Арвин уу, аль эсвэл Батзориг уу

УИХ-ын сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Д.Арвин, Б.Батзориг хоёр сонгогчдын 28 хувийн санал авч чадалгүй дахин өрсөлдөхөөр болсон. Гурван мандаттай энэ тойрогт АН-аас нэр дэвшсэн Ж.Батзандан, Д.Ганхуяг хоёр хэдийнэ тангаргаа өргөж, эрхэм гишүүний суудалдаа заларсан юм. Тунаж үлдсэн хоёр нэр дэвшигчийн дахин сонгууль ирэх есдүгээр сард Баянзүрх дүүрэгт болно.

Сонгуулийн хуулийн дагуу тэд сурталчилгаа хийх эрхгүй ч Б.Батзориг дүүргийн засаг ноёны хувьд хороо, хэсгүүдийн дарга нараа гартаа хийж, сонгуульд зөвхөн өөрийнхөө төлөө санал өгүүлэх ажлыг бүхий л талаар зохион байгуулахыг үүрэгджээ. Тэрбумаар нохойн баримал босгодог түүнд тэр байтугай бэл бэнчингийн мэдэл бий гэнэ.

Харин сонгуулийн булхайд гаршсан Д.Арвин “Газар, орон байргүй иргэдийн холбоо” ТББ-ын нэрийн дор Баянзүрх дүүрэгт ихэнх иргэд нь газаргүй, өөрийн амьдардаг хашааны газраа өмчилж авч чадахгүй, газаргүйгээс олуулаа нэг айлын хашаанд буусан гээд газрын асуудлыг тойрсон маргаан, бухимдал иргэдийн дунд тасралтгүй гарсаар байна хэмээн сөрөг сурталчилгаа өрнүүлж эхэлжээ. Энэ нь гэр хорооллын иргэдийн талархлыг ихэд хүлээж байна. Мөн орон сууцны дундахь автозамын хашлага, явган хүний замын хавтанг энд тэндгүй хуулж хаясан, хүүхдийн тоглоомын талбайд хүч түрж барилга барьсаар байгаа нь оршин суугчдын дургүйцлийг ихэд хүргэж байгаа юм.

МАН-ын хувьд энэ хоёрын аль нь ч ялсан ялгаагүй гэж үзсэнийх үү таг чиг байсан. Харин нийслэлийн МАН-ын хорооны шинэ дарга Ц.Сандуй орон нутгийн сонгуульд эрчимтэй бэлтгэх даалгавар авсан болохоор их хотод хамт зүтгэж байсны хувьд Б.Батзоригт илүү анхаарал хандуулах бололтой. Д.Арвины хувьд МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй МУИС-ийн нэг ангийнх учраас бас бяцхан давуу талтай байж магадгүй. Ямар ч байсан дахин сонгуулийн дарийн утаа үнэртэж эхлэв.

С.Аня


URL:

Сэтгэгдэл бичих