Сэжигтний цаана зохион байгуулалттай бүлэглэл бий гэнэ
-ТҮҮНИЙ ЦААНА НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БҮХИЙ БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ГЭНЭ-
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дархан цаазат бүс Хустайн нуруунд өнгөрсөн тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө 13 буга хууль бусаар агнаж, цусан эвэр, чив, сүүл, савыг нь авч зугтаасан хэрэг гарсан билээ. Өмнө нь тус газарт 26 буга агнасан хэрэг гарч байсан. Хэрэг үйлдсэн этгээдүүд баригдаагүй байсан юм. Дээрх хэргийг мөрдөж байгаа цагдаа нар хууль бус ангийн эд эрхтэн байж болох хэд хэдэн газарт гэнэтийн шалгалтыг өнгөрсөн зургадугаар сард хийсэн. Шалгалтаар бугын цусан эвэр 34 хос, ясан эвэр 2,7 тонн, бугын сүүл 102, бугын чив 22, хүдрийн заар 20, баавгайн савар 20, доньд дөрөв, шилүүсний толгой зургаа, шилүүсний арьс зургаа, зэрлэг гахайн төмсөг долоо, чонын ходоод долоо, зээрийн эвэр 124 ширхэг, цайруулсан самар 27 шуудай зэргийг илрүүлсэн. Дээрх их хэмжээний хууль бус ангийн эд эрхтэн борлуулах гэж байсан С.Бямбадорж, Д.Удвал, П.Бямбаа, Н.Нарангэрэл, Н.Нарантуяа, Т.Тугбаатар Д.Дашзэвэг, Ц.Цэндхүү, Н.Дондог, Түвшинжаргал Д.Ганбат, Э.Пүрэвжаргал нарыг сар гаруй хугацаанд саатуулан шалгасан байна. Тэднийг батлан даалтад гаргаад байгаа аж.
Эдгээр ченжүүд цагдаа нарт хэргийнхээ талаар ийм мэдүүлэг өгсөн байна. “Хөдөө орон нутгийн анчид бидэнд ангийнхаа эд эрхтнийг нийлүүлдэг. Тэдэнтэй утсаар тохироод л ховордсон амьтдын эд эрхтнийг нь худалдаад авчихдаг. Тэгээд цааш нь урд хөршийн ченжүүдэд худалдаалдаг юм.
Хятадууд бидэнд захиалга өгдөг. Түүний дагуу л ангийн эд эрхтэн бэлтгэдэг” гэжээ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар хууль бус ангийн эд эрхтний наймаа дөрвөн дамжлагатайгаар дамжиж явсаар БНХАУ-ын зах зээлд буюу үнэртэй ус, эм үйлдвэрлэдэг газруудад нийлүүлэгдэж байгаа гэнэ. Нэг бугын чив гэхэд 1200 төгрөгний үнэтэйгээр урд хөршид борлогдож байгаа гэсэн. Бүр ченжүүд хятадуудаас зээл хүртэл авдаг байсан юм байна.
Дархан цаазат Хустайн нуруунд 13 буга агнасан хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн Мөнххөхий гэх эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай залууг сэжиглэн шалгаж байна. “Эмээлт” захын ченж Нарангэрэлийн хашаан дахь чингэлэгт ангийн эд эрхтэн байгаа талаар цагдаа нар мэдээлэл аван шалгасан юм байна. Шалгалтаар 66 бугын чив гарч иржээ. Чингэлэгт байсан бугын чив огт муудаж борлоогүй шинэхэн байсан нь Хустайн нуруунд буудуулсан 13 бугын чив байж магадгүй хэмээн сэжиглэн ченж Нарангэрэлээс байцаалт авчээ. Тэрбээр Мөнххөхий гэх залуугаас 66 бугын чив авсан гэдгээ хүлээсэн байна. Түүнээс сүүлийн гурван жил ангийн эд эрхтэн худалдан авч байгаа гэдгээ хүлээсэн байна. Эндээс хэргийн зангилаа хөвөрч байгаа юм байна. Мөнххөхий 66 бугын чив хаанаас авсан гэдгээ хэлэхгүй байгаа ч түүний хамсаатангуудын нэрс тодроод байгаа гэнэ. Цагдаа нарын хэлж буйгаар нарийн зохион байгуулалтад орсон бүлэглэл гэдгийг хэлж байна. Мөн хэрэгт холбоотой байж магадгүй залуусыг удахгүй саатуулах аж. Тэр үед хэрэг тодорхой болох гэнэ.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан хууль бус ангийн хэрэгтэй тэмцэх ажлын хэсгийнхэн нэг зүйлд санаа зовж буйгаа хэлж байсан. Тэр нь дээрх хууль ангийн эд эрхтэн худалдан авч цааш нь борлуулах гэж байсан ченжүүд бүгд ял авалгүй өршөөлийн хуульд хамрагдах гэнэ.
Энэ талаар Монголын мэргэжлийн анчдын холбооны гүйцэтгэх захирал Х.Бадамаас цөөн асуултадхариулт авлаа.
-Хууль бус ангийн хэрэгт холбогдсон хүмүүсийг одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар шийтгэжбайгаа нь хэр оновчтой шийтгэл гэж бодож байна вэ?
-Яг үнэнийг хэлэхэд одоогийн мөрдөгдөж байгаа эрүүгийн хууль зөөлөн байна. Хууль бус анчдын толгойг илж байна гэж ойлгож болно. Үүнийг нэг жишээгээр хэлэхэд Сүхбаатар дүүргийн VII хороонд оршин суух Г.Ганчимэг гэх эмэгтэй, түүний нөхөр Н.Оюунбаатар нарын хэрэг. Тэд 14-64 УБИ улсын дугаартай “Лексус-470″ маркийн автомашиндаа баавгайн 52 ширхэг савар, бөхөнгийн эвэр 11, хүдрийн заар 15, согооны сүүл 124, бугын чив 60 ширхгийг тээвэрлэж яваад хоёр жилийн өмнө цагдаа нарт баригдаж байсан. Гэвч Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэг нь замхарсан.
-Ангийн эд эрхтнийг хил давуулан хятадын ченжүүдэд өгдөг байсан нь тогтоогдож 30 гаруй ченжбаригдаад байгаа. Эдгээр хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа ченжүүд өршөөлийн хуульдхамрагдах уу?
-Дээрх хэрэг шиг л ченжүүд бүгд ялгүй хоцорно. Өөрөөр хэлбэл хууль бус ангийн хэрэг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж чангатгахгүй юм бол дахин гарсаар байна. Монголын ан амьтан дуустал энэ хэрэг зогсохгүй гэдгийг хэлмээр байна гэв.
Э.ХҮРЭЛБААТАР
Short URL: http://sharmedee.mn/?p=14049
URL: