Алтны өндөр агууламжтай орд нээжээ
“Алтан Рио Минералс” компани Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дахь Хавчуу хэмээх газар алтны хайгуул, шинжилгээ хийж байгаа бөгөөд эхний өрөмдлөгийн үр дүнгээ хөрөнгө оруулагчиддаа танилцуулжээ.
Хавчуу ордын лицензийг 100 хувь эзэмшдэг “Алтан Рио” хуучин “Бороо”-гийн алтны орд байсан газраас холгүй эхний өрөмдлөгийг явуулж, алтны өндөр агууламжтай болохыг (нэг метрт 11.49 гр/тн) тогтоосон байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Эван Жонес хөрөнгө оруулагчдад зориулсан мэдэгдэлдээ “Бороогийн ордтой геологийн бүтцээр адилхан газраас бид асар олон тонн алт гаргаж авч болохуйц алтны судал нээсэн. Манай шинжээчдийн багийнхан “Сентерра Гоулд” олборлолт явуулж байсан “Бороо”-гийн алтны ордоос ердөө 10 километрын зайтай Хавчуу алтны ордод хайгуул шинжилгээг амжилттай явууллаа” гэжээ.
Эхний өрөмдлөгийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа “Алтан Рио” олборлолт явуулах дараагийн алхмыг хийхээр төлөвлөж байгаа аж. Өрөмдлөгийн дээжийг Улаанбаатар хот дахь эрдсийн шинжилгээний лаборатори “Stewart Group” болон “Actlabs Asia” шинжилж, алтны агууламж өндөртэйг тогтоожээ.
“Алтан Рио” мөн олборлолтын бэлтгэл, тээвэрлэлт болон сорьцыг шинжлэх, чанарын баталгаа гаргах хөтөлбөр гаргасан байна. 2007 онд Канадын Ванкувер хотод байгуулагдсан “Алтан Рио” компани мөн Ховд аймгийн Чандмань-Ёл уул, Хэнтий аймгийн Онон, Балж голын орчим болон Хавчуугийн ордын 153 мянган га талбайд хайгуул, олборлолт явуулах лиценз эзэмшдэг байна.
Н.Санжаасүрэн
URL: