“Усны худалдагч”-аа дарамталдаг “усан” бизнесийг хазаарлая!

Нийслэлийн шинэ удирдлагад хүргэх нэг хов байна. Улаанбаатарт эрхлэгчдийн татвараас улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрдгийг мэдэх гээд чадсангүй.

Нэг жилийнх нь тооцоог байг гэхэд, нэг улирлын, нэг сарынхыг, бүр больё, нэг өдөрт төлсөн татварыг хэлээд өгөөч гэсэн хүсэлтэд маань “Үүнийг мэдэх боломжгүй. Та өөрөө албан байгууллагууд дээр очоод асуусан нь дээр. Эсвэл дүүрэг тус бүрээс тодруулах хэрэгтэй” гэсэн хариултыг Ус сувгийн удирдах газраас өглөө.

Байгууллагынх нь гол үйл ажиллагааны талаар нэгдсэн тоо баримт, мэдээлэл байдаггүй юм байна, Ус сувгийн удирдах газарт.

“За яахав, тэгвэл ус ашигласаны төлбөрөө төлдөггүй аж ахуйн нэгжүүдийнхээ жагсаалтыг өгөөч” гэвэл, “Энэ оны эхээр бид тэднийг олон нийтэд зарлаж үзсэн. Харамсалтай нь, бөөн хэл ам дагуулдаг юм байна. Олон жил төлөөгүйгээс хуримтлагдсан их өртэй байгууллагууд бага, багаар өгч байснаа бүр зогсоочихсон” гэж байх юм.

Үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг авч дийлэхгүй, татвар төлөгчдөө дарлуулаад сууж байдаг гэнэ, манай “ус худалдагч” байгууллагынхан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад л, хохирлоо барагдуулчихаж чадахгүй байгаа бол чаддагийг нь ажиллуулъя л даа.

Ус ашигласны татварыг хэн төлдөггүй нь бараг ойлгомжтой. Гэр хорооллынхон усыг хамгийн өндөр үнээр, тэгээд яг газар дээр нь мөнгө төлж авдаг улс. Харин орон сууцныхан байр, цахилгааныхаа төлбөртэй хамт “автомат”-аар төлөхөөс өөр гарц байхгүй. Ингээд цаана нь албан байгууллагууд, тодруулж хэлбэл усаар мөнгө олдог бизнесийн “армийнхан” Ус сувгийн удирдах газрынхны нуугаад /эсвэл хаацайлаад/ байгаа өртнүүд байж таарах нь.

Нийслэлд хамгийн их ус хэрэглэдэг газар нь зочид буудал, саун, машин угаалгын газар болон, архи, шар айраг, ундаа, цэвэршүүлсэн ус үйлдвэрлэгчид. Энэ төрлийн бизнес эрхлэгчид хэр хэмжээний ашигтай ажилладгийг мэдэхийн тулд хэтэвч рүү нь хичээж өнгийх шаардлагагүй.

Нийслэлд ойролцоогоор 100 гаруй машин угаалгын газар байдаг гэсэн мэдээллийг Усны газраас өгч байна. Нэг машин угаах үнэ дунджаар 8000 төгрөг. Өдөрт багадаа таван машин угаахад 40 мянган төгрөг болно гэсэн үг. Харин нэг машин угаахад ойролцоогоор 30 литр ус зарцуулдаг гэж байгаа юм. Гэхдээ энэ нь машин угаалгын газрынхны өөрсдийнх нь хэлдэг тоо болохоор албан ёсных биш гэсэн үг.

Техник технологийн хөгжил нь манайхыг хол хаясан америкууд нэг машин угаахдаа 250-500 литр ус зарцуулдгаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээд ч машин угаалгын газрынхны хэлсэнд итгэхгүй байх үндэслэл үүнээс өөр олон бий. Ганцхан алчуур угаахын тулд өндөр даралттай усыг хайр найргүй асгаж байгааг захын угаалгын газарт очоод харж болно. Зөвхөн үүнд л 30 литр ус хангалттай зарцуулж байгаа гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна.

Хэрэглэснийхээ хэрээр мөнгө төлөх учиртай байтал яагаад усыг ийм цамаанаар цацаж байгаагийн хариултыг харин Ус сувгийн удирдах газрынхан тайлбарлаж өгсөн юм. Сүүлийн үед ийм газрууд
хувиараа худаг ухаад л, улсад төлөх татвараас “тусгаар тогтносон” гэнэ. Хэрэв энэ үнэн бол хаа дуртай газраа өөрийн дураар худаг ухаж байгаа тэдэнтэй тооцоо бодох эрх нь ч бас Усны газарт бий.

Үүнээс гадна Ус сувгийн удирдах газраас Орон сууцны конторуудаар дамжуулан нийслэлчүүдэд өдөрт 160 мянган метр куб ус түгээдэг юм байна. Хэрэглэгчдэд хүргэх усны үнийг Ус сувгийн удирдах газраас Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр тогтоодог. Хамгийн сүүлд, 2010 оны зургадугаар сарын 23-нд баталсан тушаалаар хэрэглэгчид түгээх цэвэр усны төлбөр 281 төгрөг, бохир ус татан зайлуулах төлбөр 161 төгрөг байна.

Хэрэглэгчид түгээх цэвэр ус гэдэг нь бидний өдөр тутамдаа хэрэглэж буй унд, ахуйн хэрэглээний ус. Харин татан зайлуулах бохир ус гэдэг нь арьс ширний үйлдвэрүүдийн бохирдуулсныхаа дараа Төв цэвэрлэх байгууламжаар дамжуулан Туул голд “нийлүүлдэг” ус юм. Гэвч аль, аль нь цэвэр ус.

Харамсалтай нь бид алийг нь ч ялгаагүй хайр, гамгүй хэрэглэсээр байна. Мэдээж, хэрэглэх нь зөв л дөө. Бас усаар бизнес хийгчдийн хэтэвч рүү өндийх эрх хэнд ч байхгүй. Гэвч эцсийн дүндээ усны нөөц, хэмнэлт хийж хэвших нь л чухал байна. Хэтэвчтэй нь “ярихгүй”-гээр үүнийг эхлүүлэх боломж байхгүй.

Манай кинотеатрууд, зарим албан байгууллагад зөвхөн хэрэгтэй үед гоождог ус мэдрэгчтэй цоргууд хийсэн байдаг. Жижигхэн хэмнэлт юм шиг харагдаж мэдэх ч, хэмжиж үзвэл үүний цаана том ач холбогдол “нуугдаж” байгаа.

Зочид буудал, саун, ресторан гээд үйлчилгээний бүхий л газрын усны цоргыг хэмнэлттэй технологийн “фэн” болгохын тулд шийдвэр гаргагчдын хуруу, толгой хоёр үл ялигхан “ажиллуулахад” л болоод явчих биш үү. Ус хэмнэгч тоног төхөөрөмжийг улсын хилээр оруулж ирэхэд нь татвараас хөнгөлж, эсвэл огт татвар авахгүй байсан ч болно шүү дээ. Зөвхөн импортын татвар төдийгүй, ус хэрэглэж байгаа төлбөр дээр нь багахан хэмжээний хөнгөлөлт үзүүлчихэд том урам болох байх.

За тэгээд усыг хайр найргүй урсгаж байгаа авто угаалгын газрууд, үйлдвэрүүд хэрэглэснээ дахин ашигладаг технологи нэвтрүүлчихвэл тэдэнд усаа үнэгүй ашиглуулсан ч харамлах, харамсах зүйлгүй юм шиг санагдана. Эсрэгээр нь, усыг хэр хэмжээгээр бохирдуулна, төдий чинээ илүү мөнгө төлдөг системд яаралтай шилжих хэрэгтэй байна.

Эцэст нь, магадгүй эхэнд нь хийх ёстой хамгийн чухал ажил бол Ус сувгийн удирдах газар устай холбоотой төлбөр тооцооны мэдээллээ яг таг мэддэг, иргэдэд нээлттэй байлгадаг, үйлчилгээнийхээ төлбөрийг бүрэн бүтэн авч чаддаг болчихвол бидний олон жил толгойгоо гашилгаж байгаа “хэмнэлт”-ийг амьдралд “нэвтрүүлэхэд” тийм ч хэцүү биш байх болов уу.

Х.Хулан

“Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих