МАН-ынхан ганц боломж дээрээ “зодоон”-той байна
Нийслэлийн Монгол ардын намын хорооны хурал өчигдөр нэлээд ширүүхэн уур амьсгалтай болж өндөрлөлөө. Мэдээж энэхүү хурлаар хэлэлцсэн хамгийн том асуудал бол нийслэлийн МАН-ын хуучин удирдлагад хариуцлага тооцож, шинэ удирдлагуудыг сонгох тухай байв.
Учир нь өнгөрөгч их сунгаанаар үеийн үед улаан тугаа намируулж ирсэн тус намынхан нийслэлчүүдийн итгэлийг авч чадаагүй. Тийм ч учраас ирэх орон нутгийн сонгуульд тус намынхан нэлээд ач холбогдол өгч буй. Тэр утгаараа дараагийн сонгуулийн гол цөм болсон энэхүү хороог чухам хэний гарт атгуулах нь нэн чухал. Тэгж гэмээнэ бөхийсөн туг эргэж сэргэх магадлалтай. Нэг үгээр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн ялалтыг хаяглахын тулд улс төрийн туршлагатай, хариуцлагатай хүнийг “хоймортоо” залах нь цорын ганц зам гэдэг нь бодит үнэн.
Харин “хөшигний цаана” МАН дахь хотын фракцийнхан нийслэлийн МАН-ын хороог өөрсдийн болгох нь Ардын нам дахь байр сууриа хадгалж үлдэх ганц боломж нь юм. Учир нь энэ удаагийн хотын төлөөх марафон намын дарга асан С.Батболд, Шадар сайд М.Энхболд нарын фракциудын дунд ширүүхэн өрнөлөө.
Өдгөө сөрөг хүчин дэх эрх мэдэл, албан тушаал горилох ганц обьект нь нийслэлийн МАН болоод байна. Зүй нь С.Батболд, М.Энхболд хоёрын фракци УИХ, нийслэлийн ИТХ-д аль алинд нь ч ялалт байгуулж чадаагүй.
Тиймдээ ч луухгаруудын фракци үлдсэн ганц боломжийн төлөө ийнхүү дорвитой тэмцсэн хэрэг. Тэдэнд нэгэнт УМХ болон хотын парламентад орон зай үлдээгүй. Зөвхөн сөрөг хүчний “дүр”-д тоглох л үүрэг ногдож буй. Харин ирэх орон нутгийн сонгуулийн ялалтыг мөрөөдөж, үлдсэн ганц боломжийн төлөө зүтгэж үзэхээр шийдсэн дэг шүү.
Ямартай ч энэ удаагийн “олимпийн найдвар” буюу дараагийн шатны сонгуулийн түүчээг намын зүгт эргүүлэх шаанстай гэгдэх таван эрхмийг уржигдар хуралдсан намын Удирдах зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлсэн. Үүнд, Ерөнхий сайд асан С.Батболдын фракци хавиас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нарыг эл суудалд зүтгүүлж буй.
Харин М.Энхболдын буюу хотын фракциас УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй нарыг халз тулаанд илгээжээ.
Ийнхүү хаалттай хаалганы цаана иймэрхүү “драм” тавигдаж, харин танхим дахь гишүүд дэмжигчид нэр дэвшигчдээс сэтгэлийн үгийг нь асууж лавласан юм байх. Зүй нь горилогчид энэ удаагийн НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн намаа хэрхэн ирэх жилүүдэд ялалт авчрах хүртэл ажиллах, анхан шатанд ямар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх талаарх илтгэл тавих аж. Тиймээс энэхүү бодлогод үндэслэн намын анхан шатны байгууллагынхан саналаа өгч, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар хэлэлцэн даргаа тодруулах мэдээтэй байв. Ингэхдээ аль ч шатанд санал хураалтыг нууцаар явуулах аж.
Харин 18.00 цагийн үед тус хурлыг завсарлуулж, намын Удирдах зөвлөл дахин хуралдахаар болсон юм. Энэ хурлаар мөн л нийслэлийн МАН-ын хорооны даргад хэн, хэнийг нэр дэвшүүлэх тухай хэлэлцсэн мэдээ сонстож байв. Учир нь энэ удаагийн тус хорооны хуралд оролцсон 127 хүнээс даргын суудалд өрсөлдөх хүмүүс олдож буйг тодотгосон аж. Тиймээс уржигдрийн хурлаар товлосон таван нэр дэвшигчийг цөөлөх асуудлаар ийнхүү Удирдах зөвлөлийнхөн дахин хуралдсан байна. Ийнхүү дугаар буух мөчид тус хурлаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэсэн мэдээтэй байв.
Дашрамд дуулгахад, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан тус хорооны хурлын завсарлагаанаар болж өндөрлөлөө. Тус хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. Гэвч шинэ гүйцэтгэх засаглалын бүтцийн асуудалд тус бүлгийн гишүүд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх төсөлтэй холбогдуулан саналаа нэгтгэж, хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн үзжээ.
О.Сэлэнгэ
URL: