Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва нар “тендер”-ийн агентлагийг булаацалджээ

Шинэ Засгийн газар яамдын тоог нэмж, агентлагуудыг цөөлөх зэрэг багагүй өөрчлөлт хийхээр зэхэж байна. Хамтарсан Засгийн газар тул эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр “бялуу” хувааж байгаа юм. Өмнө нь Засгийн газрын тохируулагч 12, хэрэгжүүлэгч 31 нийт 43 агентлагтай байсан бол энэ удаа тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17 нийт 28 агентлагтай байхаар тогтож байна.  Өөрөөр хэлбэл 15 агентлагийг татан буулгаж, хариуцах ажлыг нь салбарын яам, бусад агентлагуудад хуваарилхаар болов.

Харин ганцхан Худалдан авах ажиллагааны газрыг шинээр нэмж буй. Энэ нь өнөөх тендер гэгч хүний нүд ороод салдаггүй асуудлыг дангаараа хариуцах газар. Урьд нь тухайн яам нь өөрөө тендерээ мэддэг байсан бол одоо Худалдан авах газар нь төсвийн мөнгөөр явагдах бүх тендерийг гартаа атгах юм.

Сангийн яамаас ч илүү мөнгөний эрх мэдэлтэй байх тул АН, “Шударга ёс” эвсэл аль аль нь энэ агентлагт өөрийн хүнээ томилох хүсэлтэй байгаа. Анх тохироо хийхдээ Худалдан авах ажиллагааны газрыг М.Энхсайхан толгойлохоор яригдаж байгаа Сангийн яаманд хариуцуулна гэж “Шударга ёс”-ынхон зүтгэжээ. Гэсэн ч тохирч чадалгүй Н.Алтанхуяг ерөнхийлөгчид хуулийн төслөө өгөхдөө өөрийнхөө харьяанд оруулсан. Харин үүнийг нь “Шударга ёс” эвслийнхэн зөвшөөхөргүй байсан тул өчигдөр бүлгийн хуралдаа Н.Алтанхуягийг дуудаж ихэд ятгажээ. Нэгэнт Сангийн яаманд тендерийн агентлагийг өгөхгүй гэсэн тул өөр арга сэдэж Д.Тэрбишдагва очихоор яригдаж байгаа шадар сайдад хариуцуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл Д.Тэрбишдагва хамтарсан Засгийн газраас жижиг хэрнээ хамгийн “амттай” хэсгийг нь хүртэх гэж байгаа энэ.

Ордон доторх хүмүүс сүүлийн өдрүүдэд энэ асуудлыг л ярьж байгаа бөгөөд хэн энэ газрыг хариуцах вэ гэж чих тавин хүлээж байгаа юм. Учир нь тендерийн агентлагын дарга болохын тулд сүү, мөнгө хадгаас авахуулаад бас бус юмаа барьж гүйх хүн олон байгаа. Н.Алтанхуягийг Худалдан авах ажиллагааны газрыг өөрөө хариуцах сургаар цөөнгүй хүн тэдний өрөөний үүдээр эргэлдэж байжээ. Гэтэл энэ нь Д.Тэрбишдагвад шилжихээр болж байгаа тул ёстой хэн мөнгөтэй, хоншоортой нь тендерийн агентлагийн даргаар очно доо хэмээн ярьцгааж байна. Эхнээсээ мөнгө, төгрөг, наймаа үнэртүүлж эхэлсэн энэ агентлаг тендерийн асуудлыг нэг газар төлвлөрүүлж, цэгцлэх мэт харагдаж байгаа ч өнөө авлигал гэгчийн үүр уурхай болох тун магадлал өндөртэй болж байна.

Д.Тэрбишдагва чухам ямар тохироо хийж энэ агентлагийг шадар сайдад хариуцуулах болсон нь тодорхойгүй. Намын даргаа орхиж шадар сайд болох гэж зүтгэлээ гэсэн хэл аманд өртөөд байгаа тэрбээр энэ яриаг үл хэрэгсэн эвсэлдээ хамгийн “хаялагатай” газрыг авч өгч байна. Бас өөрийнх нь ч эрх мэдэл тэлж байна.

Шинэ Засгийн газраас дараах агентлагууд татан буугдана:
- Эрчим хүчний газар,
- Ойн газар,
- Усны газар,
- Соёл урлагийн хороо,
- Биеийн тамир спортын газар,
- Төмөр замын газар,
- Авто замын газар
- Жижиг дунд үйлвэрийн газар,
- Эрүүл мэндийн газар,
- Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо,
- Төр засгийн үйлчилгээ аж ахуй эрхлэх газар,
- Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар.

Т.Гэрэл

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=59784


URL:

Сэтгэгдэл бичих