Ховдчуудын АН-д итгэх итгэлийг аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж хөсөрдүүлсээр байна

Тэртээх 1990-иэд онд ардчиллын анхны хөдөлгөөнүүдийн нэг Ховд аймагт өрнөж, Ховдын багшийн Их сургуулийн оюутнууд нам төрийн бодлогыг эсэргүүцэн анхлан жагсаал цуглаан зохион байгуулж байсан гэдэг. 1990-иэд дундуур аймгийн удирдлагууд АН-аас сонгогдон ажиллаж байсан явдал ч бий. Түүнээс хойш нь олон удаагийн сонгуулиар Ховдчууд АН-д итгэл үзүүлэлгүй байсаар 2008 оны УИХ-ын сонгуулийн 3 мандатын нэгийг Р.Амаржаргалд өгч итгэл өвөрлүүлж байсан байдаг. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тэгсгээд Ховдчуудыг “мартаж”, тойрогтоо чиглэсэн тодорхой бүтээлч ажил хийгээгүйгээс болж Ховдын сонгогчдын АН-д итгэх итгэл бүр ихээр буурах болжээ. “Дайран дээр давс” гэгчийн үлгэрээр Ховд аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж гэх эрхэм Ховдын сонгогчдын АН-д итгэх итгэлээр сүрхий хувийн тоглолт хийж, тэдний АН-д итгэх итгэлийг улам бүр хөсөрдүүлэх болжээ.

Анхлан тэрээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг нутаг гэдгээр түрий барьж, мөн Ерөнхийлөгчийн дэмжлэгийг ч ил далд авч аймгийн АН-ын дарга болохдоо Ховдыг “нүдэнд харагдаж, гарт баригдтал” хөгжүүлээд өгөхөө амлаж, аймгийн Засаг дарга Г.Нямдавааг шүүмжлэн, түүнд сүү, тооны машин, томруулдаг шил өгч эхлэхэд, эрч хүчтэй залуу хүн зөв зүйтэй ажил хийж эхлэх нь гэж олон хүн бодож, бас хүлээж байсан боловч тэдний итгэл талаар болжээ. Учир юу хэмээвээс Б.Пүрэвдорж нөгөө шүүмжлээд байсан аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын дарга Г.Нямдаваатай “ханцуйндаа” сэм хуйвалдан аймаг хөгжүүлэх сангаас махны үйлдвэр барина хэмээн 800 сая төгрөг авахаар болж, урьдчилгаа 300 орчим сая төгрөгөө авангуутаа хувьдаа Land cruiser -200 автомашин авснаас эхлэн Ховдчууд түүнд итгэл алдарч эхэлжээ. Төд удалгүй мань эрийн “гууль нь улам бүр цухуйж” гарчээ.

Гаалийн байгууллагаас хөөгдсөн, аймгийн МАН-ын даргатай үгсэн тохирч аймаг хөгжүүлэх сангийн мөнгийг хувааж идсэн, дипломат паспорт хууль бусаар гаргуулахаар завдсан гээд пактууд олны өмнө ил болж эхлэв. Энэ бүхэн сонгуулийн үеэр олон нийтэд мэдэгдэж, сонгогчид түүнд зохих шанг нь ч өгчээ. Ер нь бол түүнд ичих булчирхай гэж байдаггүй бололтой. Ховдын 50.0 мянга гаруй сонгогчийн 10 орчим хувь буюу 5000 гаруйхан хүний саналыг арай ядан авсан түүний оронд, улс төрийн соёлтой, намын даргын хариуцлагаа ухамсарладаг, “ичих булчирхай нь ажилладаг” өөр хэн нэгэн байсан бол ялагдсан даруйдаа аймгийн АН-ын даргын ажлаа өөрийн саналаар өгөх байсан биз. Гэтэл мань хүн намын даргын ажлаа өгөхгүйгээр үл барам, орон нутгийн сонгуульд өрсөлдөнө, дэд сайд юмуу гаалийн газрын дарга болно гэж ойр дотныхондоо ярьж яваа сурагтай. Түүний нутгийн ах Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сонгуульд ялагдсан хүмүүс ямар нэгэн суудал горилох хэрэггүй шүү”гэж хатуухан хэлсэн үг Ховд аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдоржид хамаардаггүй юм болов уу. Мөн гаалийн газраас хөөгдсөн хүнээр гаалийн байгууллагынхан даргаа болгоод удирдлаган дор нь орж ажиллах уу. Ёстой нөгөө “сэрүүн зүүдэлнэ” гэж л үүнийг хэлдэг байхдаа.

АН орон нутгийн сонгуульд олонхи болох нь юу юунаас чухал, учир нь төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх дунд шатны дэмжлэг оролцоог өөрийн намын бүлгээр бүрдүүлэх ёстой болохоор тэр. Тэгвэл УИХ-ын сонгуульд намаа унагасан аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж гэх энэ эрхэм орон нутгийн сонгуульд энэ хэвээрээ орвол Ховд аймагт АН түүх болон үлдэх бололтой.
Тэгээд ч АН олуулаа болж төрийн бодлогыг тодорхойлж ажиллаж эхлэх гэж байгаа энэ чухал цаг үед, “задарсан” нэг аймгийн намын дарга нь АН-ын нэр хүндийг орон нутагтаа навс унагаж, дээр нь Ардчилсан Ерөнхийлөгчийн болон намын нэрийг ашиглан хөлжиж, намын ажлыг өөрийн хувийн компани мэтээр явуулж байгааг АН-ын дарга, удирдлагууд гадарлаж болов уу?

Гэхдээ тэрээр аймгийн намын гишүүддээ болон намын удирдлагууддаа удахгүй аймгийн намын даргын ажлаа өгнө гэж хэлчихээд цаанаа маш том “наймаа” хийж яваа сурагтай. Юу гэвэл Б.Пүрэвдорж “Баруун Монгол Интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар Ховд аймагт махны үйлдвэр барина гэж зээлсэн мөнгөө машин авах, сонгуульд оролцох гээд нэгэнт үрээд дуусгачихсан тул, аймгийн АН-ын даргын суудлыг худалдан энэ мөнгөө олж авахаар Ховд аймгийн харъяат “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатарыг аймгийн АН-ынхан дээр дагуулан ирж намын дарга бэлэн байгаа шүү гэж ярьжээ. Товчхондоо тэрээр Ц.Отгонбаатарт аймгийн АН-ын даргын суудлыг 800 саяар худалдахаар тохирсон гэсэн үг. Түүний энэ даварсан үйлдлийг аймгийн АН-ын бага хурлын 90 гаруй төлөөлөгчдөөс 67 нь эсэргүүцэн гарын үсэг зурж АН-ын даргад ирүүлээд байгаа гэнэ.

Ховдын АН гэж Б.Пүрэвдоржийн зарж, үрж, худалдаж, наймаалцаж болдог түүний өмч, хэтэвчийг нь зузаатгадаг мөнгө биш байлтай.

Иймэрхүү даварсан хурган дарга нартаа АН хариуцлагаа тооцохгүй бол эргэн сэргэж байгаа АН-ын нэр хүндийг буцааж “шалбаагт хутгаж” мэдэх нь байна шүү.

Ц.Мөнх

olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих