Улаанбаатар хотод ”цагтай бөмбөг” ажилласаар
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улсын комисс хүлээж аваагүй байхад үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийжээ. Манай сурвалжлах хэсэг ч үүнтэй холбоотойгоор нийслэлд стандарт, хэмжээ гэдэг зүйлийг ор тас мартсан шатахуун түгээх станцуудын талаар сурвалжилсан юм.
Манай улсад одоо мөрдөж буй шатахуун түгээх станцын стандартыг аль эрт 1998 онд боловсруулсан юм байна. Үүнд, ШТС-ыг албан газар болон орон сууцнаас 20-50 метр, гэр хорооллоос 50-100 метрийн зайд барих ёстой, хэмжээ заажээ. Гэхдээ энэ стандарт журам өнөөгийн шаардлагад нийцэх эсэхийг бас бодох л асуудлын нэг болоод байгаа. Үнэндээ уг стандарт журмыг мөрдөж байгаа ШТС өнөөдөр Улаанбаатар хотод бараг л байхгүй. Нийслэлд нийт 180 гаруй шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 05 тоот тушаалд дурьдсан Улаанбаатар хотод ШТС бариулахгүй гэсэн тушаалыг яаралтай мөрдлөг болгох хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд шатахууны бизнес эрхлэгчдийн арга нь улам нарийсчээ. Авто засвар байгуулна гэж газар авчихаад ШТС барьж байгаа гэнэ. Цаашид хэн дуртай нь хаа сайгүй олдсон газартаа ШТС барьдаг байдлыг бүрэн зогсоохгүй бол нийслэлчүүд бид хэзээ ч дэлбэрч болзошгүй “цагтай бөмбөг” дунд амьдарч байна.
Энэ татаар НМХГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Т.Мөнхболд хэлэхдээ “Зөвшөөрөлгүй газар ШТС барьж эхлэхэд нь л бид очиж акт бичээд торгож, лацдаад, цахилгааныг нь таслуулж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоодог. Гэтэл хэдхэн хоногийн дараа бидний тавьсан лацыг өөрсдөө аваад дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг. Ер нь манайхаас Нийслэлийн газрын албанд ШТС-ын газар олголт дээр дүрэм журмаа эргэж хараад, аюулгүйн зай хэмжээг нь судалж байж газраа олгохыг анхааруулж, жил бүр албан бичиг явуулдаг. Гэтэл эмх цэгцгүй орон сууц, албан газарт, гэр хороололд ойрхон ШТС-ууд бий болсоор байгаа. Өнгөрсөн долоо хоногт Улсын комисс хүлээж аваагүй байхад зөвшөөрөлгүй ажиллаж байгаа нийт 36 шатахуун түгээх станцуудаар явж хяналт шалгалт хийж, бүгдийг нь торгоод, лацдаад үйл ажиллагааг нь зогсоосон. Одоо бараг эхнээсээ эргээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байгаа байх. Бид даанч өдөр болгон эргэж тойроод байх боломжгүй. Өнгөрсөн жил мөн л тухайн газруудад шалгалтаар явж, хааж байсан. Гэтэл энэ жил очиход зөрчлөө арилгаагүй байж дахиад үйл ажиллагаагаа явуулж байсан. Эдгээр газруудын ихэнх нь газар олголттой холбоотой буюу аюулгүйн зайн хэмжээ алдагдсан газрууд байдаг” гэлээ.
Үүнээс үзэхэд, Мэргэжлийн хяналтынхан удаа дараа торгууль тавиад л өнгөрөх үүрэгтэй, эрхтэй бололтой. Мэдээж шатахуун импортлогчдын хувьд торгуулийн мөнгө олж байгаа ашгийн хажууд өчүүхэн төдий болохоор хууль зөрчөөд байдаг хэрэг. Энэ мэт том толгойтой газруудын ард талд нь өмгөөлж хамгаалаад байдаг эрх мэдэлтэй хэн нэгэн байдаг нь тодорхой. Түүнээс лацдаад явж байхад өөрсдөө лацыг нь аваад ажиллаж байна гэдэг бол жижиг асуудал биш. Энэ мэт хуулийг уландаа гишгэн дур зоргоороо аашилж болдог юм бол энэ олон төрийн байгууллага байх хэрэг юу байх билээ. Бид НМХГ-аас гараад Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн гэр хороололд айл, гэр, албан байгууллагатай хаяа нийлсэн хэд хэдэн ШТС-аар орлоо. Гэтэл ШТС нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ажиллаж байгаа эсэхээ ч мэдэхгүй хэдэн түгээгчид угтсан юм. 32-ын тойргийн гэр хороолол дунд байрлах “Магнай трейд” зэрэг хэд хэдэн компанийн шатахуун түгээх станцуудтай бөөрөө нийлүүлэх шахам ойрхон хаяа дэрлэн томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Эргэн сануулахад, хэдхэн жилийн өмнө Улсын комисс хүлээж аваагүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Бөмбөгөр” худалдааны төв шатахад иргэдийг хохиролгүй болгох үүднээс татвар төлөгчдийн мөнгийг эзнээс нь зөвшөөрөл авалгүй цацсан. Энэ мэт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх биш одоо л хараа хяналтыг чанга болгох хэрэгтэй байна.
Шатахуун түгээх станцуудыг хаяа дэрлэн амьдарч байгаа хүмүүс хэлэхдээ “Гадаа гарч амрахад бэрх, байнгын шатахууны үнэр үнэртээд, энэ хавийг амьсгалах аргагүй болгодог. Тэгээд ч бараг гэрийн үүдэнд байгаа болохоор бид тэсрэх бөмбөг дэрлээд унтаж байгаатай ялгаагүй орчинд амьдарч байна. Сүүлийн үед энд тэнд ШТС дэлбэрлээ гэж сонсогдоод нойр ч хүрэхээ байлаа” хэмээн бухимдан ярих юм билээ. Одоогоор аймшигт осол гараагүй байгаа ч хэзээ мөдгүй гарч болох боломж бололцоог шатахууны бизнес эрхлэгчид хаа сайгүй бүрдүүлээд байна.
Шатахуун түгээх станц бүрийн гадаа “Ил гал гаргахыг хориглоно” гэсэн сүржин анхааруулга байдаг. Гэхдээ үүнийг мөрддөг жолооч гэж байхгүй. Хэрэв хэн нэг хэнэггүй жолоочийн татаж байгаа тамхинаас оч үсрэх юм бол ямар их аюул дагуулах билээ. Эвгүй нэг л алхам хийвэл хоромхон зуур дүрэлзэн асах болно. Тиймээс бид тэсэрч дэлбэрэх бөөн бөмбөгөн дунд аз туршин амьдарч байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ олон аюулын харанга дэлдэж буй шатахуун түгээх станцуудыг цэгцэнд нь оруулах цаг аль хэдийн болжээ.
Ж.Отгонмягмар
”Монголын мэдээ”
URL: