Шинэ ногооны үнэ ирэх сард буурна

Ойрын өдрүүдэд шинэ ургацын хүнсний ногооны үнэ өндөр байгаа тухай хэвлэлийнхэн мэдээлэх болсон. Энэ талаар тодруулахаар “Барс” захыг зорилоо. Учир нь тус захад хүнсний ногоо бөөний үнээр худалдаалагддаг болоод тэр.

“Барс” зах руу ормогц худалдагчид “Ямар ногоо авах вэ?” хэмээн татаж чангааж эхэлнэ лээ. Тэдний хэлж байгаагаар одоогоор тус захад буриад төмс нэг кг нь 1300 төгрөгийн үнэтэй аж. Харин лууван кг тутам нь 1500, манжин мөн л 1500, байцаа кг нь 1000, сонгино 3000 төгрөгийн үнэтэй байлаа. Тэгсэн хэрнээ шинэ ургацын монгол үрийн төмс нэг кг нь 800 төгрөг хэмээн лангуу дээрх ногоогоо зааж буй нь эргэлзээ төрүүлнэ. Яагаад шинэ ургацын монгол төмсийг 800 төгрөгөөр өгч буйд эргэлзсэн цөөнгүй худалдан авагч ч байсан.

Ингээд “Барс” захын ногооны тасгийн баруун буланд байрлах худалдагчтай уулзаж, цөөн асуултад хариулт авсан юм. Түүний ярьж буйгаар энэ жил бороо хур элбэг, шавар шалбааг ихтэйгээс тариаланчид ургацаа хурааж амжаагүй аж. Энэ нь шинэ ургацын ногооны үнэ өсөхөд нөлөөлжээ. Гэхдээ ирэх сарын эхээр хүнсний ногооны үнэ буурна гэв. Түүнээс одогийн борлуулж буй ногоог ямар үнээр авч, хэдэн төгрөг нэмж борлуулдгийг асуухад, кг тутамд 200 төгрөг нэмж худалддаг гэлээ.

Ер нь тус захын ногооны худалдагчид ногоогоо өдөр өдөрт нь биш, хэд хоногоор нь авч нөөцөлдөг гэж байна. Тэгээд ч зориулалтын зоорьтой учир муудна гэсэн асуудал гардаггүй гэв. Харин бусад худалдааны төвүүд дэх хүнсний ногооны үнийг “Барс” захтай харьцуулахад хоёр дахин өндөр үнэтэй аж. Тухайлбал, лууван гэхэд кг нь 2500-3000 төгрөг, манжин 1800 төгрөг, төмс 1000-1500 төгрөгийн үнэтэй байлаа.

Юутай ч нийслэлчүүдийн хувьд одоогоор яаран хүнсний ногоогоо шуудайгаар нь нөөцлөх хэрэггүй нь. Учир нь хэдий оройтсон ч хүнсний ногооны үнэ тун удахгүй одоогийнхоос кг тутамд хэд дахин доогуур үнээр худалдаалагдах юм байна.

Д.Сэлэнгэ


URL:

Сэтгэгдэл бичих