Алтан дээр сандайлсан Засаг ноён

Монголчууд бүү хэл дэлхий нийт анхаарлаа хандуулах болсон Өмнөговь аймгийн Засаг ноён Б.Бадраа гэж хэн бэ. Өнгөрөгч оны сонгуульд нэр дэвших ноёдын тоонд зүй ёсоор багтаад байсан тэрбээр үнэнч хамтрагч Д.Бат-Эрдэнэдээ намынхаа ганц тойргийг ханцуй дотроо наймаалцан, нэрээ татсан билээ. Энэ эрхэм Монголын хамгийн баян Өмнөговь аймгийн Засаг дарга болтлоо өдий хүртэл юу хийсэн талаар нэхэн сурвалжиллаа. Эзэмшсэн мэргэжил, сурсан сургууль гэж шальтай зүйл түүний намтарт цөөн. 1959 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Сумын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, улмаар УБДС /МУБИС/-ийг математикийн багшийн курсийг төгсч, сумын сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлжээ. Үүнээс хойш аймгийнхаа гурван ч сумыг дамжин багшилжээ. Математикийн багш гэсэндээ мань эр тэр чигээрээ багшийн мэргэжил хөөх нь явцгүйг ухаарсан бололтой. 23 жил боловсролын салбарт ажиллахдаа сүүлийн 10 гаруй жилд нь тушаал ахин, Ноён, Хүрмэн, Баяндалай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын суудалд тухалжээ.

Ийнхүү зөөлөн суудал таатай санагдсан сургуулийн захирал дороосоо алт ундарч буй баян нутагт төрснийхөө хэргийг гаргахаар зориг шулуудсан гэдэг. Өөрөөр хэлбэл, эрдэм номын ажлаасаа хөндийрөн 2006-2008 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллажээ. Түүнчлэн Б.Бадраагийн гэргий Өмнөговийн төв Даланзадгад сумын Тамгын газрын даргаар тасралтгүй найман жил ажилласан нэгэн. Төрийн албанд зүтгэснийхээ хүчээр багагүй хөлжөөд авсныг ярих хүн цөөнгүй. Тухайлбал, аймгийнхаа ганц ундны усны эхэнд дээд зэрэглэлийн хаусаа сүрлэг хашаагаар тойруулан ёстой л засаг ноёны дүрээр амьдардаг бол аймгийн төвөөсөө хойш 40 орчим километрт байх томоохон жуулчны баазыг ч худалдаад авчихсан аж. Үүгээр ч зогсохгүй эхнэр нь ажлаа өгч, аймгийнхаа банк байрлаж байсан байрыг 100 саяар худалдан авснаар “Green Castle” нэртэй дээд зэрэглэлийн ресторан байгуулж нутгийнхан болон буугаад мордсон томчуудад тусгайлан үйлчилдэг байна. Ингээд ч зогсохгүй охин нь Богд уулын хормойд тансаг хауст тухалдгаас гадна “Голомт” хотхонд байрладаг томоохон ресторан ч түүний нэр дээр байдаг аж. Харин хүү нь Хятад, Монголын хөрөнгө оруулалттай “Дардан говь” компанийн “далд” удирдагч гэнэ. Ийнхүү ёстой л алтан дээр сандайлсан ноёны дүрийг бэлхнээ харуулдаг Б.Бадраа дарга өмнөх Засаг дарга нарын хийгээгүйг хийж яваа хэмээн цээжээ дэлддэг ч дөрвөн жилийн хугацаанд засаг ноёны суудалд залрахдаа хэдэн орд газруудаа гаднынханд худалдаж, гар хөлийн үзүүрийнхээ хүмүүсийг гайгүй сайн дээшлүүлсэн сураг бий.

Түүнчлэн 2009, 2010 онд арван захирамж гаргаж, 500 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авсан. Ингэж хагас тэрбум төгрөгөөр тансаг хэрэглээний. өндөр үнэтэй машин худалдан авахдаа тендер зарлаагүй гэх мэт Б.Бадраагийн хуудууг өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд хангалттай бичсэн билээ.

За тэгээд 2009 онд Татварын ерөнхий газрын шалгалтаар түүний банкин дахь хувийн дансанд 2004-2009 оны хооронд 831.8 сая төгрөг орсон, мөн 2008 оны аравдугаар сарын 1-нд “Таван толгой транс” ХХК-иас 12 сая төгрөгийн зээл авсныг илрүүлжээ. Түүнчлэн 2009, 2010 онд Гашуун Сухайт болон бусад тусгай хамгаалалттай газруудад газар эзэмших тусгай зөвшөөрлийг дур мэдэн олгосон нь баримтаар дэлгэгдсэн нь ч бий. Угтаа тамга, тэмдэг үйлдэн тусгай зөвшөөрөл олгох нь Засаг даргын эрхлэх асуудалд багтдаггүй. Гэтэл тэрбээр их баялгийн эзэн, гадна дотнынхны ивээлд орж, ойр дотно байдаг гэдэг утгаараа даргын буурь зааж, болох болохгүй албан бичиг мутарладаг нэгэн болж хувираад буй. Түүний эл байдал дандаа ханцуйн дотор явагдсан уу гэвэл үгүй. Монголын томоохон нам, өдгөө засгийн эрх баригч АН-ын томоохон санхүүжүүлэгч, нөлөө бүхий нэгэн гэдэг утгаараа өнгөрсөн хугацаанд дээр хэсэгчлэн дурдсан хууль бус үйлдлүүдийнхээ төлөө хууль шүүхийн байгууллагад дуудагдсан. Гэсэн хэдий ч ардчилсан Ерөнхийлөгчийн заавар, түүний удирдлагуудыг нь биечлэн томилдог АТГ засаг ноёны хуудууг нэг бус удаа шалгасан ч өдгөө хэрэгсэхгүй болгон хаагаад буй. Ийнхүү “хэчнээн их оролдох тусам чинь хэт өндөрт дүүлэх болно” хэмээн хууль шүүхийнхэнд ёстой л халаасандаа салаавч гаргаж суудаг хазааргүй засаг ноёны хуудуу хэдий болтол үргэлжлэхийг харах л үлдэж байх шив.

М.Өнөржаргал

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих