Хотын гэрэлтүүлгийг хэн ”хулгайлав”

Сүүлийн жилүүдэд нийслэлийн төсвөөс дүүрэг бүрт тэрбум төгрөг “бэлэглэж” байгаа. Энэ онд бүр хоёр тэрбумыг өгсөн сураг байсан. Тэр их мөнгийг тохижилт, ногоон байгууламж байгуулахад зориулах даалгавар өгсөн байх учиртай. Зарим дүүргүүд энд тэнд бичил цэцэрлэг байгуулж, таримал зүлэг ургуулж байгаа. Яах вэ, хотын өнгө үзэмжинд нэмэр болж л байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр ойрын үед хотын гэрэлтүүлэг алга болж, худал хэлсэн хүнд харанхуйд автах болчихоод байна. Наад захын жишээ гэхэд, 13 дугаар хорооллоос Багшийн дээд хүртэл төв замын гэрэлтүүлэг огт байхгүй болсон.

За гэр хорооллын харанхуй гудамжийг дурьдах ч юм биш. Уг нь өнгөрсөн жил Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийнхэн өчнөөн сая төгрөг үрэн таран хийж, энд тэндгүй гэрлэн чимэглэл хийгээд байсан санагдаж байна. Гэтэл өнөөх чимэглэл нь битгий хэл үндсэн гэрэлтүүлэг нь асахгүй, хот харанхуй оргиж эхлээд байна шүү дээ. Өнөөдөр амтай болгон хотын гэрэлтүүлэг хаачсан талаар ярьж байна. Өнгөрсөн жил гэхэд нийслэлийн том том албаныхан хотын гэрэлтүүлэг сайжирч, хуучин гэрлийг нь лед гэрлийн шилээр сольж байгааг ам уралдан ярьж, гайхуулаад байсан. Үрж зарсан олон тэрбум төгрөгөө ч гайхуулахаа мартаагүй. Бараг л бүх гэр хороолол гэрэлтүүлэгтэй болж, харанхуй гудамж үлдээгүй гээд байсан. Гэтэл одоо бол байдал эсрэгээрээ эргэж, хотын төв гэрэлгүй болчихоод байна. Албаны хүмүүс нэг орой зориуд гадуур яваад үзэхэд гэмгүй байх. Энд тэндгүй төв замын гэрэлтүүлэг унтарч, харанхуй оргиж байх вий. Энд нэг асуулт гарч ирээд байгаа юм. Хотын гэрэлтүүлэг хаачив. Нөгөө алсаас удирддаг гэрэлтүүлгээ оройд нь хэсэгчилж унтрааж, тог хэмнээд байгаа юм уу. Эсвэл халагдаж, солигдож байгаа дарга нар нь албан тушаалаа өгөхдөө үнэтэй гэрлийн шилийг нь тайлж аваад явчихсан юм биш биз дээ.

Манайхан бол магадгүй л байх. Шинэ Засаг дарга сонгогдох сургаар нийслэлийн газрын албан дээр мэргэжилтнүүд нь бужигнаж, энд тэнд газар хямдхан зарж, халагдахаасаа өмнө халаасаа бага ч болов түнтийлгэх аянд гарч байсан сураг дуулдсан. Сураг ч юу байх вэ дээ. Тэр хавьд ажилладаг танил маань л ам алдахгүй юу. Манай төрийн албан хаагчид ийм сэтгэлтэй, сэтгэхүйтэй ажиллаж байна. Ердөө л дөрвөн жилийн дотор улсын хөрөнгийг идэж, ууж, баяжиж авчихаад, дараагийн удирдлага ирэхэд зайгаа тавих бодлоготой. Энэ жишгээр бодоод үзвэл эрхэм дарга нар зөөлөн суудлаа тавьж өгөхдөө, лед-н гэрлээ аваад явчихсан ч байж магадгүй юм. Ямар ч байсан хотын төв энд тэндээ харанхуй оргиж байгаа нь л үнэн байна.

Шинэ дарга, удирдлагууд хотын гэрэлтүүлэг, чимэглэлд хэдэн тэрбумыг үрж, хэдийг нь халаасалсныг нэг шалгаад үзэхэд гэмгүй биз. Магадгүй ялзарсан сэтгэхүйтэй алба хаагч, дарга нарын гэрт нь лед-н гэрэл үй олноороо байх ч юм бил үү, хэн мэдлээ. Байвал авчраад гудамжны гэрэлтүүлгээ асаачихвал аятай юу. Ядаж хотын төвөөр явахдаа гэрэлтэй гудмаар алхмаар л байна шүү дээ.

Н.Пунцагболд

”Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих