ТУУЛ ГОЛ МААНЬ ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ТАЛАРХАЖ “ИНЭЭМСЭГЛЭЛЭЭ”

Өсвөр үеийнхэн маань фэйсбүүк хуудсаар дамжуулж “Инээмсэглэж буй Туул гол” аян өрнүүлж буй. Улаанбаатараас 37 км зайд байрлах Тэрэлжийн гүүрний ойролцоох талбайг тэд уржиг дар цэвэрлэлээ. Энэхүү аянд 200 гаруй хүүхэд, залуус нэгдэж таван баг болцгоон, нэг өдрийг хөгжилтэй, үр бү- тээлтэй өнгөрүүлсэн юм. Тэд эх орноо хайрлах сэтгэлээ эгэл хэрнээ бодитой зүйлээр илэрхийлж, Туул голынхоо хогийг цэвэрлэж байгаадаа баяртай байлаа. Харин хүүхдүүдийн энэ сэтгэл, урмыг хугалсан үйл явдал болсон нь тэднийг ивээн тэтгэнэ гэж амлаж байсан “Их тамирын хүч” ТББ-ынхан урд өдөр нь “Та нарын санаа таалагдахгүй байна. Ивээн тэтгэж чадахгүй” гэжээ.

Гэхдээ сайн санааны үзүүрт шар тос гэгчээр тэдний үйл ажиллагааг “UB Kebab” түргэн хоолны сүлжээнийхэн дэмжиж, “Хөтөл цемент” ХХК, Сүхбаатар дүүргийн ТҮКийнхан болон сайн санаат хүмүүс тусалсан юм. “Мөрөөдлийн түлхүүр” хөдөлгөөний тэргүүн Б.Номуунцэцэг “Бид энэхүү өдрийг Эх орондоо хайртай залуусыг нэгтгэх өдөр болгосон” хэмээв. Тэрэлжийн гүүрний ойролцоо очиход Туул гол хогондоо дарагдсаныг хараад “Ийм их хогтой байна гэж санасангүй” хэмээн дуу алдацгааж байлаа. Тэд нэг эгнээ болцгоон, 500 ам метр газрыг цагийн дотор л цэмцийлгэсэн юм.

Тэнд байгаль орчинд хортой хаягдал болох гаазны сав, гялгар уут, лааз, тамхины иш хамгийн их байв. Тэнд амарч байсан хүмүүс бас цэвэрлэгээнд оролцсон. “Би найзуудтайгаа Багануураас энд ирж амарч байна. Өглөө сэрээд хогон дунд байснаа хараад их гайхсан. Тиймээс энэ цэвэрлэгээнд бага ч болов хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэж Н.Энх-Уянга хэлэв. Аянд оролцсон 200 гаруй хүүхдийн нэг болох О.Хосзаяа хэмээх 15 настай охин “Хүмүүс амарч зугаалж болно. Гэхдээ идэж, уусан зүйлийнхээ хогийг хаяад явчихсан нь муухай юм. Бид энэ хэсэг газрыг цэвэрхэн болгосондоо баяртай байна. Туул гол баярлан инээмсэглэж байгаа байх” гэлээ.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих