сайдын албан тушаалуудыг үгүй хийвэл таарна. Ингэвэл шударга улс төрийг тогтооно гэж амлаж байгаа Засгийн газрын нэр хүндэд сайнаар нөлөөлнө.

Дараагийн чухал арга хэмжээ нь Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн гэдэг хоёр өөр ажлыг хавсарч хийх хүмүүст аль нэг цалинг нь олгохгүй болгож, төрийн мөнгийг хэмнэх хэрэгтэй юм. Жирийн албан хаагч, багш, судлаачийг 2 ажил хийж болохгүй гэж хориглодог атлаа төрийн толгойд гарсан улс төрийн бүлэглэлийнхэн хэдэн ч ажлыг хийсэн нэр зүүж гурилдаад давхар цалин авч байдгийг болиулбал энэ шударга ёсыг жинхэнэ ёсоор тогтоохын эхлэл болно.

Үнэхээр яамдын ажил их байгаа бол заавал шинэ яам байгуулах биш, харин өөрөөр засч сайжруулж болно. Яамны дотоод бүтэц, боловсон хүчний бодлогыг өөрчилж сонгон шалгаруулж шилдэг сайн хүмүүсийг авч болно. Нэмж авсан ч болно. Албан тушаал горилсон улс төрчдөд сайдын суудал олгож санааг нь амраахын тулд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг хоёр салгах ямар ч хэрэг байхгүй. Энэ яаманд байгаа нийгмийн хамгааллын газар, хөдөлмөр эрхлэлтийн газар гэсэн 2 үндсэн нэгжээ л чанаржуулах асуудал чухал юм. Мөн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамыг салгах нь бүр ч утгагүй завхарсан хэрэг болно.

Монгол улсын хөгжлийн төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө уриатай гарч ирсэн Ардчилсан намын тэргүүтэй улс төрийн хүчнийхэн сонгуулийн амлалтынхаа эсрэг бохир улс төр хийж, сандал суудал хуваарилах гэж яамдын тоог нэмвэл ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн хэрэг болно. Ард түмэн та нараас дараа нь хариугаа авна.

Монголын олон нийтийн цахим сүлжээнүүдийн явуулсан санал асуулгаар түүнд оролцогчдын дийлэнхи олонхи яамдын тоог олшруулахыг дэмжихгүй байна. Энэ бол ард хүсэл бодол юм. Ард түмний хүсэл бодлын эсрэг төрийн яамдыг олшруулан улс төрчдөд хувь хүртээх бохир бодлогоо явуулвал түүний хариуг нь 2016 оны сонгуулиар ард түмэн чангахан өгнө. Энэ бол ийм Засгийн газар байгуулсан улс төрийн нам, эвсэл дараагийн сонгуульд ялагдахын эхний цондон юм.

Ардчилсан нам аль нэг нам, эвсэлтэй нэгдэн шинээр байгуулах Засгийн газрын яамдын тоог олшруулж, зөвхөн албан тушаалд шунан горилсон улс төрчдийн хүсэл зоригт тааруулбал энэ нь сөрөг хүчний улс төрийн хамгийн гол хөзөр болж өгнө. Сөрөг хүчин ирэх дөрвөн жилийн хооронд эрх баригчдын яамдыг олшруулсан энэ алдаан дээр л тоглож, сурталчилж, өөрсдийн байр суурийг бэхжүүлнэ. Тэгээд дараагийн сонгуульд чухам энэ алдаагаар нь шүүмжилж, “төрийн бүтцийг цомхон чадварлаг болгоно” гэсэн уриагаар Ардчилсан нам тэргүүтэй Засгийн газрыг хөнгөхөөн ялж чадна. Энэ бол Ардчилсан нам тэргүүтэй хүчин дараагийн сонгуульд ялагдахын удаах цондон юм.

Ард түмэн Монголын улс төрд үгүйлэгдээд удаж байгаа шударга байдал, шударга тогтолцоог бий болгохыг хүсч байсан тул Ардчилсан намд саналаа өгсөн. Ард түмний энэ хүсэл зорилгыг Ардчилсан нам ёсчлон биелүүлэх ёстой.

Ж.Гэрэлбадрах

2012.8.9-нд Сеул хотноо бичээд Монгол руу илгээсэн.


URL:

Сэтгэгдэл бичих