Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүддээ тавьсан марзан шаардлагууд олны анхаарлыг татаж байна

Энэ удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газар нилээд удаж байгуулагдаж байна. Н.Алтанхуягийн байгуулагдах Засгийн газрыг хэдэн жилийн магадгүй, хэдэн сарын настай болохыг хэлэхэд эрт байна. Мэргэ төлөгчдийн гэхээсээ илүү улс төр судлаачдын дүгнэж, ажиглаж байгаагаар бол Н.Алтанхуягийн Засгийн газар нэг их удахгүй бололтой. Учир нь АН дотор гомдогсдын арми өргөжиж эхэлжээ. Тэдний гомдол, бухимдал дээр хүчтэй сөрөг хүчин чадварлаг тоглолт хийхэд л Н.Алтанхуягийн хувь заяа тодорхой болно.
Харин арга заль ихтэй Н.Алтанхуяг Засгийн газраа бүрдүүлэх гэж ихэд зовж байгаа бололтой. Түүнийг намын нөхөд нь, хамтарч байгаа эвслийнхэн, сөрөг хүчнийхэн ээлж дараалан дарамт шахалт үзүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Тиймээс ч Засгийн газартаа хүчний харьцааг тэнцүүлэх гэхээсээ илүү амь аргацаасан, араа бодсон байдлаар багаа бүрдүүллээ. Тэгэхдээ өмнөх Ерөнхий сайдууд тавьж байгаагүй марзан гэмээр шаардлагуудыг Засгийн газартаа орж ажиллах хүмүүст тавьжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газартаа ажиллах хүмүүстээ дараах шаардлагыг тавьсан сурагтай.
1.    Засгийн газрын гишүүд хагас, бүтэн сайнд амрахгүй ажиллана.
2.    Засгийн газрын гишүүд илүү цагаар ажиллана.
3.    Ачаалал даах эрүүл мэндийн чадвартай байна.
4.    Сард хоёроос илүү удаа гадаадад явж болохгүй.
5.    Орой үдшийн цагаар бар, цэнгээний газраар явахгүй байх.
6.    Амралт авахгүй байх.
7.    Элдэв хүлээн авалтад оролцохгүй байх.
8.    Ерөнхий сайдын үг, даалгаврыг үг дуугүй биелүүлнэ.
9.    Ерөнхий сайдын бодлого байр суурийг хатуу хамгаална.
10.    Сөрөг хүчинтэй хатуу тэмцэнэ.
11.    Хувийн эрх ашгийг илүүд үзэхгүй байна. Гэхдээ намын гишүүдийнхээ санал хүсэлтийг харгалзан үзнэ.
12.    Намын эрх ашгийг илүүд үзнэ.
13.    Элдэв ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байна гэх мэт болзлуудыг тавьсан гэнэ.
Мэдээж эдгээрийг цаасан дээр буулгаж гар, хөлийн үсэг зуруулж албажуулаагүй. Харин амаар хэлж, сануулж Засгийн газрын гишүүдээрээ зөвшөөрүүлсэн бололтой. Эдгээр шаардлага дотор авч хэрэгжүүлэх сайн зүйлүүд байгаа ч дагаж мөрдөхөд арай хэтрэх марзан шаардлагууд ч бий аж.
Ийнхүү Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүд мэдлэг, чадвар, ажлын туршлага, ноён нуруу гэх мэт монгол төрийн шалгуур шаардлагаар биш элдэв болзлыг биелүүлэх амлалтаар томилогдох гэж байна.
Засгийн газрын гишүүд тэргүүнийхээ үг, шаардлагыг яс биелүүлнэ гэж амласандаа хүрэх эсэхийг цаг хугацаа л харуулах биз.

С.Батхүү 24tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих