“Эвсдэггүй” орнуудын хуралд эрхэм Ерөнхийлөгч оролцохын учир

Хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ираны Гадаад хэргийн дэд сайд Саид Аббас Арагхчи бараалхав. Бидний сүүлийн үеийн сонсч  дуулж байгаагаар бол Иран улс цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлж АНУ-д “цөмийн зэвсгээр хөөцөлдлөө” хэмээн зэмлүүлж буй. Тэр тоолонд Иран улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмаденижадын нэр гардаг. Ираны Гадаад хэргийн дэд сайд Саид Аббас Арагхчи  Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахдаа өөрийнхөө улсын Ерөнхийлөгчийн урилгыг гардуулж өгсөн нь  бүр их сонирхол татав. АНУ-тай тэрсэлддэг сайн эр Монгол Улсын Ерөнхийлөгчийг ямар шалтгаанаар нутагтаа урьсан нь сонирхолтой байлаа.

Тэгвэл Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмаденижад Монголын төрийн тэргүүнийг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 16 дугаар дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан юм байна. Ираны Ерөнхийлөгчөөс урилга ирүүлсний шалтгаан гэвэл Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд нэгдэгсдийн ээлжит дээд хэмжээний уулзалт энэ оны зун тус улсын нийслэлд Тегеранд болох ажээ.

Энэ талаар Ираны ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Рамин Мехманпараст саяхан Тегеран хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. “Эвсдэггүй”  орнуудын уулзалт маш чухал хэмээн Иран улс үзэж байгаа юм байна. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнууд олон улсын бодлого, харилцаанд нөлөөлөх бодит боломжтой гэж ноён Р.Мехманпараст хэлжээ.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн гэж ямар байгууллага вэ, яагаад олон улсын бодлого, харилцаанд нөлөөлөх чадалтай юм бол гэдгийг сонирхож үзэв. Энэ хөдөлгөөн нь  цэргийн эвсэлд үл нэгдэх зарчим дээр дэлхийн 118 улсыг нэгтгсэн олон улсын том байгууллага бөгөөд дэлхийн хүн амын 56 хувь түүнд багтдаг юм байна. Монгол Улс 1991 онд тэр хөдөлгөөнд элсч гишүүнээр элсч Дээд хэмжээний уулзалтад тогтмол оролцсоор иржээ. Улмаар 2003 оноос хойш Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн төвшинд оролцож ирсэн байна. Тэгэхээр Монгол Улсын иргэд ч дэлхийн хүн амын 56 хувийг багтаадаг тэр хөдөлгөөний “эчнээ” гишүүн гэсэн үг.

Түүх сөхөж үзвэл Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг 1960-аад оны эхээр байгуулжээ. Хөдөлгөөнийг үүсгэн байгуулахад Монголын ахмад үеийнхний эчнээ сайн танил Египетийн Гамаль Абдел Нассер, Энэтхэгийн  Жавахарлал Неру, Индонезийн Ахмед Сукарно, Югославын Иосип Броз Тито зэрэг өнгөрсөн зууны дунд үеийн улс төрийн нэртэй зүтгэлтнүүд оролцжээ. Тухайн цагт дэлхий ертөнц Зөвлөлт Холбоот Улс, АНУ гэсэн хоёр эвсэлд  хуваагдаж байсан хүйтэн дайны үе. Монгол Улс тэр үед мэдээжээр Зөвлөлт “ах”-ынхаа талд эвсч байсан.

Хүйтэн дайны үе оргилдоо хүрч, дэлхий ЗХУ, АНУ гэсэн хоёрхон туйлд талцан хуваагдаад байхад хоёр эвслийн алинд ч нэгдэхгүй гэсэн гурав дахь ертөнцийн хөгжиж байгаа орнууд энэ “эвсдэггүй” орнуудын хөдөлгөөнийг үндэслэсэн түүхтэй юм. Гуравдагч орон гэдэг сонирхолтой нэр томъёо ч тэндээс үүссэн бололтой.

Энэ хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтыг өнөөдрийг хүртэл 15 удаа хийж, өдгөө 16 дахь уулзалтаа Ираны Тегеран хотод товлоод байна.  Социалист систем задран унаж дэлхий ертөнц хоёрхон их гүрний хараанд байхаа больж, улс орнууд олон туйлт гадаад бодлого хэрэгжүүлж эхэлсэн 1990-ээд оны эхэн үед хүйтэн дайн төгсгөл болсон юм. Монголд 1990 онд ардчилсан хөдөлгөөн ялж, хараат нь байсан ЗХУ задарснаар эвсэлгүй болсон Монгол Улс “эвсэлгүйчүүдийн” хөдөлгөөнд нэгджээ.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтын улс төрийн ач холбогдол асар их хэмээн үздэг байна. Дэлхийн 118 улсыг гишүүнээр нэгтгэж,  20 гаруй улс, 10 гаруй олон улсын байгууллага ажиглагч гишүүний статустай гээд бодохоор нөлөө ихтэй байгууллага гэдэг нь тодорхой. Гишүүн болоод ажиглагч нийт 140  орчим улс орны төлөөлөгчид гурван жилд нэг удаа дээд хэмжээнд уулзаж олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар ярилцаж байр сууриа солилцдог уламжлалтай. Хамгийн сүүлд 2009 онд болсон 15 дугаар уулзалтын үеэр л гэхэд Монгол Улс олон улсын тавцанд явуулж байгаа гадаад бодлогын үндсэн чиг шугам, олон талт хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж байгаа бодлогоо дэлхийн 140 улсын төр, засгийн тэргүүнүүдэд албан ёсоор танилцуулж, Монголын төлөөлөгч байр сууриа илэрхийлж үг хэлж байжээ.

Хамгийн сүүлд уг хөдөлгөөний сайд нарын 2012 оны уулзалтаар Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, бичигтэн болох НҮБ-ын 10 жил, нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын  олон улсын судалгааны төв, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа зэрэг НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол Улсын хариуцдаг  зургаан асуудлаар холбогдох заалтуудыг тусган батлуулсан байна.

Ийм ач холбогдол бүхий “эвсэлгүй” орнуудын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох урилгаа гардан авлаа. “Эвсдэггүй” орнуудын хуралд эрхэм Ерөнхийлөгч оролцохын учир ч ийм юм байна.

                    Д.ОЮУНЦЭЦЭГ
news.mn

URL:

Сэтгэгдэл бичих