Н.Энхбаярын биеийн байдал муудаж, ухаан алджээ
Н.Энхбаярын бие өчигдөр 21 цагийн үед эрс муудан ухаан алдаж унасан байна. Тэрбээр өмнө нь хоригдож байх хугацаандаа 11 хоногийн турш хуурай өлсгөлөн зарлаж, батлан даалтад гаргаад муудсан эд эрхтнийг эргэн сэргээх эмчилгээ тууштай хийж байсан ч Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр дөрвөн жилийн хорих ял оноосон. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорьсны улмаас эмчилгээ тасалдан, бие нь эрс муудан ухаан алдахад хүрчээ. Түүний биеийг сэргээж, нөхөн төлжүүлэхийн тулд байнгын идэвхтэй хөдөлгөөн, өндөр агууламжтай хүчилтөрөгч шаардлагатай байгаа аж. Түүний бие эрс муудан ухаан алдсан явдал нь дахин гарвал эргэн сэргэх баталгаа байхгүй гэх эмчийн дүгнэлт гарчээ.
Олон улсын гэрээ конвенцид улс төрийн хоригдол олон хоногоор өлсгөлөн зарласан бол нөхөн сэргээгдэх эмчилгээг тасалдуулахгүй байх гэсэн заалт байдаг. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнийн шийдвэрээр түүний эмчилгээг таслан хорьсон явдал амь насыг нь хөнөө гэсэнтэй адил гэж үзэж байгаа юм байна. Хэрэв МАХН-ын дарга Н.Энхбаярын амь насанд аюул тохиолдвол түүний ар гэрийнхэн С.Соёмбо-Эрдэнэ шүүгчээс амийг нь нэхнэ гэдгээ илэрхийлэв.
Одоогийн байдлаар Н.Энхбаярын бие дээрдээгүй байгаад хорих 461 дүгээр ангийнхан сандарсан байдалтай байгаа юм байна. Эмч дуудан байнгын хяналтад байлгаж байгаа аж.
Б.БӨРТЭ
URL: