Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг журамлана
Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит бус Хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар ярилцан, тогтоолын төслийг дэмжив.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр энэ асуудлаар илтгэл танилцуулав. Тэрбээр нийслэлийн автозамын хөдөлгөөний нягтралыг бууруулахад нөлөөлөхүйц 12 төрлийн багц арга хэмжээ судлан бэлтгэснээ онцлов.
Тодруулбал нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах арга хэмжээг яаравчлан жигдрүүлж, энэ эгнээнд удаан хугацаагаар автомашинаа орхиж явсан тохиолдолд хотын нэгдсэн камерын системээр хянан, ачиж авч явна гэлээ. Ингэхдээ тээврийн хэрэгслийг ачих автомашиныг 12-оор нэмэгдүүлэх шаардлага байгааг онцлов. Харин түр хугацаанд зогссон автомашин бүрийг журамлаад байхгүй гэлээ.
Мөн автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээр ялган 7 хоногийн ажлын өдрүүдэд 07.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах тухай санал оруулжээ. Үүнээс гадна томоохон дэлгүүр, худалдааны төвүүдийн зогсоолыг хориглох, хязгаарлах, төлбөртэй зогсоолыг ашиглаж сурсан учир нэмж 24 зогсоол байгуулах боломжтой гэлээ.
Нийслэлийн автозамын нягтралд нөлөөлөхүйц байршилтай их дээд сургууль болон ЕБС-ийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, сурагчдыг нэгдсэн зохион байгуулалтайгаар сургуулийн автобусаар тээвэрлэх, өндөр төлбөртэй сургуулиудад сурагчдадаа цацруулагч авч өгөхийг шаардах хэрэгтэй гэлээ. Мөн худалдаа үйлчилгээний газрууд, захуудын цагийн хуваарийг өөрчилж, 06.00-14.00 гэх мэт хуваарьтай болгох боломжтой гэв. Түүнчлэн автозам дээр хяналтын ахлах байцаагч нарыг сургаж ажиллуулан, өдөрт 12 мянган төгрөгөөр цалинжуулах санал гаргав. Өдөрт 15 хүн дээрх урамшууллаар ажиллахад иргэдийг ажлын байраар хангаад, зам тээврийн ачаалал, ослоос сэргийлэх давхар боломжтой гэлээ.
Уг тогтоолын төслийг ирэх долоо хоногт болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэв.
Г.Билгүүн
gogo.mn
URL: