Д.Дэмбэрэл: Засгийн газрын бүтэц цээж нь занхайж, бөгс нь шувтайсан болж байна
Засгийн газар байгуулах гэрээг үзэглэсэн Шударга ёс эвслийн бүлэг дээр бүдрээд байсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг өчигдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн засгийн газрын бүтэц ямар байх, аль яаманд ямар чиг үүрэг харьяалагдах зэргийг танилцуулсан юм. Шинэ Засгийн газар 16 яамтай байхаар төсөвт тусгасан. Харин агентлагийг 10 гаруй тоогоор бууруулж байгаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан эхний асуултыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тавьсан юм. Тэрбээр “Зуун ямаанд 60 ухна гэгчээр энэ олон яамны хэрэг байна уу. Үүнээс болж хэчнээн төрийн албан хаагч ажилгүй болох вэ” хэмээсэн юм. Гэхдээ энэ нь Н.Алтанхуягийн хувьд цочоод байх асуулт биш байв.
Мөн УИХ-ын гишүүн Лүндээжанцан 2.8-хан сая хүн амтай улсад 16 яам гэдэг том дуулдаж байна гэсэн юм. Тэрбээр эвсэж засаг байгуулж буй нам, эвслүүдэд зориулсан албан тушаалыг бий болгохын тулд яамдын тоог нэмж байна хэмээн хардаж байв. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бүгдээрээ тоо ярьж худлаа дүр эсгээд яахав. Засгийн газрын томоохон өөрчлөлтийн талаар ярьж байгаа үед энэ мэт санал шүүмжлэл гарах байх. Улс орны эрх ашигт нийцсэн санал шүүмжлэлийг дуртай хүлээж авна” гэсэн юм.
Гишүүдийн дунд хамгийн их яригдаж байсан асуудал бол төрийн бүх тендерийг зарлах агентлагийн тухай асуудал байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Е.Отгонбаяр “Тендерийн маргаан гарах бүрт Ерөнхий сайд нь очоод байвал хэцүүднэ биз” гэсэн ёгт үгийг хэлээд авна билээ.
Түүнчлэн гишүүн Д.Дэмбэрэл Ерөнхий сайдад Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын асуудалд анхаарал хандуулахын чухлыг сануулсан юм. Мөн Засгийн газрын бүтцийг “Цээж нь занхайгаад бөгс нь шувтайсан” хэмээн тодорхойлж байв.
Гишүүдийн хамгийн их санал хэлсэн асуудал бол Эдийн засаг, Хөгжлийн яамыг ерөнхий чиг үүргийн яам болгох тухай байсан. Түүнээс гадна МАН-ын УИХ дахь бүлгийн ахлагч Н.Энхболд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд МАН-ын гишүүд Төр ашиггүй орон тоо нэмэгдүүлэх, бялуу хуваах зарчмаар хийгдсэн төсөл” хэмээн үзэж байгаа шүү гэдгийг уламжилсан юм. Ийнхүү ширүүхэн шүүмжлэл дагуулсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ олонхиороо дэмжсэн. Харин үдээс хойшхи хуралдаанаар уг хуулийн төслийг баталсан юм. Ингэснээр шинэ Засгийн газрын сайдууд хэн байхаас бусад асуудал шийдэгдлээ.
Ч.БАТ
”Өдрийн шуудан”
URL: