Монголчууд төрөө хятадаар удирдуулж байна уу
УИХ-аас бүх аймгуудын төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох, иргэдийн талаас илүү хувь нь амьдран суугаа Улаанбаатар хотын авто замыг шинэчлэх асуудалд онцгой анхаарч, Засгийн газарт баталгаа гаргахыг зөвшөөрсөн билээ. Тэр баталгааг үндэслэн Хөгжлийн банк хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж замын компаниудтай төсөл санхүүжүүлэх гэрээг байгуулан ажил эхлэхэд бэлэн болсон.
Гэтэл энэ төслийг санхүүжүүлэх гэрээг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тус яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр нар батлалгүйгээр өнөөдрийг хүрсэн нь багагүй хэл ам татлаад байгаа аж. Уг нь Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яам, Авто замын газраас гүйцэтгэгч шалгаруулах тендерийг зарлаж, хөдөө орон нутагт болон Улаанбаатар хотод хэрэгжих авто замын барилга угсралтын болон зураг төслийн нийт 37 гэрээг 2012 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр байгуулж, тэдгээрийн санхүүжилтийн гэрээг Сангийн яаманд батлуулахаар хүргүүлжээ. Гэвч Сангийн яамны холбогдох дарга нар БНХАУ-ын “Эйч Ки Би интернэйшнл” компанитай байгуулсан Тариалан-Мөрөн чиглэлийн 79 км замын “Төсөл санхүүжүүлэх гэрээ”-нээс бусад бүх гэрээг баталж өгөхгүй байсаар зам барилгын ажлын технологийн богинохон хугацаа дуусах тийшээ ханджээ.
2011 онд Сансарын шатахуун түгээх станцаас Дамбадаржаа хүртэлх 6.5 км зам, Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлангийн гүүр хүртэлх 12.7 км замыг дээрх компани гэрээт хугацаанаасаа хоцроон барьсан. Тэр зам нь , нэг жил хүрэлгүй ховхорч унасан байдаг. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мэдээлэгдэж байсан. Ийм байтал тус компанийг онцгойлон үзэж санхүүжилтийн гэрээг нь баталжээ. Үүнийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр гардан гүйцэтгэсэн гэх яриа газар аваад байна.
“Төсөл санхүүжүүлэх гэрээ” нь батлагдаагүй үлдсэн бусад компаниуд нь үндэснийх байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тэдний гэрээг удаан хугацаанд дарсаны эцэст Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн наймдугаар сарын 09-ний өдрийн 2/3963 албан тоотоор Хөгжлийн банкинд буцаасан болохыг үндэсний компаниуд саяхан мэджээ. Тус албан тоотод хоёр үндэслэлээр бусад гэрээг батлахаас татгалзсан байх юм.
Нэгдүгээрт, Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хооронд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээ бий. Энэ гэрээ нь “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх ерөнхий гэрээний нөхцлийг тохиролцох тухай” юм. Дээрх гэрээний хавсралтаар баталсан “Төсөл санхүүжүүлэх загвар гэрээ”-нд тусгагдаагүй 1.4.1, 1.8 зэрэг заалтуудыг нэмсэн гэж тайлбарлажээ.
2012 оны долдугаар сарын 2-ны өдөр Д.Баттөрийн баталсан, БНХАУ-ын “Эйч Ки Би Интернэйшнл” компанийн зам барилгын ажлын 3А3Б-2012-48 тоот “Төсөл санхүүжүүлэх гэрээ”-нд дээрх нэмсэн гэж үзсэн 1.4.1, 1.8 дахь заалтууд нь бүгд байсан байна. Хятад компанитай байгуулсан гэрээгээр санхүүжилтийн төлбөр, үндсэн болон хүүгийн төлбөрийн талаар заалт оруулж баталсан атал үндэсний компаниудын гэрээнд тэдгээр заалтыг тусгахгүй хэмээн Санийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдийгээд байгаа аж. Харин үндэсний компаниуд түүнийг БНХАУ-ын компаниуддаа найр тавьж дотоодын компанид болохоор хатуурхаж байгаагийн цаад учрыг олохгүй байгаа гэнэ. Яагаад ийм хууль бус шийдвэр гаргаад байгааг нь тус яамныхнаас асуухад тоймтой хариу өгөөгүй байна.
Түүгээр ч барахгүй Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг 7.34 хувь гэж заасныг хэт өндөр хэмээн 6.75 хувь байх ёстой. Энэ нь үндсэн гэрээний нөхцөлтэй зөрчилдөж байна гэж тэрээр албан бичигтээ дурджээ. Харамсалтай нь түүний баталсан БНХАУ-ын “Эйч Ки Би Интернэйшнл” компанийн замын гэрээний 1.4-т “…санхүүжилтийн хүүгийн хувь жилийн 7.34 байна” гээд заасан байх юм. Хүүг 7.34 гэж тогтоосон нь тус компани ажлаа гүйцэтгэсний дараа Хөгжлийн банк мөнгийг нь ийм хүүгээр буцаан төлнө гэсэн үг. Нэг үгээр хэлбэл хүү өндөр тогтоогдсон тул БНХУ-ын компанид их хэмжээний мөнгө улс төлөх болчихоод байна.
Хятадын компанид жилийн 7.34 хувийн хүүгийн зардал төлөхийг зөвшөөрсөн мөртлөө Монголын компаниудад болохоор бага хувийн хүү төлөхийг шаардаж мэдэгдэл ирүүлжээ. Гадаадын компани санхүүжүүлсэн ажлынхаа өртөгийг өндөр хүүтэй буцааж авах бол дотоодын компани бага хүүгээр замд зарцуулсан мөнгөө бодож улсаас авах нь. Тэгэхээр Төрийн нарийн бичгийн даргын энэ ялгаврлан гадуурхалт хэрээс хэтэрсэн үйлдэл гэж шүүмжлэх ч хүн байгаа юм.
Ийнхүү санхүүжилтийн дүн, замын чиглэл болон уртаас бусад нь яг адилхан зүйл заалттай Төсөл санхүүжүүлэх гэрээнүүдэд яагаад ийнхүү ялгавартай хандсаныг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах бизээ. Ид хийгдэх ёстой ажлууд төрийн байгууллагын ганц хоёрхон эрх мэдэлтний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хугацаа алдаж хойшилж байхад тооцдог хариуцлага гэж өнөөдөр алга.Төрийн ажилд зарчим барьж бус өөрийн үзэмжээр ханддаг, үндэсний бүтээн байгуулагч компаниудыг алагчилж үздэг эдгээр хүмүүс төрийн албан хаагч уу эсвэл Хятад компанийн төлөөлөл үү…
Г.ЯЛГУУН
Short URL: http://sharmedee.mn/?p=13965
URL: