“Сайд хийнэ гэж давхиагүйд баярлалаа”
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаар сонгох асуудлыг эрхэм гишүүд үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гишүүн Д.Дэмбэрэл С.Баярцогт гишүүнийг “Сайд хийнэ гэж давхиагүйд баярлалаа” гээд УИХ-ын дэд дарга болоод парламентыг улстөржүүлж талцуулж болохгүй гэдгийг санууллаа. Мөн УИХ-ын даргыг сонгох асуудал хууль бус болсныг сануулж МАН-д бүлэг байгуулж өгөх, цөөнхийн үгийг сонсдог байх, гишүүдийн гуравны нэгийг байнгын хороонд оролцох боломжоор хангаж өгөх зэрэг саналыг хэллээ.
Гишүүн С.Ганбаатар төрөө хүндэтгэж байнга босч зогсч үг хэлнэ гэсэн амлалт ёсоороо зогсч байгаад үгээ хэллээ. Тэрбээр УИХ-ын дэд даргад АН-ын бүлгээс нэр дэвшигч С.Баярцогтод хандаж “Оюутолгойн гэрээ хуульд нийлэмжгүй болсон” гээд үүнийг хийлцсэн С.Баярцогт гишүүнд ийм өндөр алба хаах ёс зүй байгаа юу гэсэн асуулт тавилаа. С.Баярцогт гишүүн “Үнэ өсөхөөр ашиг буурдаг гэсэн асуудал байхгүй. Би гэрээ хийх үүргээ нэр төртэй биелүүлсэн. Монголын төр нэг ч төгрөг гаргахгүйгээр Оюутолгойгоос 60 хувийн ашиг олдог гэрээ хийсэн. Одоо бол Монголд Оюутолгойгоос өөр бүтээн байгуулалт байхгүй” гэж байлаа.
Одоо гишүүд нэр дэвшигчийн асуудлаар үг хэлж эхэллээ.
Д.ОЮУН
URL: