Засгийн газарт ”Алтангадас” хойморлож, ”Зүүн хойд Ази” хатавчинд сууна

Шинэ Засгийн газар байгуулах гэж cap гаруйн хугацаанд Ардчилсан Намын фракцуудын тулаан өрнөсний эцэст сая нэг юм эцэслэв.
Мэдээж, Засгийн газар толгойлох эрх гардсан Ардчилсан намын дарга давуу эрх эдэлж, “Алтангадас” фракцад дөрвөн сайдын суудал өгөв. Өөртэйгөө нийлээд таван суудал фракцдаа авсан нь хамгийн олон суудалтай бүлэглэлээр тодроод байна. Өөрөөр хэлбэл, алтангадасчууд шинэ Засгийн газарт олонхын хүчээр хойморлох нь. Фракцуудын зүгээс Н.Алтанхуяг уруу өдөр шөнөгүй гал нээж байсан тул тэрбээр фракц дотроо тохироо хийгээд тус бүр 1-2 хүнээ гаргаад ир хэмээн эв зүйгээр зохицуулахыг хичээсэн нь бас ч үр дүнгээ өгчээ. Тиймээс “Ардчилсан холбоо” фракцаас Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Ш.Түвдэндорж Батлан хамгаалахын сайдаар тус тус тодорсон. Энэ фракцын хувьд Засгийн газарт хоёр суудал авах нь бүү хэл засаг барих гэж хор найруулсан догь толгойнууд. Үүнийхээ хүчинд ч хоёр суудалтай салж байгаа нь энэ.

Нөгөө талаас нэлээд хэл ам дагуулсан МҮДН-аас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар Р.Амаржаргал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаяр нар тохиролцсон. Уг нь МҮДН дотроо тохироо хийгээд фракцаасаа Р.Амаржаргалтай хамт С.Ламбааг оруулж ирэхээр төлөвлөсөн байв. С.Ламбаа өнгөрөгч сонгуулиар ахын жудаг гаргаж, залуустаа байр сууриа өгч, зодоглоогүй. Тэрбээр үндсэн тойрог болох Архангайдаа өрсөлдөлгүй, Б.Болорт тахимаа өгсөн. Мөн Сонгинохайрхан дүүрэгт боломж гаргаж өгсөн ч өрсөлдөлгүй Л.Эрдэнэчимэгийг дэмжсэн. Бүр намын жагсаалтад ч орно гэж “чичрээгүй” гээд түүнийг нам нь харж үзэх олон шалтгаантай. Нөгөө талаар Засгийн газрын бүтцийн гуравны хоёрыг УИХ-ын гаднаас бүрдүүлнэ гэх шаардлагатай яв цав тохирч байв. Гэтэл сөрөг хүчний, хамтрагчдын олон эсэргүүцэл, хэл ам, хэрүүл тэмцэл дундуур Н.Батбаяр гишүүдийн картыг сугалж аваад зугтсан. Улмаар нам дотор фракцын тоглолт хийж, олгойг тогоонд нь биш гадагш хагалахаар зүтгэсэн Н.Батбаярт гал намжаах зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яамыг өгөхөөр аман тохироо хийсэн байдалтай байна. Үнэнийг хэлэхэд Н.Батбаярын хувьд найдвартай бус байгааг ч эх сурвалж нуусангүй. Яагаад гэвэл гол түлхүүр яамдын нэг Эдийн засгийн хөгжлийг “Алтангадас”-ын С.Баярцогтод атгуулах сонирхол хаана хаанаа байгаа. Түүний хувьд хамтарсан Засгийн газарт Сангийн сайдын албыг муугүй хашсан, Нас залуу, элдэв хэл аманд ордоггүй гэх мэт давуу талууд бий. Ингэснээр МҮДН хоёр суудлаа салгаж чадсан ч эцсийн байдлаар эзэд нь тодроогүй байна.

Харин залуучуудын гэгдэх “Нэг ардчилал” фракцаас Л.Гантөмөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад, Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдад тавьснаар залуучууд хоёр суудлаа авсан. Энэ нь Н.Алтанхуягт ирсэн шахалт бөгөөд нөгөө талаар “залуучуудаа миний талд байгаарай” хэмээн толгойг нь илж байгаа өгөөш. АН-ын фракцууд дундаас хүн цөөнтэйд тооцогдох “Зүүн хойд Ази” фракцаас Л.Болдыг Гадаад харилцааны сайдад тавьсан, Ганц суудал өгсөн нь цаанаа олон тохироотой. Тухайлбал, “Зүүн хойд Ази”-ас Э.Бат-Үүлийг Улаанбаатар хотын захирагчаар ямар ч өрсөлдөгчгүй тавьсан. Түүнчлэн энэ фракцын Р.Бадамдамдин хүү Б.Баттүвшингээ дэд сайдын суудалд тохирсон байгаа. Түүнээс биш энэ фракцын гишүүн Л.Гүндалайгаас эхлээд сайдын суудалд гэтсэн хүн олон. Гэхдээ Л.Болдын хувь заяа бас л Н.Батбаяр шиг бүрхэг. Яагаад гэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сойсон Элчин асан А.Баттөр Гадаад харилцааны сайдын суудалд өрсөлдөж байгаа. Тэгэхээр “Зүүн хойд Ази”, Ц.Элбэгдорж хоёрын аль нь хүчтэйг энэ суудал илчилнэ. Энэ фракцын хувьд шинэ Засгийн газрын хатавч хавьд суух нь тодорхой болж байна. Ерөнхийлөгчийн зүтгүүлж байгаа өөр нэг хүн нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Ц.Оюундарь. Түүний сайд болох зам дардан гэж эх сурвалж хэлсэн. Учир нь тэрбээр өнгөрөгч сонгуулиар Ардчилсан Намын хэвлэл мэдээллийг гардаж сонгуульд оруулсан. Ялалтын туг мандуулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэдэг утгаараа түүнтэй барьцах хүн АН-д одоохондоо лав байхгүй. Гэхдээ өчигдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар түүнийг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр сонгосон учраас тэр сайдад нэр дэвшигчдийн сунгаанаас хасагдах нь тодорхой боллоо. Өөрөө ч сайдад өрсөлдөх бодолгүй байгаагаа фэйсбүүк хуудастаа бичсэн байна лээ.

Энэ мэтээр суудал нь хүрэлцэхгүй зовж байхад УИХ-ын даргаа хууль бус авсан З.Энхболд хоёр суудал нэхээд суучихсан. Тэд зүгээр ч нэг нэхэж суугаагүй, “Алтангадас” тавын таван суудал авсан хэмээн барьцаалж, Б.Ариунсан, Ц.Оюунгэрэл хоёрын аль нэгийг сайдын жагсаалтаас авахыг шаардаж, Н.Алтанхуягийг нуман тулгуурт оруулсан аж. Харин Н.Алтанхуяг “Чамд төрийн гурван өндөрлөгийн нэг УИХ-ын даргын суудлыг өгсөн. Тэгэхээр танайд ганц л суудал өгнө…” хэмээн хариу мэх хийснээр Ардчилсан хүчний холбооноос А.Гансүхийг Барилга, хот байгуулалтын сайдаар авчирсан нь энэ. Ямар ч л байсан фракцуудын галыг хагас дутуу дарсан Н.Алтанхуяг “Шударга ёс эвсэл”-д тийм ч олон биш, 75:25-ынхаа харьцаанд дүйцүүлж, Шадар сайдтайгаа нийлээд дөрвөн сайдын суудал өгсөн. Харин хүч хавсарч байгаагийн хувьд ИЗНН-д Байгаль орчин, ногоон хөгжлийн яамаа өгчихөв. Энэ бол Н.Алтанхуягийн эрх ашиг бүхий төлөвлөгөө. Тэрбээр Засгийн газарт өөртэйгөө нийлээд таван суудал авсан нь цаашдаа ач холбогдол бүхий бүх л асуудлыг өөрийнхөө талд шийдүүлэх боломжтой болж буй хэрэг. Хамтрагч “Шударга ёс” эвсэл нь дөрвөн суудалтай, нэг суудлаар дутуу. Бусад фракцууд нь 1-2 суудалтай болохоор таван суудалтай “Алтангадас”-ын өөдөөс хүчин мөхөсдөнө гэдгийг тэр тооцоолсон хэрэг. АН хэдийнээс фракцуудын тулаанаараа алдартай тул Н.Алтанхуяг сайд ийнхүү нарийн төлөвлөгөө гаргасан. Эс тэгвэл Засгийн газарт өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй урьдын адил фракц тус бүрийн хүсэл сонирхлоо дагасан бужигнаан үүсэхийг тооцоолохгүй хаачихав.

Бас нэг том төлөвлөгөө бол “Шударга ёс” эвслийг дангаар нь урих хортой байсан учраас ИЗНН-ыг хамт залсан. Учир нь, “Шударга ёс” эвсэлд өгөх нэг суудлыг ИЗНН-д өгч тэдний хүчийг сааруулсан хэрэг. Түүнээс биш “Шударга ёс” эвсэлд таван суудал өгчихвөл дайтах дуртай фракцуудын нэгэнтэй эвсээд өөрсдийг нь няцаагаад байхыг тэр тооцсон байж таарна. Ийнхүү Н.Алтанхуяг алаг цоог Засгийн газар байгуулаад дунд нь хүчийг тарамдуулан базаж байхаар төлөвлөжээ. Н.Алтанхуягийн байгуулсан шинэ Засгийн газрыг харахад алтангадасчууд хүний олноор хойморлож, “Зүүн хойд Ази” хатавчинд суух нь.

С.Ууганбаяр

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих