Мулгуу жаалуудын авлига буюу ’’хандивын анги’’

Өнгөрсөн сард дүү маань ЭМШУИС-д элсэлтийн шалгалт өгөхөөр явсан юм. Улмаар орой нь “Би ч ЭМШУИС-д сурч, эмч болж чадахгүй юм байна даа”хэмээн уруу царайлан орж ирэв. Анагаахын дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд эмнэлэгт 2-3 жил ажиллаж, хажуугаар нь элсэлтийн шалгалтдаа бэлдэж байсан дүү маань ЭМШУИС-д элсч чадаагүй нь бидний гайхширлыг төрүүлсэн юм. Учир нь дүү маань шалгалтдаа хангалттай бэлтгэсэн үү гэвэл бэлтгэсэн төдийгүй ажлын бага боловч дадлага туршлагатай нэгэн. Түүний хүсэл бол ердөө мэргэжлээ ахиулж, эмч болох байв.

Гэтэл тус сургуульд мөнгөтэй л бол цэцэн, мулгуу нь үл хамааран суралцах эрхтэй байсныг яахан мэдэх билээ. Оюун ухаанаар нь өрсөлдүүлж, шударга шалгаруулалт явуулахын оронд харин “хандивын анги”-д “Таван сая төгрөг төлөөд элсвэл элс” гэжээ. Мэдээж сургалтын төлбөрийн хажуугаар таван сая төгрөг байхгүй учир дүү маань сургуульд орох бодлоо орхиж, ажиллахаар шийдсэн юм. Түүний оронд харин хэн нэгэн мөнгөтэй, мулгуу жаал хандивын ангид элссэн биз. ЭМШУИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр хоёр сая гаруй төгрөг, дээрээс нь хандиваа өргөнө, тэгээд ном, дэвтэр, оюутны бусад зардал зэргийг тооцож үзвэл жилдээ дэгсдүүлсэн хүнд бараг 7-8 сая төгрөгөөр суралцах нь. Жилд бараг 10-аад сая төгрөгөөр суралцуулах чадалтай өрх Монголд байгаа л байх. Гэхдээ “мань мэтийн” эгэл ажилчны хүүхдүүдийн хувьд “тэнгэрийн амьтан” гэгчээр улсын сургуулиуд бол холын мөрөөдөл бололтой. Сүүлийн жилүүдэд монгол хэлний үгсийн санд этгээд сонин хэллэгүүд орж ирсний нэг нь “хандивын анги” хэмээх нэр томьёо юм.

Энэхүү “хандивын анги” гэгч зүйл цэцэрлэгээс эхлээд их, дээд сургууль хүртэлх боловсролын бүх шатанд байх бөгөөд түүнд элсэх хүсэлтэй оюутан, сурагчид ч мундахгүй. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй айлын мулгуу хүүхдүүд энэхүү “хандивын анги”-д олноороо суралцах бөгөөд ирээдүйд эндээс эмч, хуульч, эдийн засагч, нягтлан бодогчид тэргүүтэй “дипломны гол”-ууд төрөн гарна. Ухаандаа амьдралдаа ном шагайгаагүй хүүгээ эмч, тоо хэзээ ч бодож үзээгүй охиноо эдийн засагч бол хэмээн түлхэж байгаа хэрэг юм. Зүй нь анагаах ухаан, боловсрол зэрэг улс орныг ирээдүйд хөтлөх учиртай хариуцлагатай мэргэжил олгох сургуулиудад “хандивын анги” байх нь бүү хэл энэ нэр томьёоны сүүдэр ч харагдах учиргүй билээ. Хамгийн аймшигтай нь ирээдүйд хүний амь насны төлөө тангараг өргөсөн алтан гартнууд “хандивын анги”-с төрдөг гэж бодохоор эмнэлэгт очмооргүй санагдах. Улс орныг минь ирээдүйг хөтлөх боловсон хүчин энд бэлтгэгддэг гэхээр хүүхдээ сургуульд сургахаас, хэн нэгэн мулгуугийн удирдлаган дор ажиллахаас дургүй хүрэх.

За тэгээд их, дээд сургуулиар ч хязгаарлагдахгүй ЕБС, цэцэрлэгүүдэд хүртэл “хандивын анги” байна. ЕБС, цэцэрлэгүүдийн хандивын ангийн ханш 50 мянгаас эхлэх бөгөөд сургалтын чанар, байрлалаасаа хамаараад үнэ өснө. Хандивын анги байгаа учраас хүний алтан амиар тоглогчид, тоо мэдэхгүй эдийн засагчид, номгүй сурган хүмүүжүүлэгчид төрөн гарч буй. Эцэг, эхчүүдийн увайгүй хүсэл байгаа учраас хандивын бизнес цэцэглэж байгаа. Хандив өргөж сургуульд орсон оюутнууд, халаасыг нь тэмтэрч оюутан, сурагч элсүүлсэн авилгачид ичмээр юм. Бид хойч үеэ авилгад хөтөлж байна, тийм үү?

Х.ӨНӨРЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: “МОНГОЛЫН МЭДЭЭ” СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих