Голомт банкны азтай харилцагчид Грек, Парис явах эрхээ гардлаа

Голомт банкны харилцагчдын дунд 2 сар гаруй хугацаанд явагдсан “Лондон 2012” сугалаат аяны азтанууд өнгөрсөн ням гаригт тодорч өчигдөр шагналаа гарджээ. Тэд газар дундын тэнгисийг усан онгоцоор гаталж, Грект зочлохоос гадна Ази, Европын орнуудаас аль дуртайгаа сонгон аялах юм.

Олимпийн наадамд амжилттай оролцож ирсэн Монголын баг тамирчдын Алтан түншээр ажилласан Голомт банк МҮОХ-оор дамжуулан баг тамирчиддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна Олимпийн наадмын үеэр харилцагчдынхаа аз одыг сорьдог уламжлалтай. 2012 оны 5-р сарын 25-наас 8-р сарын 12-ны хооронд явагдсан тус банкны “Лондон 2012 “ сугалаат аяны хүрээнд 5 азтан тодорч өчигдөр шагналаа гардлаа.

Хадгаламж шинээр нээлгэсэн болон хадгаламжиндаа орлого нэмсэн, картаар болон интернэтээр гүйлгээ хийсэн, Easy Info үйлчилгээ шинээр нээлгэсэн Голомт банкны харилцагчид энэхүү сугалаат аянд хамрагдсан бөгөөд тэдний дундаас тодорсон 4 азтан болох П.Октябрь, Д.Манлай, М.Хорлоо болон Войт Турбо компанийн төлөөллүүд гэр бүлийн гишүүний хамт аялалын маршрутаа зохион Ази, Европын орнуудаас аль дуртайгаа сонгон аялах эрхээ өчигдөр гардан авсан бөгөөд тэд бүгд Парис явах аялалыг сонгожээ. Харин хамгийн азтай харилцагч болох С.Намуунцэцэг гэр бүлийн хамт газар дундын тэнгисийг усан онгоцоор гаталж, Грек оронд аялах юм.

Голомт банкны азтануудыг аятай тухтай, дурсамж дүүрэн аялуулах хариуцлагатай үүргийг аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч Нью Жуулчин Турс компани хүлээж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих