“Н.Энхбаярын биед химийн бодис шахсан”

Өнөөдөр Улс төр мэдээллийн төвд МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд өргөдлөө хүргүүлсэн тухайгаа мэдээллээ.

Тэрбээр “Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн  даргалсан шүүх хурлаас гаргасан шийдвэр нь хууль  бус ба  үндэслэлгүй гэж үзэж, Нийслэлийн шүүхэд өчигдөр давж заалдах өргөдлөө гаргалаа” гээд гаргасан өргөдлөө бүрэн эхээр нь үзүүлж байв.

Харин үүний дараа МАХН-ын гишүүд, дэмжигчид Н.Энхбаяр хорлогдсон байж болзошгүй гэж үзэж буйгаа тайлбарлав. Тэд “МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн байдал хүндэрч, амь насанд нь аюул учрах магадлалтай болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд бие нь эрс муудсан тул ЭМЯ-наас тусгай комисс очин ажиллаж байгаа” гэв.

Түүний ойр дотных нь хүмүүс “Н.Энхбаярыг дөрөвдүгээр сард баривчлагдах үед нь химийн бодис биед нь шахсан” гэж үзэж байгаа аж. Нэг үгээр бол хорлогдсон гэж хэлж болохоор байгаа гэлээ. Мөн Н.Энхбаяр 11 хоногийн туршид хуурай өлсгөлөн зарласны улмаас бие нь сэхэл авалгүй муудаж батлан даалтад гарсан ч эрчимт эмчилгээнд байхдаа баруун хөлийнх нь өвдөг үе үе мэдээгүй болдог байсан гээд, гэвч шүүхээс түүнд хилсээр ял өгч хорьсны улмаас эмчилгээ тасалдаж улмаар түүний биеийн байдал эрс муудаж, аюулд өртөөд байна гэв.

Дашрамд дурьдахад хорих 461 дүгээр ангийн хуягуудад “Намайг орой унтах гээд хэвтэж байхад нь таазнаас нь чимээ гараад байсан. Өндийх гэтэл толгой дээр нь хүнд зүйл унасан. Тэгээд ухаан алдсан. Ухаан ороход дух шалбарсан байсан” гэж Н.Энхбаяр ярьсан гэлээ.

Г.Билгүүн

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих