ГАДНЫХАН ба бидний ГАЗАР НУТАГ

…Монголчууд бид өдгөө уул уурхайн халууралд дагжин чичрээд юуг ч анзаарах сөхөөгүй. Эхэндээ “эх орон, газар шороо минь” хэмээн цээжээ дэлдэн самсаа шархируулж байсан эх орончид, иргэний хөдөлгөөнүүд ч өдгөө таг чиг. Харин “Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн” /МГННХ/-ийнхөн Засгийн Газрыг шүүхэд өгсөн тухай, Ц.Мөнхбаяр нарыг шүүхэд дуудаж, ял оноож байгаа тухай мэдээ сэлт л хааяа харагдах аж.

Авдраа ухуулах нь тодорхой болсон өнөө үед алт эрдэнэсээс нь ахиухан завших хэмжээлшгүй шуналаас өөр юу ч үл мэдрэгдэнэ. Үүний төлөө л улстөрчид нам болон хагаралдаж, нам нийлэн сэм хуйвалдаж, боломжит мөчийг амьсгаа даран хүлээцгээнэ. Шунал нь хэтэрсэн улстөрчид, тэднийг даган шүлсээ үсчүүлэгчид, шарил ухаж амьдралаа залгуулах арчаагаа барагсад, өдөр хоногийн элдэв асуудалд толгой нь өвдөх борчууд бүгдээрээ  нэг л зүйлийг хүлээцгээнэ. Хувь заяа нь аль хэдийн өөрийнх нь гараас алдуурч, харийнхныг дагалдан баясагчид, бөө мөргөлд найдан шүтэгсэд, нэгэн азанд сохроор мөрөөдөгсөд болон хувирч “гэнэт баяжин, гэдэс цадаж” энэхүү амьдралд жарган цэнгэх мөрөөдөлдөө мансуурцгаах аж.

…Харин тэд, харах нүднийх нь өмнө хатаж ширгэн сайр болон хувирч буй гол ус, хөрсийг нь хүчит техникээр хуулан овоолго болгон сандаачих мөчид ёолин гасалж буй газар шороо, модыг нь огтолж тайрдас болгон сэглэх мөчид нүцгэрсэндээ уурсан хилэгнэж буй уулс, өндөрлөгийг ч анзаарахгүй. Нэгэн цагт газрын хөрс хөдлөх мэт оволзож асан тарвага, зээрийн сүрэг хаачив? Урамдах сайхан дуугаараа уулс хаданд хөг нэмж, хийморь сэргээж асан сүрлэг сайхан бугын сүрэг хаачив? Модноос модонд дүүлэн жаргалтайяа хөөцөлдөн тоглох өхөөрдөм хөөрхөн хэрэм, зурам, жирхнүүд хаачив? Бид харамсахгүй байна  гэж үү?

…Бэлчээр хомсодсноос, малаа барснаас, нутгаа булаалгаснаас, нүүдэлчин амьдралаас залхсанаас олон ч иргэд хот бараадан төвлөрөл үүсгэж буй.  Нүүдэлчин ахуйгаас суурин амьдралд шилжих мөчүүдийн соёл болон харилцааны ялгаа нь эмх замбараагүй суурьшил, дэг журамгүй дураар авирлах үзэгдэл, хайхрамжгүй хэнэггүй хандлагатайгаа хамтад Улаанбаатарын утааг МАНАН болгон хувиргах их үйлд нэмэр болсоор. Хэн тэдэнд тусалж энэ бүхнийг зохицуулах учиртай юм бол? Хэн энэхүү буруу муу үйлдэлд буруутай юм бол? Хэн энэ бүхний төлөө хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх бол?

“Хөрөнгөтний нийгмийн үнэн нүүр царай”

Aмерикийн сэтгүүлч Кийт Хармон Сноу  Монголын нийгмийн өнөөгийн төрх байдал болон буруу муу үйл ажиллагаанд нь гадаадынхан хэрхэн оролцон булдиулж байгаа тухай, ийм нэртэй нийтлэл бичиж хэвлүүлжээ. Яг үнэндээ нийтлэл гэж чухам ямар их хөдөлмөр, судалгаа, туршлага зарцуулан байж бүтдэг болохыг эндээс анзаарч болно.

Энэхүү бичлэгийг өнгөрсөн оны сүүлчээр Б.Адьяахүү орчуулан цувралаар тавьж байсан бол саяхнаас Амарлин гэдэг бүсгүй бүрэн эхээр нь дахин орчуулан тавьжээ. Хэн нэгний бичсэн зүйлийг давтахдаа бус, яг өгүүлж буй өгүүлэмжийг зөв сайн байдлаар олон нийтэд заавал хүргэж, тэдний анхаарлыг хандуулах шаардлага заримдаа гардаг л даа. Бид зөвхөн уншаад өнгөрөх бус эргэцүүлэн бодож энэ талаар санаа тавьж, нэгэн дуу хоолойгоор асуудлыг Төрд хүргэн шаардах цаг нэгэнт болжээ. Энэ бичлэгт сэтгэлийн хүлээсэнд баригдсан бид бус, чөлөөт сэтгэлгээтэй гадны сэтгүүлч Монголыг гаднаас нь харж дүгнэсэн нь сонирхол татах төдийгүй, бодит байдалтай илүү дөхөж очих үндэслэлтэй юм.

-2007 онд Олон Улсад нэр хүндтэй, “Ногоон Нобель” гэж ч нэрлэгддэг Голдманы шагналыг Монголын Ц.Мөнхбаяр хүртсэн тухай, энэ үйл ажиллагааны цаана ямар эрх ашиг нуугдаж байсан тухай

-Хүндтэй шагнал хүртсэн Ц.Мөнхбаяр Хятадын хөрөнгө оруулалттай Пураам, Канадын хөрөнгө оруулалттай Сэнтерра Гоулд компаниудын тоног төхөөрөмж руу буудсан үйлдэл нь гадаадын байгууллагуудад ямар зөрчил үүсгэсэн тухай

-Гадны Уул уурхайн компаниуд Монголд олон улсын ТББ-уудтай хөтлөлцөн орж ирдэг тухай, тэрхүү олон улсын ТББ-ууд нь тэдний ашиг сонирхлын төлөө хэрхэн үйлчилж гар хөл нь болдог  тухай

-Өдгөө монголд байршин үйл ажиллагаагаа явуулдаг “Соросын сан”, “Дэлхийн байгаль хамгаалах сан”, “Conservation International” , “Азийн сан” зэрэг томоохон байгууллагууд нь ямар үйл ажиллагаа явуулж хаанаас санхүүждэг тухай, тэдний үндсэн ашиг сонирхол болон зарим байгууллагууд нь тагнан турших үйл ажиллагаа явуулдаг тухай

-Өдгөө монголд өдөр хоногоор хүчээ авч байгаа “Оюу толгой” төслийн хэрэгжүүлэгч Айванхоу Майнз, Рио тинто компаниудын гадаадын бусад орнуудад явуулж байсан хууль бус үйл ажиллагаа болон муу үр дагаврынх нь тухай

-Уул уурхай дагасан энэ хүү хийрхэлд Монголын Засгийн Газар болон улстөрчид хэрхэн хандаж, гадныханд худалдагдаж байгаа тухай, үүний улмаас эгэл жирийн амьдрал хэрхэн доройтож, бухимдан цухалдаж байгаа тухай маш тодорхой баримт нотолгоотой бичжээ.

Амарлингийн их хөдөлмөр зарцуулж, хичээж орчуулсан энэ бичлэгийг:

монголоор уншихыг хүсвэл   http:// golomt.org

англиар уншихыг хүсвэл  http://www.consciousbeingalliance.com/asia/mongolia/

Нилээд урт хэрнээ маш олон баримт нотолгоог агуулсан энэхүү бичлэгийг та заавал уншиж үзээрэй. Уншаад эргэцүүлж нэг бодож үзээрэй.

УЧИРЛАЛ

Нэгэн зүйл:

Зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох төдийд олдох аугаа хувь заяа хүмүүн биднийг Монгол оронд төрүүлжээ. Өвөг дээдсээс өвлүүлж бидэнд үлдээсэн, баялаг ихтэй уудам газар нутаг минь бид бүгдэд адил хамаатай. Урсгал усаар нь ундаалж, хөрсөн дээр нь хөл нүцгэн гүйж, уул хад тал хээр, элсэн толгод дээр нь тоглож өссөн бид эзэн нь мөнөөс мөн. Буцаад одох тавилангийн үзүүрт бидний хойч үе энэ л газар нутаг дээр үлдэнэ гэдгийг бид мартаж болно гэж үү?

Нэгэн зүйл:

Мунхаг шунаглал хүнийг хэзээ ч сайн зүйлд хүргэж байгаагүй. Баяжлаа гээд 3 хөнжил нөмөрч унтахгүйгээс хойш, цадлаа гээд 3 таваг хоол зэрэг идэхгүйгээс хойш, хүслээ гээд цуглуулсан бүхнээ аваад авсанд орохгүйгээс хойш өөрт ноогдсон тавиландаа тааруулж амьдрах сан. Өвгөдийн өвлүүлж үлдээсэн баялгийг ухаалгаар, маргаашаа харж, адил тэгш хүртээхгүй аваас энэ нь баялаг бус гай болж хувирах болно. Энэ бүх баялгийг өнөөгийн бид л уралдан идэж, уулгалан завшиж, үрж дуусгаж болно гэж үү?

Нэгэн зүйл:

Хоцрогдсон дорой, арчаагүй бүдүүлэг хэмээн өөрсдийгөө голох ядмагхан сэтгэлгээн дээр гадныхан тоглож байна. Айлд зочилж ирсэн гийчинд эзэн сэтгэл хэзээ ч байдаггүйтэй адил Монголын баялгаар хөлжиж баяжих шуналд эх нутгийг нь хайрлан хямгадах сэтгэл хэзээ ч үгүй.

Хамтран ажиллаж, харилцан ашигтай байх шаардлага байгаа аваас бид эзэн сэтгэлээрээ, тэдэнд зочны ёсоор хүндэтгэлтэй хандах учиртай. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж өвөг дээдэс минь зүгээр ч нэг ам алдаагүй байх.

Нэгэн зүйл:

Хөрсөн дорх баялгийг ухаж гаргах амархан боловч хүний сэтгэлийн чанадад сайн үрийг суулгах амаргүй. Тарьсан нэгэн мод олон жилийн дараа л саглагар сайхан мөчрөөрөө гайхуулдаг лугаа ухаарал мэдлэг бүхэн олон жилийн дараа л төлөвшил болон шингэдэг. Өнөөгийн их баялагууд Монголчууд бидэнд өөрсдийгөө хөгжүүлэх их боломж нь. Монгол хүний хөгжил, саруул ухаан, эв нэгдэл, хүчирхэгжин мандахын төлөө л энэ баялгийг зарцуулах учиртай.

Нэгэн зүйл:

Эх болсон байгаль дэлхий, өлгий болсон газар нутгийнхаа төлөө Монголчууд бид нүдээ нээж ухаанаа хөвчлөх цаг нэгэнт болжээ. Үүнд хамаагүй монгол хүн бий гэж үү? Алтыг нь гадныхан авч одоод хоосон авдартай хоцрох мөчид, харамсавч нэгэнт хожимдсон байх болно. Одоо л сүйдэж байгаа газар нутгийнхаа төлөө, шунал нь буцалсан улстөрчдийн эсрэг дуугарахгүй юм бол хэзээ дуугарах юм бэ? Энэ цэг дор эвлэлдэн нэгдэж, зөв сайн үйлсийн төлөө нэгэн дуу хоолой болохгүй юм бол хэзээ бид нэгдэх юм бэ? Урсгал нь тасран амь тавьж буй ус гол аврал эрж байна биднээс, хөрсийг нь эргүүлж хадыг нь тэсэлж буй газар шороо өмгөөлөл эрж байна биднээс, түгшүүртэй орчноос айн цочиж харь нутаг руу дайжиж буй амьтан жигүүртнүүд өмөг хүсч байна биднээс, хагдарч хяргагдаж зулгаалагдан хөсөр хаягдаж буй ургамал цэцэгс гомдол эрж байна биднээс.

Энэ л өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа Японд болсон газар хөдлөлт, түүнээс үүдэлтэй Цунамийн гамшиг, байгаль дэлхийн өмнө хүмүүн бид ямар өчүүхэн болохыг нотлон харуулж байна. Байгальдаа зохицож, байгалаа аргадан амьдарч байсан нүүдэлчин монголчуудын амьдралд ямар аугаа зөн совин байдгийг бид хэзээ ойлгох бол. Байгалиа хамгаалах гэдэг зөвхөн Монголчууд бидний төдийгүй дэлхий нийтийн асуудал болж байгаа нь энэ өдрүүдэд бүр ч илүү мэдрэгдэж байна. Хүн хэзээ ч тосч авсан өлгий рүүгээ нулимдаггүй.

Тэнгэр биднийг өршөөг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:

gala_mn@yahoo.com

Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих